Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Капитал банкны 20 саяас дээш хадгаламжтай иргэдийн мөнгийг олгохоор МИК-аас 50 тэрбумыг зээлсэн"

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 2 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn
“Капитал банк”-ны эрх хүлээн авснаас хойш өнгөрсөн 10 сарын хугацаанд ямар өр төлбөр барагдуулж, юу хийсэн тухайгаа өнөөдөр тус банкны эрх хүлээн авагч(БЭХА) М.Адилбиш анх удаа мэдээлэл хийлээ. 
 
Өмнөх тохиолдлуудаас ялгаатай нь “Капитал банк”-ны эрх хүлээн авах үйл явц хууль эрх зүйн шинэ орчинд явагдсан тул тооны машинаас эхлээд банкны бүх актив эрх хүлээн авагчид шилжиж ирсэн тул эзэмшигчдийн өмчийг “0” хэмээн бүртгэснийг тэрбээр онцолсон юм. Мөн Хөдөлмөрийн шинэ хуультай холбоотойгоор тус банканд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан 245 ажилтанд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгосон гэдгийг мөн мэдээллийнхээ өмнө дурдсан. 
 
2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд Монголбанкны ерөнхийлөгч тушаал гаргаж, Капитал банкны дампуурлаас хойш дараах төлбөрүүдийг гүйцэтгэжээ. 
  1. Гадаадын банк, санхүүгийн байгууллагууд дахь 18 ностро дансыг хааж, нийт 617.5 сая төгрөтэй тэнцэх гадаад валютаарх мөнгөн хөрөнгийг Монголбанк дахь харилцах дансанд төвлөрүүлсэн
  2. Капитал банкны эзэмшдэг “МИК Холдинг” ХК-ийн 356,110 ширхэг хувьцааг нийт 4.05 тэрбум төгрөгөөр худалдаж, уг орлогоор БЭХА-ийн гаргасан өрийн бичгийн үндсэн төлбөрт 4 тэрбум төгрөг, түүний хүүний төлбөрт 52.5 сая төгрөг төлөв. 
  3. Капитал банкны МИК-д худaлдсан орон сууцны ипотекийн 1,706 зээлдэгчийн 83 тэрбум төгрөгийн зээл тэнцлийн гадуур бүртгэлтэй байсныг “МИК ОССК”-тай гэрээ байгуулж, уг багцыг Улаанбаатар хотын банк болон ХААН банк руу тус тус шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэх хүртэлх 4 сарын хугацаанд траст үйлчилгээний гэрээний дагуу дээрх зээлийн багцын эргэн төлөлтийг хариуцан ажилласан. 
  4. “Капитал банк” ХХК-ийн 354,260 харилцагч иргэн, байгууллагын даатгагдсан хадгаламжийн нөхөн төлбөрт нийт 44.7 тэрбум төгрөгийг ХААН банканд шилжүүлсэн. Төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн авч баталгаажуулан дараалалд орсон 827 нэхэмжлэгчийн 65.9 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулсан(нийт 110.6 тэрбум төгрөгийн төлбөр). 
  5. Банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлага баталгаажуулах ажлын үр дүнд 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар дутуу бүртгэсэн байсан 7.9 тэрбум төгрөгийн хуримтлуулж тооцсон хүүгийн өглөгийг зардлаар бүртгэж, банкны санхүүгийн тайланд бүртгээгүй байсан эрх зүйн хувьд баталгаажсан нийт 8.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийг зардлаар тус тус нөхөж бүртгэснээр нийт 628.5 тэрбум төгрөгийн банкнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулсан. Улмаар оны эцэст төлбөрийн дараалалд орсон 89 нэхэмжлэгчийн 562.6 тэрбум төгрөг үлдсэн
  6. БЭХА нь нийт 50 тэрбум төгрөгийн өрийн бичиг гаргасан бөгөөд тайлант жилийн эцсийн байдлаар 8 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийж, өрийн үлдэгдэл 42 тэрбум төгрөг байна. Энэхүү 50 тэрбум төгрөг дээр М.Адилбиш нэмэлт тайлбар өглөө. 

