Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Баялгийн сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа

ikon.mn
2020 оны 1 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.01.27/ тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс 2012 оноос хойш энэ сангийн үйл ажиллагаа, менежментийг төрийн дээд түвшинд сонирхож, хамтран ажиллах сонирхолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд бид үргэлж баялгийн сангийн сайн талыг нь сонирхож байсан бол энэ удаад сөрөг болон учирч болох эрсдэлд бэлэн байхад түлхүү анхаарч баялгийн сантай болохоор эрмэлзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтаар, Баялгийн санг үүсгэн байгуулсан түүх, сангийн хөрөнгө оруулалтын стратеги ба менежмент, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, Норвегийн эдийн засагт нефть, байгалийн хийн салбарын орлогын оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлаар голчлон ярилцлаа.

Түүнчлэн Норвегийн Сангийн яам нь Баялгийн сангийн менежмэнтийг хариуцан ажилладаг бөгөөд тус яамны албан тушаалтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүнийг дагалдан яваа төлөөлөгдчийн сонирхсон асуултуудад хариулж, санал солилцлоо.

Норвег Улс нь 1969 онд Монгол Улсын адил өөрсдөө хайгуул хийж томоохон орд газруудыг /газрын тосны/ илрүүлсэн бөгөөд 1983 онд баялгийн сан байгуулах санаа гаргаж, 1990 онд хэрэгжүүлж эхэлсэн байна.

Улмаар 2007 онд Европын хамгийн өндөр үнэлгээтэй үндэсний баялгийн сан болж, 2019 онд сангийн орлого анх удаагаа их наяд ам.доллар давсан амжилт тогтоосон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа

 

Норвегийн Хаант Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.01.27/ Норвегийн Угсаа залгамжлах Хунтайж Хааконтой уулзлаа.

Угсаа залгамжлагч Хунтайж Хаакон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Норвегийн Хаант Улсад тавтай морилохыг хүсээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвег Улсын Баялгийн сан, Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг энэ удаагийн айлчлалаар өргөн хүрээнд ярилцахаар төлөвлөсөн бөгөөд Хунтайж Хааконыг айлчлалаар ярьсан асуудалд анхаарал хандуулж өгөхийг хүссэн юм.

Мөн НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилтууд”-ыг дэмжих хүрээнд энэ оны есдүгээр сард Монгол Улсад НҮБ-ын гишүүн 195 орны 18 хүртэлх насны залуучуудын дунд спортын 19 төрлөөр “Ногоон наадам” зохион байгуулахаар төлөвлөсөн тул Хунтайж Хааконыг Монгол Улсад морилон саатахыг хүслээ.

 


Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба