Коронавирусын халдвараас үүдэн Цагаан сарын дараагаас үргэлжлүүлэн амраад байсан Хятадын хөрөнгийн зах зээл өнөөдөр нээгдлээ. Хятадын хөрөнгийн зах зээлийг Шанхай болон Шеньжений хөрөнгийн зах зээл бүрдүүлдэг бөгөөд тус бүр 8-9 хувиар буурлаа. Үүнээс өмнө Хятадын Ардын банкнаас 1.2 триллион юаныг банкны сектортоо нийлүүлж хөрвөх чадварыг дэмжинэ гэдгээ зарласан.
Мөн Хятадын Үнэт Цаасны Зохицуулалтын Хорооноос “нөхцөл байдлыг удаан үргэлжлэхгүй” гээд “бондуудын дуусах хугацааг сунгах, А зэрэглэлийн хувьцааны ханшийн уналтын эсрэг хеджинг хийх боломжийг бий болгох зэрэг арга хэмжээ” авахаар төлөвлөж буйгаа зарласан байна.
Хятадын засгийн газраас хамгийн багадаа 24 мужид амралтын өдрийг 2-р сарын 10-ны өдөр хүртэл сунгаад байгаа. Энэ нь өнгөрсөн жилийн үзүүлэлтээр Хятадын ДНБ-ний 80 хувийг, экспортын 90 хувийг хамрах бүс нутаг юм. Харин Хубэй мужийн хувьд 2-р сарын 14-ний өдөр хүртэл амралт үргэлжлэх бөгөөд цаашид ч сунгахаар төлөвлөж байгаа аж. Мөн Тянжинд дараагийн шийдвэр гарах хүртэл амралтын өдрийг дуусгахгүй байхаар төлөвлөжээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай уялдан дэлхийн хөрөнгийн зах зээлд уналт тохиож байгаа бол алтны ханш өсөлттэй, газрын тос болон зэсийн ханш огцом уналттай байна.
Вирусийн тархалт зогсох шинжгүй бөгөөд гуравдугаар сард хамгийн оргил үедээ хүрэх төлөвтэй гэж эрдэмтэд үзэж байна. Мөн вирусийн эсрэг вакциныг гаргаж авах ажил дор хаяж зургаан сар үргэлжлэх төлөвтэй гэж мэдээллэж байна.
“Вирусийн тархалт зогсох болоогүй. Тодорхой бус байдал их үед алтны ханш өсөх магадлал өндөр бөгөөд хөрөнгийн зах зээл унах эрсдэл улам нэмэгдсээр байна.
Иймд хөрөнгө оруулалтын багцаа эрсдэл багатай АНУ-ын bluechip хувьцаа болон бонд, алтаар бүрдүүлэх нь оновчтой” гэж Голомт банкны Нөөцийн Удирдлагын газрын Гадаад арилжааны алба мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!