Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хөдөлмөрийн бэрхшээлтэй ч хөдөлмөрлөх хүсэлтэй...

ikon.mn
2020 оны 1 сарын 29
Сурталчилгаа

Монгол улсад 105 мянга гаруй хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд байгаагийн ердөө 19 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь хувиараа хөдөлмөр эрхэлж байна. Харин нийт хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн 17 мянга гаруй нь хүүхэд... Энэ хүүхдүүд маань тусгай сургалттай сургуульд суралцаж төгсдөг ч сургуулиа төгсөөд дараагийн шатны сургалт, дамжаанд тэр бүр хамрагдаж чаддаггүй.

Гэхдээ тэд хөдөлмөрийн бэрхшээлтэй ч хөдөлмөрлөх чин хүсэлтэй... Одоо та бүхнийг тэдний нэг хэсэг нь болох “Ногоон гархан” урлангийнхантай танилцуулъя.

 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо” ТББ өнгөрсөн оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн “Ногоон гархан” урланг дэргэдээ албан ёсоор ажиллуулж эхэлсэн бөгөөд түүнээс өмнө гагцхүү сургалт, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж иржээ.

Ийнхүү урлантай болсноор тэд хүүхдүүдээ сургаж, хөгжүүлэхээс гадна хийсэн бүтээлүүдийг нь худалдаалж, хүүхдүүдэд хийсэн бүтээснийх нь үр шимийг хүртээж, хийсэн бүтээснээсээ урам авахад нь тусалж байгаа аж.

 

Тус урлан долоо хоногийн 5 өдөрт 10-14 цагийн хооронд хичээллэж, ажилладаг бөгөөд нийт 10 хүүхэд, 3 ээж, 2 багштайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Багш П.Мөнхчимэг, Г.Оюунгэрэл нар хүүхдүүдээ хэрхэн хөгжүүлэх талаар тасралтгүй судалж, эрж хайсны эцэст Япон Улсын SAORI машиныг олж мэдэн урландаа авчирчээ. Нэгжийн үнэ нь 3,5 сая төгрөгийн өртөгтэй энэхүү машин дээр ажиллахад хүний биеийн 4 мөч нэгэн зэрэг ажилладаг учраас хүүхдүүд сурч, ажиллахынхаа сацуу дасгал хөдөлгөөнөө ч хийж, нэг ёсондоо өөртөө эмчилгээ хийдэг гэнэ. Япон улсад алдартай SAORI машиныг гагцхүү хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй ахмад настнууд ч ашиглаж, зөнөгрөл хөгшрөлтөөс сэргийлдэг аж.

 

“Ногоон гархан” урлангийнхан маань цаас, эсгий, нэхмэлийн утас, ноос, даавуу гээд ямар ч материалаар юуг ч хийж үзсэн, хийх чадвартай, хийхэд бэлэн тийм л шаргуу, хөдөлмөрч, уйгагүй хамт олон байлаа.

 

Яг одоо тэд SAORI машин дээрээ дээлний бүс, ороолт урлаж байна. П.Мөнхчимэг багшийн хэлснээр “...эндээс гарсан бүтээл хэзээ ч, хаана ч, дахин давтагдашгүй цор ганц бүтээл байдаг. Учир нь SAORI дээр хүүхдүүд өөрсдийн сэтгэл санааны байдал, мэдрэмжээрээ урладаг бөгөөд үүнийгээ өөрсдөө ч дахин давтах боломжгүй” гэнэ.

 

Мобиком корпораци ХХК нь Нийгмийн хариуцлагын хүрээнд төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, 2 жил тутам компанийн Нийгмийн хариуцлагын бодлого чиглэлээ тодорхойлон ажилладаг. Тэд 2020 оныг Хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жил болгон зарлаж, үүнийгээ 2019 оны 12-р сарын 3-нд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ээрээ эхлүүлсэн билээ.

 

Өдгөө тэд хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах, ажлын байртай, тогтмол орлоготой болгох зорилготой үе шаттай ажлуудыг хийж, хэрэгжүүлээд бодит үр дүнг нь үзээд байна. Эдгээр ажлуудын нэг нь, Теди төвд байрлах Candy shop-оор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний ээжүүдийн хийсэн гар урлал, эсгий эдлэл, сүлжмэлүүд, савхин эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүнүүдийг олон нийтэд хүргэх, тэдний үйл ажиллагааг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг нь худалдаалж, орлогыг нь өсгөхөд хувь нэмрээ оруулах ажил юм.

Теди төв бол Мобикомын хамгийн анхны, хамгийн том, мөн дээр нь хотын төвд байрлах үйлчилгээний салбар учраас олон хэрэглэгчийн хөлд дарагдаж байдаг ачаалал ихтэй, хүний урсгал ихтэй газар. Тиймээс тэд хамгийн их хэрэглэгч үйлчлүүлдэг салбартаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний ээжүүдийн гээд нийт 17 газрын бүтээгдэхүүнийг нэг дор төвлөрүүлэн худалдаалж, тэдний үйл ажиллагаанд бодит дэмжлэг үзүүлж байна. “Ногоон гархан” урлан бол эдгээр 17 газрын нэг нь. Тус урлангийн хүүхдүүд Теди төв дээр өөрсдийн бүтээлүүдээ худалдаалж, олсон орлогоороо өөртөө гар утас авсан тухайгаа ихэд баярлан ярьж байсан шүү. 

 

Уншигч та хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд, тэдний ээжүүд, эцэг эхчүүдийн хийсэн бүтээлүүдийг нэг дороос үзэж сонирхон, худалдан авахыг хүсвэл долоо хоног бүрийн Даваа гарагт Теди төвийн Candy Shop-г зориорой. Мөн та хийлгэхийг хүссэн захиалгаа ч өгөх боломжтой.

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.