Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: "H3N2, H1N1 вирусээр өвчилсөн эрсдэлт бүлгийн хүмүүс уушгины хатгалгаа болж хүндрэх магадлал өндөр байна"

Ч.Болортуяа
2020 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

2019 онд Монгол Улсад уушгины хатгалгаа өвчний улмаас 431 хүн нас барсан мэдээлэл олон нийтийг цочроосон. Нас барсан хүн нь 431 байхад нийт өвчилсөн хүн нь 119 мянга (давхардсан тоогоор) байгаа юм.

Уушгины хатгалгаагаар нас барсан иргэдийн 146 нь 0-5 насныхан байна.

Тэгвэл Монголд уушгины хатгалгаа өвчин их байгаа учир шалтгаан томуугийн дэгдэлт өндөр, өвчлөл их байгаатай холбон тайлбарлагдаж байна.

Дээрээс нь эрсдэлт бүлэг буюу бага насныхан, өндөр насныхан, суурь өвчтэй хүмүүс уушгины хатгалгаа өвчин тусвал хүндрэх магадлал өндөр бөгөөд нас баралтад хүргэх аюул болоод байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Тиймээс Монгол ТВ телевизийн "Нүүдэл Шийдэл" хэлэлцүүлгээр "Уушгины хатгалгаа ба коронавирус" сэдвээр нэвтрүүлгээ бэлтгэлээ.

Видео: Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзэх: 

https://www.facebook.com/mongoltv/videos/173176103948979/

Нэвтрүүлэгт оролцогчдын онцлох эшлэлийг хүргэе.

Монгол Улсын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд байна
 

Шастины нэрэмжит улсын 3-р төв эмнэлгийн дарга, Уушги судлалын нийгэмлэгийн тэргүүн Ц.Төмөр-Очир

  1. Улаанбаатар хотын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 14 орчим хувийг амьсгалын дээд замын цочмог халдварын өвчлөл буюу томуу, томуу төст өвчин давамгайлж байна.

  2. 2019 оны сүүлээр В хүрээний вирус голлож байсан бол 2020 гарсаар А хүрээний вирусийн гаралт нэмэгдэж байна. Мөн сүүлийн сар Н1N1-ийн тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн.

  3. Хавсарсан өвчтэй, зүрх, уушги,  бөөрний архаг өвчтэй, мөн өндөр настан, жирэмсэн бол дөнгөж төрсөн эх, бага насны хүүхэд томуугаар өвдсөн тохиолдолд хүндрэх магадлал өндөр.

  4. Томуугийн А хүрээний H3N2, H1N1 вирусээр өвчилсөн эрсдэлт бүлгийн хүмүүс уушгины хатгалгаа болж хүндрэх магадлал өндөр байна.

  5. Дэлхийд жилд 4 сая орчим хүн уушгины хатгаагаар нас барж байна.

  6. Дэлхий дахинд дэгдэж байгаа томуугийн халдварын улмаас 250-500 мянган хүн нас барж байна.

  7. Амьсгалын эрхтний өвчлөл сүүлийн 10 жилийн дунджаар 2-2.3 дахин нэмэгдсэн.

  8. Өндөр хөгжилтэй болон хөгжингүй орнуудын эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал амьсгалын замын өвчлөл болж байна.

  9. Шинэ коронавирусийн халдвар бүртгэгдлээ гэж бодоход Монгол Улсын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд байна.

  10. Шинэ коронвирусийн халдвар хэрвээ манай улсад бүртгэгдвэл хамгаалалтын хувцас хэрэглэл хангалтгүй байгаа. Засгийн газраас үүнд 4.1 тэрбум орчим төгрөг гаргаад шаардлагатай хувцас хэрэглэлийн татан авалтыг хийхэд анхаарал хандуулж байгаа.

  11. ​Иргэдийн эрүүл мэндийн хариуцлага сул байна.

Цэвэр агаарт доод тал нь 3-4 цаг байхад уушгин дахь агаар шинэчлэгддэг​ 
 

АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Уушги, харшил судлалын тэнхимийн дэд профессор, АУ-ны доктор Д.Ичинноров

  1. Орчин үед маш сайн үйлчилгээтэй антибиотекууд байгаа ч дэлхий дахинд уушгины хатгалгаа өвчнөөр нас барагсдын тоо тэргүүлсээр байна.

  2. Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны 10-рт хатгаа өвчин орж байна.

  3. Хатгаагаар өвдсөн хүн болгон нас барахгүй ч энэ бол аюултай өвчин юм.

  4. Хатгаа өвчин ханиад томууны суурин дээр үүсэж байгаа.

  5. Эрсдэлт бүлэгт байгаа хүмүүс, хавсарсан өвчтэй хүмүүс, бага насны хүүхдүүд жил бүлийн 10-р сард хийгддэг томуугийн вакциныг хийлгэж байх ёстой.

