Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Tesla-гийн ханш сүүлийн сарын хугацаанд 178% өслөө. Цаашид яах бол?

ikon.mn
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

Яг гурван сарын өмнө 318 ам.доллар байсан хувьцааны ханш одоогийн байдлаар 887 ам.долларт хүрчээ.

Арваннэгдүгээр сарын 1-ээс хойш тасралтгүй өссөн ханшийг харвал яг л пуужин шиг харвасан харагдаж байна. Яг ийм үед бүгд маш соргог байх ёстой юм.

Учир нь техник шинжилгээний эцэг гэгдэх Доу Жонсийн үндсийг нь тавьж хамтран ажиллагсад нь хөгжүүлсэн “Доугийн онол”-ын үүднээс харвал одоогийн ханшийн түвшин нь ханшийн өсөлтийн хамгийн сүүлчийн хэсгийг илтгэж байна.

Энэ үеийг “илүүдэл оролцооны үе” гэх ба түүний онолын дагуу ханшийн хэлбэлзэл нь гурван үе шаттай. Доорх алтны ханшийн графикт товч тайлбарлав.

 

Нэгдүгээр үе нь “хуримтлалын үе” буюу илүү мэдээлэл, судалгаа сайтай нь хувьцааг чимээгүй цуглуулж байдаг үе юм.

Энэ үед ханш төдийлөн өсөхгүй. Харин хувьцааны төвлөрөл нэмэгдэж мэргэжлийн хөрөнгө оруулагчдын гарт цугларч байдаг.

Хоёрдугаар үе нь “олон нийтийн оролцооны үе” буюу тодорхой хугацааны дараа компанийн үйл ажиллагаа, санхүүгийн талаар эерэг мэдээлэл цацагдаж улмаар ханш өсч олон нийтийн анхааралд орох үе. Энэ үед ханш алгуур өсч эхэлнэ. Учир нь өдрөөс өдөрт хувьцааны ханш өсч буй талаар амтай болгон ярьж, медиагийн цөм сэдэв болно. Ингэснээр олон нийт зах зээлд улам их оролцоно.

Гуравдугаар үе нь “илүүдэл оролцоотой үе” буюу хэзээ ч хувьцааны тухай сонирхдоггүй, бүр санхүүгийн зах зээл гэж юу байдгыг ч мэдэхгүй найз, хөрш, ажлын хүн тань тэр хувьцааг худалдан авсан эсвэл авах гэж байгаа талаар ярина. Энэ үед шинэхэн тоглогчид зах зээд цутгасаар байх бөгөөд харин бага ханш дээр авсан мэргэжлийн хөрөнгө оруулагчид ашгаа аваад гарч байдаг. 

Яг энэ үед та хамгийн анхааралтай байх хэрэгтэй. Учир нь галт тэрэг аль хэдийнээ хөдөлсөн бөгөөд та аль хэдийнээ хожимдсон байх болно. 

Дээрхийг уншсаны дараа Теслагийн ханш ямар байгааг одоо харцгаая.

Ханшийн огцом өсөлт явах үед цэнхэр дугуй дотор харагдаж буй арилжаалагдсан ширхэг хэвийн үеийн дундаж түвшинээс нэмэгдсэн байна. Энэ нь нийлүүлэлт нэмэгдэж буйг илэрхийлж буй хэрэг юм.

Ялангуяа ханш оргил үедээ хүрэхэд тухайн тухайн хугацааны арилжаалагдсан ширхэг хэвийн үеийнхээс 2 дахинаас их байвал анхааралтай байх хэрэгтэй.

Учир нь нийлүүлэлт хэвийн үеийнхээс 2 дахин их байна гэсэн үг.

Тэгвэл энэ долоо хоногт нийт 90 сая ширхэг хувьцаа арилжаалагдсан нь сүүлийн хорин өдрийн арилжааны дундаж ширхгээс 2 дахин их байна. Мөн доор нь харагдах RSI индекс 93-д хүрсэн байгаа нь “хэт худалдан авсан” байгааг харуулж байна. Уг индекс 80-аас дээш гарч эхэлбэл ханшийг “хөөсөрсөн” гэж үзэх ба эрт, орой хөөс хагарна.

 

 “Ханшийн ийм өсөлт удаан үргэлжилдэггүй бөгөөд үүний дараа огцом уналт орж ирэх эрсдэлтэй тул арилжаачид үндсэн мөнгөө богино хугацаанд алдах нь хурдан байдаг. Иймээс ханш дахин өснө гэдэг хүлээлтээр хувьцаа худалдаж авах нь маш өндөр эрсдлийг дагуулна” гэж Голомт Банкны Гадаад Арилжааны албанаас мэдээллээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.