2020/02/29
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,762.71₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-16°
B30
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-16°
04:00
S26
-13°
05:00
S26
-13°
06:00
S26
-13°
07:00
S26
-14°
08:00
S26
-14°
09:00
S26
-13°
10:00
S26
-12°
11:00
S26
-10°
12:00
S26
-8°
13:00
S26
-7°
14:00
S26
-5°
15:00
S26
-4°

Их НҮҮДЭЛ ба их ЭРСДЭЛ

ikon.mn
2020 оны 1 сарын 23
iKon.MN
НҮҮДЛЭЭС НҮҮДЭЛД...

Өнгөрсөн намрын уртад “цаг цагаараа байх”-ыг хот, хөдөөгүй хүссэн дээ. Урт намар сүүл мушгиж, өвөл айсуй цаг дор малын хөлийн тоос тэнгэрт хадаж, ИХ НҮҮДЭЛ хөвөрсөн. 11 сар гарсан ч цасны аниргүй. Нүд гүйцэх эргэн тойронд гэр бараагаа ачаалсан портер машин, хонь, ямаа, үхэр, адуу холилдсон олон, цөөн мал туусан морьтон үзэгдэнэ. Нар сөргүүлэн харваас чимээгүй айдас төрүүлэх мэт тоос манарна. Нэгэн аймгийн мал нүүж яваа нь энэ. ИХ ЭРСДЭЛ чимээлэх шиг.

 

Намар өвлийн заагаар Өвөрхангай аймгаас их нүүдэл хөдөлж, бэлчээр бараадан, нутаг царайчлан хөөгдөж туугдан явна. Эднийд зуншлага муу дээр үлийн цагаан оготно огцом нэмэгдснээр нийт нутгийнх нь 90 хувь бэлчээргүйджээ. Намартаа мал сүргээ тогтуун байлгаж, өвөлд өнтэй орох тарга хүчийг нь гамнаж, хайлган цагийн малыг бөөцийлдөг учиртай. Гэтэл ингэж аймаг алгасан отор биш нүүдэл хийж яваа харамсмаар дүр зураг олон шалтгааныг агуулж буй.

 
 

Манай хөрш энэ аймаг сүүлийн жилүүдэд улсад малаараа тэргүүлсэн. Харин тэр олон малын хөл, оготно хоёр хамжиж бэлчээрээ үгүй хийгээд, хуйгаараа нүүхэд хүргэсэн байна. Үндсэндээ бүх сумын мал нь нутгаасаа хөдөлжээ. Ялангуяа хангайн ганц сум Уянга тэр чигээрээ нүүж яваа гэнэ. Энэ нүүдэл дайран өнгөрөх аймаг, сумынхан бухимдаж, өөрсдийн олон дээр нүүдлийн малаар талхлагдах бэлчээртээ гашуудацгаана. 

 

Асуудал ийнхүү хаяанд ирсэн байна. Тэр нүүдлийн ачааллыг ч манай аймаг үүрэлцэж эхэлсэн. Отор ирсэн. Гэтэл манай бэлчээр ямар байгаа билээ?

2017 онд Ус цаг уурын улсын сүлжээний бэлчээрийн мониторингийн мэдээллийг ашиглаж, Монголын Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсын бэлчээрийг бүхэлд нь тоолсон байдаг. Монгол орны Бэлчээрийн төлөв байдлын энэхүү томоохон судалгаагаар Монгол улсын нутаг дэвсгэрийн 80 хувийг эзэлдэг бэлчээрийн 65 хувь нь байгалийн унаган төрхөө алдаж доройтсон гэсэн дүгнэлт гарсан.

Тэр дунд Архангай аймгийн нутаг дэвсгэрийн 65 хувийг эзлэх бэлчээрийн 75 хувь нь байгалийн унаган төрхөө алдаж доройтсон дүн бий. Чанар хүртээмж нь илт буурсан ийм бэлчээртэй байхад мал сүргийн тоо жил дараалан өсч, улсад тэргүүлсээр байдаг. Уг нь дээрх судалгаанд дурьдсанаар манай аймгийн бэлчээр 5-10 жилд ашиглалтыг нь зохистой түвшинд оруулах буюу малын хөлийн ачааллыг тохируулж чадвал сэргэх боломжтой гэсэн ангилалд хамаарч байсан юм. Түүнээс хойш гурван жил өнгөрчихлөө.

