Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулахад дэмжлэг үзүүлэх гурван сая долларын буцалтгүй тусламжийн гэрээг баталлаа

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Орчны эрүүл ахуйг сайжруулах зорилгоор нийслэлийн дүүргүүдэд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) гарын үсэг зурлаа.

“Хаягдал хүнс нь хотыг бохирдуулаад зогсохгүй нийгмийн эрүүл мэндийн ноцтой эрсдэлийг дагуулдаг,” гэж АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран хэлээд “Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх энэхүү буцалтгүй тусламжийн хүрээнд хаягдал хүнс дахин боловсруулах иргэдийн оролцоонд суурилсан тогтолцоог нэвтрүүлснээр Улаанбаатар хотын амьдрах орчныг сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах юм. Энэхүү төсөл нь хатуу хог хаягдлын менежментийн чиглэлээр хэрэгжиж буй Монгол Улсын бодлого, үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ АХБ-ны 2030 он хүртэлх урт хугацааны стратегит тусгагдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байгаа” хэмээн тэмдэглэв.

Улаанбаатар хотод жилд дунджаар 1.2 сая тонн хатуу хог хаягдал бий болдгоос 20 орчим хувийг нь дахин боловсруулдаг. Харин хүнсний хог хаягдал голдуу албан болон албан бус хогийн цэгүүдэд булагддаг байна. Хүнсний энэ их хаягдал хөрс, газрын доорх усыг бохирдуулаад зогсохгүй хотын иргэдийн эрүүл мэндэд, тэр дундаа цэвэр, бохир ус болон нийтийн аж ахуйн бусад үйлчилгээ хомс гэр хорооллын оршин суугчдын эрүүл мэндэд ноцтой эрсдэлийг учруулж байна.

“Улаанбаатар хотын оршин суугчдын оролцоонд суурилсан хүнсний хаягдлыг дахин боловсуулах төсөл”-ийн хүрээнд хүнсний хаягдлыг дахин боловсруулах өнөөгийн практикт тулгуурлан хаягдал цуглуулах, ялзмаг боловсруулах боломжит хувилбаруудыг иргэдийн оролцоотойгоор тодорхойлох юм.

Түүнчлэн, хүнсний хаягдлыг дахин боловсруулах өргөн цар хүрээтэй болон бага хэмжээний үйл ажиллагааг төслийн хүрээнд турших бөгөөд оновчтой хэрэгжсэн төслүүдийг хот даяар хэрэгжүүлэн, хаягдал хүнсийг дахин боловсруулахын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулан таниулах ажлуудыг гүйцэтгэнэ.  

Энэхүү төслийг Ядуурлыг бууруулах Японы сангаас санхүүжүүлж байгаа бөгөөд тус сангийн тусламжтайгаар ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр өнгөрөгч 20 жилийн туршид Монгол Улсад олон тооны төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд байгаа юм.

 

 

Эх сурвалж: Азийн хөгжлийн банк