Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Сайнбаяр: Монголд таван машин тутмын нэг нь хуурамч шатахуунаар явж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2020 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

-Хуурамч шатахууны асуудлаас болж монголчууд жилд 50-60 тэрбум төгрөгөөр хохирч байна-

Хуурамч түлш шатахууны улмаас үүсэж буй хор хохирлын талаар өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо хамтран мэдээлэл хийлээ. 

Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг химийн бодисууд ямар нэг татваргүйгээр хилээр орж ирдэг. Энэ нь хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэх гол шалтгаан болоод буйг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр хэлсэн юм.

Тэрбээр “Манай холбоо 2018 оноос хойш хуурамч шатахуун буюу химийн бодисоор автомашин явж байгаа талаар олон нийтэд мэдээлсээр байгаа. Холбогдох газрууд арга хэмжээ авахгүй байсаар байсан тул 2018 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан. 

Үр дүнд тухайн оны арванхоёрдугаар сарын 10-нд 201 тоот захирамжийн дагуу холбогдох төрийн байгууллагуудад шатахууны асуудлаар ажлын хэсэг байгуулж шалгахаар болсон. Гэтэл бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд шалгалтын үр дүнгийн талаар манай сэлэм эргүүлдэг Ерөнхий сайдын амнаас гарсангүй. Энэ асуудалд Засгийн газраас арга хэмжээ авч чадахгүй нь ийнхүү тодорхой болсон тул бид тэмцлийн арга хэмжээ зохион байгуулах болно” гэлээ. 

Түүнчлэн тэрбээр “Керосин гэх бодисын манай улсын жилийн хэрэглээ 3 мянган тонн. Гэтэл 2012 оноос хойших хугацаанд Монгол Улсын хилээр 1 сая 200 мянган тонн керосин орж ирсэн байна. Үүгээр дизелийн түлш хийж, зах зээлд нийлүүлж байгаа” гэсэн юм. 

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тооцоо судалгаагаар Монголд таван машин тутмын нэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу хуурамч шатахуунаар явж байгаа аж. Үүний уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирол учирч байгаа хэмээн тооцоолсон байна.

Хуурамч шатахууны асуудлаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Сангийн яаманд хандахаар болжээ. Учир нь хуурамч шатахууныг цэгцлэх ганц арга нь нефтийн нэмэлт бодисуудад онцгой албан татвар тогтоох хэмээн тэд үзжээ.