 

Бэлчээр сэргэх ангиллаар: Архангай аймгийн нийт бэлчээрийн 25 хувь нь харьцангуй соргог, 43 хувь нь бага зэрэг доройтсон, 32 хувь нь буюу нутгийн баруун хэсэг, уулархаг сумдын бэлчээр дунд зэрэг доройтолтой гэжээ. Тэгвэл Аймгийн ХХААГ-аас 2019 онд 394 цэгт хийсэн фото мониторингийн судалгаагаар: нийт бэлчээрийн 70 орчим хувь нь бага, 20 хувь их хэмжээний доройтолтой гэсэн дүн гарчээ. Мэдээж малын тоогоор тэргүүлдэг Эрдэнэмандал, Өлзийт, Өгийнуур, Хотонт, Хашаат, Хайрхан зэрэг сумдад доройтол их.

Малаар талхлагдсан бэлчээрийг оготно нэрмэж сүйтгэнэ. Өвстэй жил үржилд орж чаддаггүй тул цөөрдөг гэлцдэг. Тэгэхээр бэлчээр нүцгэрэх тусам гаардаг юмсанж.

Хаяа аймгаа дахиад жишээлье. Өнгөрсөн жил Өвөрхангайд урьд өмнө байгаагүйгээр нэмэгдсэн оготны шалтгааныг малчид нь хэлэлцэж байна. Эднийх өнгөрсөн онд шонхор агнах тоогоо нэлээд өсгөж л дээ. Арабууд намаржин бужигнуулж. Өдөрт 20-30 шонхор барьж аваад 2-3-ыг нь “тэнцүүлдэг” гэнэ. Гэтэл шонгийн ёроолд арав хориороо үхсэн шонхорын талаар БОАЖГ-т нь гомдол ирэх болж. Өмнө нь ингэж олноороо үхдэггүй байсан талаар малчид нь гайхшрахдаа олон дахин баригдаад байхаараа туйлдсан шонхор цахилгаан шугамны тогонд цохиулаад байна гэж таамаглажээ. Ингээд үлийн оготныг иддэг гол устгагч нь шонхор тул оготно огцом нэмэгдсэн нэг шалтгаан гэж үзжээ. Эднийд оготноос үүдэлтэй муухай явдал ч гарсан дуулдах. Хонь мал үлийн оготныг идсэн гэх. Бүр тоншиж алаад идэж байгаа тухай яригдах. Ийнхүү өлдсөн мал махчин болж байна. Үүнийг нотлох нэгэн тохиолдлыг нүдээр үзсэн билээ. Хот хоорондын зам дээр дайрагдсан оготныг хонь, ямаа идэж байхтай тааралдан сэжиглэн өнгөрсөн юм даг.

 

Оготны тархалт Архангайд ямар байгаа бол? Аймгийн ХХААГ-аас 2019 оны дүн мэдээг авахад: манайд 684,6 мянган га-д буюу нийт бэлчээрийн 23 хувьд тархсан. Тэмцэх шаардлагатай 200,0 мянган га байгаа. Баруун хойд талын Хангай, Цахир, Чулуут буюу хангайн сумд, мөн зүүн болон төвийн Хашаат, Өгийнуур, Төвшрүүлэх, Өгийнуур, Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Эрдэнэмандалын зарим хэсэгт оготно их байна. Үндсэндээ нийт сумдын талаас илүүд нь тархсан гэсэн үг.

Отор нүүдэл, оготноо ярьсаар өвөлтэй золгож, хавраас айх цаг ирсэн байна. Аймгийн Мал үржлийн албаны даргаас мэдээлэл авахад: Манай аймгийн ихэнх сумдад нийт нутгийнх нь 45-70 хувь нь харын зудтай. Отрын асуудлаа сум сумандаа зохицуулж байгаа. Малын тоо өсөхийн хэрээр отрын нутаггүй болсон. Халуун намраар отрын бүс рүүгээ орцгоосон. Гаднаас Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймгаас 80 гаруй өрхийн 200,0 мянган мал оторлож байгаа гэсэн юм.

