Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан баг өнөөдөр шинэ коронавирусийн халдвар гарсан нөхцөлд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа.
УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх эмнэлгийн ерөнхий захирлын тушаалаар шинэ коронавирусийн халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, тасагт орж ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай танилцуулав.
Эмнэлгээр үйлчлүүлж байгаа бусад өвчтөнд халдвар тархаахгүйн тулд:
Эмч, сувилагч нар тусгайлан бэлтгэсэн өрөөнд зориулалтын хувцас хэрэгсэлээ өмсөн улаан, шар бүсээр нэвтэрч хэрэгхэн ажиллах үзүүлэх сургалт хийж танилцуулав.
Амбулатори болон Яаралтай тусламжийн тасгаас сорьц авагдсан шинэ коронавирусийн сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр эмнэлгийн гадуур тээвэрлэх зураглал гаргажээ. Мөн тусгаарлах хэсгээс амьсгалын дутагдал гүнзгийрсэн, зохиомол амьсгал үргэлжлүүлэх шаардлагатай өвчтөнг эрчимт эмчилгээний тасгийн тусгаарлах хэсэг рүү шилжүүлэхээр зурагласан байна.
УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Эмнэлгийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн нөхцөлд хэрхэн ажиллах, хувцас хэрэгсэлээ өмсөж хэвших, хэрхэн ариутган халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл ханган ажиллаж байна.
Одоогоор 40 ор бэлтгээд байна. Үүнээс сорьц өгсөн сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэгт 6, сорьц эерэг гарсан, амьсгалын дутагдалгүй, цусны эргэлт хэвийн өвчтөнд зориулсан 24, амьсгалын дутагдалтай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнд зориулсан 10 ор байна. Нэмэлтээр 15 ор гаргах боломжтой" гэлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УНТЭ-ийн бэлэн байдалд сайн үнэлгээ өгч, өндөр бэлэн байдалд ажиллахыг үүрэг болголоо.
Мөн тэрбээр “Хэрэв халдварын тохиолдол гарвал нэг өвчтөнтэй харьцахаар 4-5 эмч, сувилагч улаан бүсэд өдөрт таван удаа нэвтрэн ажилладаг. Тэгэхээр нэг удаагийн хувцас хэрэгсэл, ариутгалын бодис маш их хэрэгтэй юм. Одоогоор нэг удаагийн хувцас хэрэгсэл хангалтгүй байгаа учраас Засгийн газарт хандах болно” гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!