Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Боловсролын салбарт ЗУРГААН СТРАТЕГИ бүхий реформ хийх шаардлагатай

Б.Жаргалмаа, IKON.MN
2020 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Боловсролын реформ хөдөлгөөн" ТББ-аас мэдээлэл хийж байна.

ШУУД:

Манай улсад БОЛОВСРОЛ нь Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн нэг гэх боловч чанараараа дэлхийд сүүл мушгиж байна. Дэлхийн Эдийн Засгийн Форумаас гаргасан “Дэлхийн өрсөлдөх чадвар 2019” судалгаанд дүгнэснээр өндөр ур чадвартай мэргэжилтний олдцоороо Монгол Улс 141 орноос 139, мөн тус байгуулллагын 2017 оны “Хүний хөгжлийн тайлан”-д манай улсын боловсролын чанарын үзүүлэлт 187 улсаас 101-т жагссан зэрэг нь Монголын боловсролын салбар бүхэлдээ хангалтгүй байгааг харуулах олон статистик, судалгааны нэг юм. 

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 2018 оны элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгийн амжилтыг харьцуулбал, Монголын хүүхэд, багачууд хаана амьдарч байгаагаас шалтгаалж дундаж онооны зөрүү 50 хүртэл, төрийн болон төрийн өмчит бус буюу аль сургуульд сурч байгаагаас шалтгаалж онооны зөрүү зарим хичээл дээр 182 хүртэл болсон нь Монголд БОЛОВСРОЛЫН ТЭГШ БУС БАЙДАЛ гаарсныг илтгэнэ. 

Мөн 2018 онд танилцуулсан ядуурлын үзүүлэлтүүдэд боловсрол эзэмшээгүй иргэдийн ядуурлын хамрах хүрээ хамгийн өндөр буюу 52.8% байна.

Эдгээр нөхцөл шалтгааныг үндэслэн боловсролын салбарт шинэчлэл бус РЕФОРМ хийх шаардлагатай гэж үзэн “Боловсролын Реформ Хөдөлгөөн” байгуулагдаж байна. 

Монгол Улсын боловсролын салбарыг шинэчлэх “Боловсролын Реформ Хөдөлгөөн” ТББ байгуулагдсанаа өнөөдөр зарлаж байна. 

Тус хөдөлгөөнийг ШУТИС-ийн ТУЗ-ийн дарга, доктор, профессор  Д.Бадарч,  МУБИС-ийн ректор асан  Б.Жадамба, боловсрол судлалын магистр Г.Орхон, З.Энхмөнх, эдийн засагч Ө.Ганзориг, сэтгүүлч, редактор Ч.Болортуяа нар санаачлан эхлүүлж байгаа юм. 

Тус хөдөлгөөн цаашид дараах зургаан стратеги барьж ажиллах нь. Үүнд:

  1. Боловсролын салбарыг улс төрөөс ангид байлгах 
  2. Үнэт зүйлд тулгуурласан, суралцагч төвтэй, сэтгэлзүйд суурилсан боловсролыг хөгжүүлэх
  3. Дижитал суурьтай боловсрол
  4. Тооноос чанарт шилжих биш, тоо бүрийг чанар болгон хувиргах стратеги
  5. Багшийн боловсрол, хөдөлмөрийг төгөлдөржүүлэх
  6. Эцэг, эхчүүдийг бэлтгэх

“Боловсролын Реформ Хөдөлгөөн” боловсролын реформыг найман жилийн хугацаанд бүрэн хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс ч цаг алдалгүй энэ реформыг эхлүүлэхийн тулд тус салбарын эрдэмтэн, судлаачидтай хамтарсан форумыг удахгүй зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Санаачлагчдын байр сууринаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

2032 онд дунд сургуулиа төгсөх хүүхдэд өнөөгийн боловсролын системээс олж авсан мэдлэг хэрэг болох эсэх нь эргэлзээтэй

 
Гэрэл зургийг MPA.mn

Боловсрол судлалын магистр З.Энхмөнх:

  • Энэ жил нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхэд 2032 онд дунд сургуулиа төгсөнө. Их, дээд сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад боловсролын системд сурч, олж авсан мэдлэг, ур чадвар нь хэрэгтэй байх уу, бэлтгэгдэж чадсан уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс одооноос системийн шинэчлэл буюу боловсролын реформ хийх зайлшгүй шаардлага бий болж байна. 
  • “Сант марал”-ын 2019 оны судалгаагаар иргэдийн хамгийн их санаа зовж буй гурван асуудал бол ажилгүйдэл, амьжиргаа, боловсрол байсан. Боловсролын реформ хийснээр ажилгүйдлийг бууруулж, амьжиргааг дээшлүүлэх боломжтой. 
  • Сүүлийн үеийн технологийг ашиглаад тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломж байна. Жишээ нь, кодчилол, программчлалын хичээлийг ерөнхий боловсролын бүх сургуульд цахим ангиар дамжуулан хүргэх боломжтой. Түүнээс гадна эрүүл мэнд, зөв хооллолт, санхүүгийн болон хэвлэл мэдээллийн боловсрол зэрэг шаардлагатай бусад хичээлийг маш сонирхолтой агуулга, хэлбээрээр хийх бүрэн боломж байна.