 

Өөрийн олон дээр бусдын цөөн ч цөөдөхгүй. 2019 оны мал тооллогын дүнгээр Архангай аймаг улсад тэргүүлсэн. 2000 онд 2,1 сая, 2013 онд 3,7 сая, 2017 онд 5,2 саяыг тоолуулж байсан бол 2019 онд 6,2 сая малтай болчихлоо. Байр эзлүүлбэл, 2013, 2014 онуудад тэргүүлж, 2015 онд 3-р байр, 2016, 2017, 2018 онуудад 2-р байранд жагсаж байгаад 2019 онд “амжилтаа” ахиулсан юм. Энэ “уралдааны” ард манай нийт сумдын бэлчээрийн даац 1-23 дахин хэтэрчихсэн. Дунджаар найм дахин хэтрэлттэй байгаа бэлчээрийн нийт талбайд хонин толгойд шилжүүлснээр 5,1 сая толгой мал бэлчих даацтай ч аль хэдийн 10,0 гаруй сая болсон.

 

Тэдгээрийг адгуулдаг 15,0 орчим малчин өрхтэй. Баахан үнэмлэх тарааснаар бакалаврын зэрэгтэй малчидтай болсон. Малчдаа “мэргэжилтэй” болгочихлоо. Харин тэд мэргэжилдээ эзэн болж байна уу? Энэ мэргэжлийн тухайд үнэмлэх чухал уу, арга ухаан хэрэгтэй юу? Уламжлалт ухааны талаар ярьдаг ч өнөөхөө хэрэглэе гэхээр олон малд хүрч ажиллах боломжгүй. Ингээд л малын чанарыг сайжруулах, тоог цөөлөх талаар хоосон ярьсаар л байгаа. Энэ асуудлаар өнгөрсөн жил сум суманд хийгээд байсан “Малчдын зөвлөгөөн” дээр төр захиргаа ч, малчид ч дахиад л тод томруун хэлэлцэцгээсэн.

Ухамсар, хандлагыг өөрчлөхгүйгээр бодлого үйлчлэхгүй дээ. Малчдынхаа толгойд “юм” хийхгүйгээр оготны нүх рүү ус цутгаад, өвс тэжээл хүргэж өгөөд, худаг ухаад ч нэмэргүй нь тодорхой. Нүүдэлчин соёлыг хадгалж байгаа гэж магтуулж, өрөвдүүлэх малчид маань ачир дээрээ “орчин цагийн, боловсон” тодотголтой, машин, мотоциклиор малаа хариулдаг, мах сүү, цагаан идээний худалдаа эрхлэгчид л болсон. Үнэндээ малчин малыг маллаад байна уу, мал малчныг “маллаад” байна уу гэмээр л байна.

“Цөөн малаас өндөр ашиг авахыг чанар гэнэ” гэнгүүт хэдэн саалийн үнээ авчраад бэлчээрт тавиад туучихна. Нутгийн үхэртэй ив ижил, бараа сүрнээс цаашгүй үнээнүүд бэлчээр талхлахаас бас л хэтрэхгүй. Эрчимжсэн аж ахуйг ингэж дур дураараа л эрхэлцгээж байгаа.

Хөдөөд газар, бэлчээр үнэгүй, ер нь бүх юм үнэгүй байгаа болохоор юу ч туршихад зоргоороо хандаж болно. Дуртай амандаа байр барина, хүссэн талбайдаа өвс хадна, хаяандаа худаг гаргуулна, ойгоосоо модоо авчихна. Өвөлжөө, хаваржааны газар эзэмшсэнээ өмчилсөн гэж ойлгож, бэлчээр усаа булаацалдана. Хуулиар бол жилд 1400 төгрөг төлчих газрын төлбөрөө ч төлдөггүй. Гоожин гэж жилд ганц удаа 23,0 мянган төгрөг лхураалгадаг.

Ингээд үнэгүй бүхэндээ гамгүй хандсаар малтайгаа нийлж, газар усыг буртаглаж дуусч байна. Малчин нь хогоо, мал нь баасаа бууцан дээрээ үлдээгээд нүүцгээнэ. Газар газрыг ингэж сэглэсээр хөдөөгөөр нэг хогийн цэг, жорлон. Малын өвчин гарахад гайхаад байх зүйлгүй. Тэгээд малын гаралтай, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэвэл үнэнд нийцэх үү?

ЭРСДЭЛ НЭМЭГДСЭЭР...
 