Анх түүнийг банкны эрх хүлээн авах үед 20-оос дээш сая төгрөгийн хадгаламжтай 826 хүн байсан ч хоёр нь нас барж, зарим хүнийх нь хууч өвчин хөдлөх зэрэг хүндрэл тулгарчээ. Тиймээс тэдгээр хүмүүст судалгаа явуулахад 65 орчим хувь нь 50-аас дээш насныхан байсан тул эрх хүлээн авагчийн эрхийн хүрээнд эхлээд тэр хүмүүсийн өрийг барагдуулахаар МИК-ийн чөлөөт мөнгөн үлдэгдлээс 50 тэрбум төгрөгийн зээл авч шийдвэрлэжээ. Уг нь энэ мөнгийг Монголбанкнаас зээлэхээр тохирч, шийдвэр гарсан байсан ч ОУВС-ийн хөтөлбөр зогсоход хүрэх эрсдэлтэй гэдгийг Сангийн сайд мэдэгдэж, хориглосон тухай тайлбарлалаа. 

Хууль бус байж болзошгүй 15 асуудлыг шалгуулахаар шүүхэд хандсан 

Хууль эрх зүйн хүрээнд мөн олон ажил хийснээс заримыг нь онцолбол: 
  • Банкны 100 хувийн охин компанийн гүйцэтгэх удирдлагыг өөрчилж, холбогдох бүртгэлийг улсын бүртгэлд хийлгэх, банкнаас бусдад шаардах эрхийг хариу төлбөргүйгээр шилжүүлснийг шалгах, хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцлийн талаар жагсаалт гаргаж, эрх бүхий байгууллагад хандах ажиллагааг хийж гүйцэтгэв.
  • Дуудлага худалдаагаар 17 хөрөнгө борлуулав.
  • АТГ-ын хураан авсан ЖДҮХС-тай холбоотой зээлийн материалыг зээл барагдуулах зорилгоор буцаан шилжүүлж авав.
  • Иргэн, захиргаа, эрүүгийн шүүхэд улс даяар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, иргэний нэхэмжлэгч, хохирогчоор оролцон, явц, тайлбар гаргах хугацаа, итгэмжлэгдсэн төлөөлөгч солих, хойшлуулах зэргээр нийт 55 хэрэгт (Зээлээс бусад шүүхийн ажиллагаа) ажиллав. Хууль бус байж болзошгүй 15 асуудал, үйлдлийг шалгуулахаар шүүх, хууль хяналтын байгууллагад баримт гарган өгч, мэдүүлэг өгч, нэхэмжлэл гаргаж хуулийн байгууллагад хандав.
  • Капитал банк төлөх үүрэгтэй 1.9 тэрбум төгрөгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны материалыг хуульд заасны дагуу татан буулгах комисс буюу эрх хүлээн авагчид шилжүүлж авав.
  • Монголбанкны зөвшөөрөл, хөндлөнгийн хуульчийн дүгнэлт, Банкны тухай хууль, Компаыийн тухай хуулийн хүрээнд Капитал банкны үл хөдлөх хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах ажиллагааг хийж, МИК-тэй “Өрийн бичгийн гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулан 50 тэрбум төгрөгийн эх үүсвэр татаж, 400 хүртлэх сая төгрөгийг үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий харилцах, хадгаламж эзэмшигчдэд олгов.
  • Нийслэлийн прокурорын газраас Капитал банкны гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан А.Ариунболд нарт холбогдох 1902002900121 дугаартай эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор “Капитал банк” ХХК, түүний охин компаниудын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан
Үүнтэй холбоотойгоор буюу банкны хөрөнгийг худалдан борлуулсан орлогоос төлбөр барагдуулах ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас зогсонги байдалд байна. 
 
Нийт 220 гаруй үл хөдлөх хөрөнгө, газар битүүмжтэй байгаа бөгөөд эдгээр хөрөнгийн татвар, газрын төлбөр, харуул хамгаалалт, засварын зардал, тогтмол зардлууд гарсаар байна. Уг битүүмжийг цуцлуулахаар хяналтын прокурорын дээд шатны удирдлагуудад хүсэлт гаргасан боловч эрүүгийн хэргийг шийдэгдтэл битүүмжтэй байх нь зөв гэсэн байр суурийг илэрхийлжээ. 
  • Банкны охин компани болох "Голден сэркл” ХХК-ийн Замын-Үүд суман дахь 65 айлын орон сууцны барилгын гүйцэтгэгч компанитай шүүхийн маргаантай байгаа тул уг орон сууцыг Улсын комисст хүлээлгэн өгөх ажил зогссон байна. Мөн Улаанбаатар хотод 51 айлын орон сууцыг улсын комисс хүлээж аваагүй байгаа аж.

Капитал банкан дахь 400 сая хүртэлх хадгаламж эзэмшигчийн мөнгийг төлснөөр 70 гаруй хадгаламж эзэмшигч үлдсэн бол 500 хүртэлх сая төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн мөнгийг төлж барагдуулснаар 30 орчим хадгаламж эзэмшигч үлдсэн байна.