Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

Интермед эмнэлэг телемедицин буюу зайнаас анагаах, оношлох үйлчилгээ үзүүлж байна

СУРТАЛЧИЛГАА
2020 оны 2 сарын 17
Сурталчилгаа

Интермед эмнэлэгийн яаралтай тусламжийн болон зайн оношилгооны төвийн эмч М.Батсуурьтай ярилцлаа. Гадаад орныг зорьж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан өвчтөнүүдийн 87 хувь нь яг үнэндээ гадаад руу явах шаардлагагүй байсан гэх судалгаа гарсан байдаг аж. Яг энэхүү асуудлыг шийдэхэд телемедицин буюу зайнаас оношлох арга хамгийн үр дүнтэй гэгддэг. Ингэснээр онош тодорхойгүй иргэд заавал гадаад орныг зорих шаардлагагүй болж байгаа юм.


 

-Зайны оношилгоо, эмчилгээний телемедицин гэдэг нэршил манай уншигчдад тийм ч танил биш. Энэ эмчилгээний арга хэдийнээс анагаах ухаанд нэвтэрсэн бэ?

-Дэлхийн хоёрдугаар дайны үед фронтод ажиллаж байсан эмч нар зөвлөгөө авах зорилгоор анх хөгжиж суурь нь тавигдсан. Тухайн морз кодыг ашиглаж нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч байжээ. АНУ-д алслагдмал байршилтай бүсийн эмнэлэгүүд том хотын төв эмнэлэгээс зөвлөгөө авахын тулд телемедицинийг хөгжүүлсэн түүх бий. Харин өдгөө мэдээлэл технологийн эрин үед эрчимтэй хөгжиж байна. Телемедицин гэдэг нь зайнаас анагаах, оношлох гэсэн утгыг агуулах бөгөөд харилцаа холбоо болон мэдээллийн технологийг ашигладаг гэдгээрээ онцлог. Үгийн хувьд телемедицин гэдэг нь теле-анагаах ухаан гэсэн утгатай.

-Хамгийн чухал ач холбогдлыг нь дурдахгүй юу?

-Телемедицин үйлчилгээг хөгжүүлснээр тухайн өвчтөнд ямар эмчилгээ нэмж хийх, одоогийн эмчилгээ нь таарч байгаа эсэх цаашлаад эмчилгээний төлөвлөгөөг өөрчлөх зэрэг энгийн зүйлээс авахуулаад өргөн цар хүрээтэй зөвлөх үйлчилгээг гадаадын болон өөрийн улсын өндөр  ур чадвартай эмч нараас авах боломжтой. Ингэснээр өвчтөндөө оновчтой эмчилгээг үр дүнтэй хийх боломж бүрдэнэ. Монголчуудын хувьд оношоо тодруулах, хагалгаа хийлгэх болон тухайн эмчилгээг үргэлжлүүлэх шаардлагатай эсэхээ мэдэхийн тулд гадагшаа явдаг. Зарим тохиолдол ямар ч шаардлагагүй хэрнээ гадагшаа явж эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирсон байдаг.  Яг үнэндээ монголд оношлохгүй өвчин гэж ховор. Зарим тохиолдолд  тоног төхөөрөмж зэргээс шалтгаалж эмчлэхэд төвөгтэй өвчнүүд бий. Энэ тохиолдолд телемедицинийг ашиглаж асууж тодруулах нь цаг хугацаа болон санхүүгийн хувьд үр ашигтай. Бас нэг давуу тал нь гадаадын ур чадвартай, нарийн мэргэжлийн эмч нараас нарийвчилсан зөвлөгөө авах  боломжтой. Манайх шиг өргөн дэлгэр нутагтай, сийрэг хүн амтай улсад үр өгөөжтэй гэж боддог.

-Телемедициний үйлчилгээг авах эсэхийг хэрхэн шийддэг вэ?

-Эхлээд тухайн өвчтөн  эсвэл ар гэрийхэнтэй  уулзалт хийж, асууж ярилцан, шаардлагатай бол нарийн мэргэжлийн эмчид үзүүлж  бүрэн мэдээллийг авснаар телемедицины үйлчилгээ энэ хүнд хэр үр дүнтэй тохиромжтой байх талаар дүгнэж шийдвэр гаргана. Дараа нь тухайн мэргэжлийн зөвлөх эмчид телемедицинээр үзүүлэх хүсэлт болон захиалгыг илгээдэг. Захиалга баталгаажсаны дараа өвчтөний сонгосон эмчид  Монголд хийгдсэн болон шаардлагатай  бүх оношилгоо, өвчтөний түүх, шинжилгээний хариуг Аполло эмнэлэгт (одоогийн байдлаар) илгээж урьдчилсан хариуг  7-10 хоногт хүлээн авдаг. Хариу ирсний дараа дуу дүрстэйгээр шууд холбогдож оношийг тодруулан  шаардлагатай эмчилгээ болон оношилгооны зөвлөгөө авдаг.