Нүүдлээс нүүдэлд эрсдэл дагуулсаар яваа мал аж ахуй бол Архангай аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь. Дэлхийд гайхуулах монгол сарлаг энэ л нутагтаа давжаарч, брэндлэг чанараа алдсаар байгаа. Уг нь  манайх чинь Өндөр уулсын бүсийн мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй аймаг шүү дээ. Цөөн ч гэсэн тамир, хотонт үүлдрийн хонь, тэрхийн бор сарлагийнхаа угшил, үржлийг додомдоод байвал ч... Устгаж, сэргээгээд байдаг Цөм сүргийн үржлийн төвийнхөө мянган малыг тоолох биш ашиглавал ч...

Чанар нэртэй эрлийз үнээг бэлчээрийн маллагаанд дасгах биш, байран аж ахуй болгоход бодлого, дэмжлэг байдаггүй. Жил бүрийн зээл тусламжаар цагаан идээний төсөлд хамгийн их мөнгө өгдөг ч тэр нь нөгөөх л олон малаа дэмждэг.

Улс даяар уралдаан зохион байгуулж, мянга мянгаар өсгөсөн мал сүрэгтэй байлаа гээд мянгат малчин ч бэлчээрийг худалдаж авч чадахгүй. Өвөрхангай аймгийн мянга мянган мал ийнхүү малчинтайгаа хамт зүдэрч яваа. Отор нүүдлээс болж тохиролцоо, тэмцэл зэрэгцэн өрнөдөг юм. Энэ өвөл манайд нэрэн дээрээ 200,0 мянга мал оторлож байгаа ч нэдэр дээрээ ганц нэг үхэр малаар наймаалцаад өвөлжүүлж, хаваржуулахаар хэдэн зуун мянган мал бэлчээрлэж л байгаа даа.

“Мал сүрэг төрийн хамгаалалтанд байхад мал малчин хоёроо газардуулахгүй дээ” гэдэг хандлага төрийн бодлого, малчдын сэтгэлгээнд бат суусан аж. Харин олон улс хэрхэн хандах, дэлхийн зах зээл яаж хүлээх авах нь эрсдэлтэй. Төрийн бодлого нь ч гуйвамтгай, тогтворгүй. Малчдаа бодоод, малыг нь үнэд хүргэх гэж байгаа нь гээд хятадуудад “найр тавьж”, нэг хэсэг адуу ачсан. Тэгэж байтал мах үнэд орчихлоо, бид яах вэ гэж хотынхон хашгирахаар нь наймаагаа зогсоочихсон. Ямартаа л урд хөршид хонийг хөлөөр нь оруулах боломж олгочихоод, гарч ч амжаагүй байхад нь хориг тавьж байхав дээ. Замын үүдэд хятад, монгол бизнесменүүдийн 20,0 мянга гаруй хонь хашаатай, хагас жил гаруй болж байгаа юм билээ. Хэлсэндээ хүрдэггүй монгол төрийн нимгэн бодлогыг тэд толгой сэгсрэн муушааж байгаа. Мал аж ахуйн бодлого, шийдвэр энэ мэтчилэн нэг л биш ээ.

Нүүдлийн мал аж ахуй бол монголчуудын дархлаа, өв мөн. Харин өнөө цагт хэтийдээд байна. Нүүдэлчин гэхэд нүүдэлчин биш, суурин гэхэд бас биш. Аль л өнгөтэй өөдтэй нутагт байр, байшин бариад суурин маяг руу хэлбийсэн. Өвөлжөө хаваржаагаа тойрч нүүгээд, онгон зэлүүдгүй, оторлох ч нутаггүй болсон байна.

 

Дэлхийн дулаарал гэж бөмбөрцөгт хамаатуулаад байгаагаас биш, түүнд нөлөөлдөг нэг шалтгаан нь мал юм. Манай баялаг гэж тоог нь зарлах тактик ашигтай сан уу, ямартай ч маапаантай тоологддог мал маань 70,0 саяд хүрчихлээ.

Аргалаад өнгөрдөг асуудлын ард эрсдэл нэмэгдсээр, шийдэл хүндэрсээр...Нэгэн өвөл ингэсгээд холдоно. Энэ хавраас ирэх өвлийн асуудал эхэлнэ...

 

 

x