  6. Хатгаа өвчний улмаас нас барагсдын тоог илүү бууруулах боломжтой.

  7. Уушги судлалын нийгэмлэгээс Пневмогоккын вакциныг насанд хүрэгсдэд хийдэг больё гэж санаачлан ярьж байгаа.

  8. Цэвэр агаарт доод тал нь 3-4 цаг байхад уушгин дахь агаар шинэчлэгддэг гэж үздэг.  Гэхдээ хөл хорионы энэ үед агаарт гаргах гэж байна гээд олон нийтийн газраар яваад байж болохгүй.

Хөл хорио тогтоосон энэ үед иргэд үүргээ биелүүлэх ёстой
 

ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч О.Солонго

  1. Хийн солилцоо явуулдаг хэсэг буюу уушгины доод замд өрөвсөл үүсэж уушгины хатгалгаа гэдэг өвчин үүснэ.

  2. Дэлхий нийтийн судлаачдын үзэж байгаагаар томуу, томуу төст өвчний үед болон амьсгалын эрхтэн тогтолцооны эмгэгүүдийн 32 хувь нь уушгины хатгалгаа үүсдэг гэж үздэг.

  3. Амьсгалын эрхтэн тогтолцоо ургийн хөгжлийн 3-4 дэх долоо хоногт хөгжиж эхлээд 28 долоо хоног хүртэл гадаад орчинд хийн солилцоо хийж чадахгүй. 32 долоо хоног хүртэл уушгины хөгжил явагдаж байдаг. Хүүхэд төрөөд гадаад амьсгалд дасан зохицож эхлээд цаашаа 5 нас хүртэл хөгжиж байдаг. Тийм учраас бага насны хүүхдүүд эрсдэлт бүлэгт багтаж байдаг.

  4. Монгол Улс товт вакциныг 2007 оноос хийж эхэлсэн.

  5. Манай улсад хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа үүсгэдэг 13 дэд хэв шинжээс хамгаалсан вакциныг хүүхдүүдэд товлолын дагуу хийж байгаа.

  6. Томуугийн вакцин бол урьдчилан сэргийлэх зорилгоор сайн дурын хэлбэрээр хийгдээд явж байгаа.

  7. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл, утаа, хүйтэн сэрүүний улирал нь уушгины хатгалгаа өвчин хүндрэх шалтаг болж байгаа.

  8. Бага насны хүүхдийн уушгины шалтгаант өвчнөөс шалтгаалсан нас баралт 2016 онд 251 байсан бол 2019 онд 150 болж 12.2 хувиар буурсан.

  9. 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтод нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих замаар сэргийлж болох халдвараас буюу уушгины хатгалгаа, суулгалт өвчнөөр эндүүлэхгүй байх зорилттой.

  10. ДЭМБ 2025 онд гэхэд эрүүл хэвийн төрсөн хүүхэд уушгины хатгалгаа, суулгалт өвчний улмаас эндэхийг таслан зогсоох зорилт тавьсан.

  11. Хөл хорио тогтоож бага насны хүүхдүүд, өндөр настнууд гээд эрсдэлт бүлгээ хамгаалах гэж байхад иргэд хүүхдүүдээ дагуулж амралтад явж байна, үйлчилгээний газруудаар орж байна.

  12. Иргэд дандаа шаардагч байдлаар байж болохгүй. Хөл хорио тогтоосон энэ үед үүргээ биелүүлэх ёстой.

Антибиотекийн замбараагүй хэрэглээтэй учраас иргэдийн дунд олон эмэнд тэсвэртэй нянгийн халдвар их өндөр байгаа
 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины эмгэг судлалын тасгийн эрхлэгч, тэргүүлэх зэргийн эмч Б.Одончимэг

  1. Улсын 1-р төв эмнэлгийн уушгины тасаг 36 ортой үйл ажиллагаа явуулдаг. Яг өнөөдрийн байдлаар манай тасагт 38 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагийн 17-20 нь уушгины хатгаагаар өвдсөн өвчтөнүүд байна.

  2. Улсын 1-р төв эмнэлгийн Яаралтай тусламжийн төвд хандан ирж байгаа 120 хүний 30-40 нь уушгины өвчлөлтэй хүмүүс ирж байна.

  3. Жил бүрийн 11-4-р сард томуугийн өвчлөл, хатгаагаар өвчилсөн хүмүүсийн тоо өндөр байдаг.

  4. Өндөр настан болон жирэмсэн эхчүүд маш их өндөр халуурсан, томуугийн халдвар авсан байдалтайгаар манай эмнэлэгт хандах нь их байдаг.

  5. Манай улс антибиотекийн замбараагүй хэрэглээтэй учраас иргэдийн дунд олон эмэнд тэсвэртэй нянгийн халдвар их өндөр байгаа.

  6. Ард иргэдийн антибиотекийн замбараагүй хэрэглээг зогсоох хэрэгтэй.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.