Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/02/04-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Мөнхтүшиг: БНХАУ-аас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 2 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийж байна. /2020.02.04 11:00 цагийн байдлаар/

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/892259081191836/

"ДЭМБ-аас ХӨСҮТ-ийн хэрэгцээнд хувийн хамгаалах хувцас нийлүүлнэ"

 
Гэрэл зургийг mpa.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдол гарсангүй. БНХАУ-аас гадна 23 улсад халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээр улсуудад шинээр бүртгэгдсэн долоон хүний тав нь БНХАУ-д зорчсон байна.

ДЭМБ-ын Ложистик хангамжийн байгууллага хувийн хамгаалах хувцсын хэрэгцээний тооцоог гаргаж, улс орнуудад нийлүүлж эхлээд байгаа. Манай оронд цөөн тооны буюу ХӨСҮТ-ийн хэрэгцээнд хувийн хамгаалах хувцсыг ирэх долоо хоногт нийлүүлнэ. " гэв.

"Автозамын боомтоор иргэдийг хил нэвтрүүлэх ажил хоёрдугаар сарын 5-наар дуусаж, 6-наас агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлнэ"

Үргэлжлүүлэн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэл өглөө. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Тэрбээр "ГХЯ-ны яам хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх улсад байгаа ЭСЯ-дад чиглэл өгөөд ажиллаж байна. 

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтод хамаарахгүй бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. БНХАУ-ын Цагаан сар өнгөрснөөс хойш 5,200 иргэн эх орондоо ирээд байгаа. Өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 100 орчим иргэн ирсэн бол өнөөдрийн байдлаар Эрээнд 150 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргасныг хил нэвтрүүлэх ажил эхлээд байна. Автозамын боомтоор иргэдийг хил нэвтрүүлэх ажил хоёрдугаар сарын 5-наар дуусаж, 6-наас агаарын болон төмөр замын боомтуудаар нэвтрүүлнэ.

Гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлээрэй. Аливаа асуудал гарахад бүртгэлтэй иргэдтэйгээ холбогдоход хялбар бөгөөд шуурхай байдаг. Зарим улс орон хилийн хязгаарлалт тогтоож байгаа нь манай улсын иргэдэд нөлөөлж болохуйц байгаа учраас үүнтэй холбоотой мэдээллийг иргэддээ хүргэн ажиллаж байгаа.

Монгол Улсын иргэн хаана оршин суугаагаасаа үл хамааран төрийн ивээлд оршино. Тиймээс "харласан" буюу хууль бусаар оршин суугаа иргэн зөвхөн БНСУ гэхгүй бүх улсад байгаа манай ЭСЯ, Консулын газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа.

Гэхдээ БНХАУ-д үлдэх хүсэлтэй иргэдийг хүчээр татан авчрах боломжгүй. Иргэдийн хүсэлт дээр үндэслэн явагдаж байгаа ажил гэдгийг бас тодотгон хэлмээр байна" гэлээ.

"Япон улсын халдварт өвчний үндэсний төвөөс манайд өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн"

Хэвлэлийн хурлын төгсгөлд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
- Оношлуур нэмж ирж байгаа юу?

- Япон улсын халдварт өвчний үндэсний төвөөс манайд өгсөн 200 оношлуурын 100 нь үлдсэн байгаа. ДЭМБ-аас 3,000 оношлуур авахаар болсны эхний ээлж дараагийн долоо хоногт ирнэ. Мөн хувийн хамгаалах хэрэгсэл ирнэ.

- Ухань хотоос ирсэн 31 иргэнээс гадна авч ирэх ажилд оролцсон багийнхныг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа. Тэднээс шинжилгээ авсан уу?

- Эхний ээлжинд 31 хүнээсээ шинжилгээ аваад хариу нь сөрөг гарсан ч тусгаарлаж, хяналтад байлгаж байгаа. Ажлыг гүйцэтгэсэн багийнхныг мөн тусгаарлаж, өдөр бүр үзлэг хийн, хянаж байна. Тодорхой хугацааны дараа зөвлөлдөөд дахин шинжилгээ хийнэ. Үүн дээр эмч, тархвар судлаач нарын бүтэн баг ажиллаж байгаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.