Цаашид телемедицины төрөл болох теле-радиологи, теле-яаралтай тусламж, теле-эрчимт эмчилгээ зэргээр өргөжин хөгжүүлэх боломжтой. Монголын эрүүл мэндийн салбарт 2009 оноос эхлэн мэдээллийн технологи ашигласан алсын зайн оношилгоо, эмчилгээний төсөл хэрэгжиж бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд холбогдоод байна. Манай эмнэлэг нь телемедицин, теле-дүрс оношилгоо чиглэлээр хамтарсан төсөл эхлүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд Интермед эмнэлэг нь БНЭУ-ын Аполло эмнэлэгтэй хамтран ажиллаад хагас жил болж байна. Телемедицин  нь орон зай, газар зүйн байршил, цаг хугацаанаас үл хамаараад эмнэлгийн үйлчилгээ авах боломжийг хэрэгцээт хүн бүрт хүргэх хамгийн том боломж юм. Бид өөрийн улсдаа төдийгүй гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэддээ эрүүл мэндийн зөвлөх болон эмнэлгийн тусламж үйлчилгээг телемедицинээр дамжуулан хүргэх зорилготой ажиллаж байна

-Оношлуулсан хүмүүс хэр сэтгэл ханамжтай байдаг вэ?

-Эндээ эмчлүүлэх үү, гадагшаа явж оношлуулах уу гэсэн эргэлзээтэй хүмүүсийн хувьд богино хугацаанд хариугаа авах боломжтой болж шийдэлд хүрч чадсан. Иймээс хэд хэдэн удаа гадаад руу явж цаг хугацаа болон санхүүдээ хүндрэл учруулаагүй гэж талархалтай хандаж байсныг нь хэлэх нь зүйтэй байх.

-Аполло төв Энэтхэг төдийгүй олон улсад хэр нэр хүндтэй эмнэлэг вэ?

-Аполло нь БНЭУ-ын томоохон эмнэлэгт ордог. Аполло эмнэлгийн Телемедициний үйлчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, JCI гээд олон улсын өндөр түвшний магадлан итгэмжлэлтэй. Аполло группын эмнэлгүүдийн хувьд Энэтхэгийн 60 хотод үйл ажиллагаа явуулдаг. Боловсон хүчин нь дэлхийн өндөр хөгжилтэй оронд бэлтгэгдсэн болон Английн боловсролын стандартаар сургагдсан, 10-аас дээш жил ажилласан чадварлаг 8000 гаруй эмчтэй. Тус эмнэлэг тусламж үйлчилгээний хамгийн дэвшилтэт технологийг ашиглан, сүүлийн үеийн эмчилгээг нэвтрүүлэн ажилладгаараа онцлог.

-Одоогоор зайнаас оношлох арга аль улсад хамгийн сайн хөгжиж байна вэ?

- Зайнаас эмчлэх, оношлох технологи Австралид сайн хөгжсөн. Энэ нь газар зүйн байрлалтай нь холбоотой. Ихэнх томоохон хотууд нь далайн эрэг дээр байршдаг, голынх нь цөл хэсэг дээр жижиг суурингууд байрладаг юм билээ. Иймээс ойролцоох эмнэлэгтэй холбогдож зайнаас оношлох аргыг хэрэглэдэг.  Сүүлийн үед бусад орнууд эмчилгээ үйлчилгээндээ түлхүү ашиглаж байна. Мэдээж үүнд мэдээлэл технологийн хурдацтай хөгжил нөлөөлсөн. Ер нь орчин үед өвчтөний түүх цаасан дээр биш цахим дээр л үлдэж байна.

-Технологийн хөгжил анагаах ухааны салбарт хэр нөлөөлж байна гэж та хардаг вэ?

-Анагаахын шинжлэх ухаан технологитой салшгүй холбоотой. Технологийн хөгжил нь Дүрс оношилгоо, мэс засал, лаборатори зэрэг салбаруудад нэн тэргүүнд тусгалаа олж байна. Мэс заслыг нээж хийхээс татгалзаж судсан дотуурх болон дурангийн өндөр технологийг ашиглан хийдэг болжээ. Сүүлийн үед олон улсад хагалгааг алсын зайнаас роботоор хийх арга технологийг нэвтрүүлчихлээ. Давуу тал нь эрсдэл, хүндрэлийг хамгийн бага хэмжээнд хүргэж богино хугацаанд хэвийн амьдралдаа эргэн орох, амьдралын чанарыг эрс дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.