Боловсролын шинэчлэлийг суурь судалгаагүй, улс төрийн намуудын богино хугацааны зорилгод нийцүүлэн хуумгай хийж ирсэн

 
Гэрэл зургийг MPA.mn

Боловсрол судлалын магистр Г.Орхон:

  • Боловсролын системийг 1990 оноос шинэчилж байна гэж ярьж байгаа ч сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг харвал маш өнгөц, гаднаас хуулах төдий хийсэн, суурь судалгаагүйгээр, улс төрийн намуудын богино хугацааны зорилгод нийцүүлэн хуумгай хийж ирсэн. 
  • ЖАЙКА-ийн судалгаагаар, Монгол Улс боловсролын хөтөлбөрөө суурь судалгаагүйгээр  хэрэгжүүлж, шинэчлэх гэж оролддог гэж гарсан. 
  • Монгол Улс бичиг үсэг тайлагдсан, их, дээд сургуульд суралцсан байдлаараа 149 орноос 29-д бичигдэж байгаа ч боловсролын чанар 101-т байгаа. Өөрөөр хэлбэл, Африкийн буурай орнууд, эсвэл дайн самуунтай орнуудтай ижил хэмжээнд сул байна. 
  • Сургалтын хөтөлбөр гэдэг нь зөвхөн мэдлэг, IQ-ээр өрсөлдөх биш, сэтгэлээ удирдах, асуудлыг шийдвэрлэх, тунгаах, бүтэн системээр харах, насан туршдаа сурах гэх мэт зөөлөн ур чадварыг суулгах шаардлагатай. 

Монгол Улсад үндэсний аюулгүй байдал гэж байдаг бол сурагчдын сурлагын чанар ийм муу болсныг ҮАБ-ыг хангадаг гурван гишүүн маань ярих ёстой

 
Гэрэл зургийг MPA.mn

Сэтгүүлч, редактор Ч.Болортуяа:

  • Манай редакц сүүлийн хоёр жил орчмын хугацаанд боловсролын тэгш бус байдлыг бууруулах, боловсролын реформ хийх шаардлага байгааг сурвалжлахдаа боловсролын салбар хэрхэн шалдаа буусан бэ гэдгийг нээлттэй байгаа тоо судалгаануудаар гаргахыг зорьж ирсэн. Энэ явцдаа боловсролын салбарын цөм болсон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын чанарын судалгааг Боловсролын Үнэлгээний төв, Боловсролын судалгааны хүрээлэн хийж ирсэн ч энэ мэдээллийг хав дарж НУУЦАЛЖ  ирснийг мэдсэн.

2018 онд Боловсролын Үнэлгээний төвөөс 12-р ангийн сурагчдын дунд хийсэн “Чанарын судалгаа”-гаар 100 хувиас сурагчдын дундаж оноо 

  1. 1. Математик 27.5 хувь 
  2. 2. Монгол хэл 53.2 хувь
  3. 3. Гадаад хэл 46 хувь
  4. 4. Сонгох хичээл 32.8 хувь тус тус авсан байна.

100 хувиас 50 хувьдаа ч хүрэхгүй байгаа юм. 2000 оноос хойш сурагчдын чанарын дундаж үзүүлэлт буурсаар 27-30 хувьд хүрсэн.  

  • Энэ мэдээллээ дандаа олон нийтээс нуудаг. Үүнийг иргэд, олон нийт, ээж, аавууд ороод үзэх боломжгүй. Яагаад нуудаг гэхээр сурагчдын үзүүлэлт хэтэрхий муу байгаа учраас тэр. Нуудаг учраас яаж сайжруулах талаар ярьдаггүй. 
  • Монгол Улсад үндэсний аюулгүй байдал гэж байдаг бол сурагчдын сурлагын чанар ийм муу болсныг ҮАБ-ыг хангадаг гурван гишүүн маань ярих ёстой. Чанарын шалгалт үнэхээр чанарын өндөр шаардлага тавиад байна, хүүхдүүд өөрсдөө муу байна уу гэдэг дээр мэрэгэжлийн судлаачид оролцоод ажил хэрэгч мэтгэлцээн бий болгох ёстой. Монгол Улсад ирээдүй байх ёстой бол энэ хамгийн чухал асуудал. 
  • Төгсөгчдийн ЭЕШ гэхэд сурагчид хаана амьдарч байгаагаас хамаарч ямар их ялгаатай, тэгш бус байгааг iKon.mn сайт зарласаар ирсэн.
  • Түүнчлэн бид төсвийг нь баталдаг, засгийн газрын бодлого хөтөлбөрийг хянадаг УИХ ын гишүүдийн хүүхдүүд хаана сурдгийг ОН-д танилцуулсан. Ингэхэд хүүхдүүдийнх нь 95 хувь хувийн өндөр төлбөртэй сургуульд сурч байгааг харуулсан.  
  • Энэ нь бид хувийн сургууль руу дайрах зорилго байгаагүй, мэдээлэлд хамгийн ойрхон хүмүүс хүүхдүүдээ аль сургуульд сургаж байна вэ, тэд нийтийн боловсролыг яагаад өөрсдийнхөө хүүхдүүдийн сурч байгаа сургууль шиг болгох дээр анхаардаггүй вэ гэдгийг харуулахыг зорьсон байгаа.
  • Ийм чухал асуудлыг улс төрийн намууд, бодлого тодорхойлогчид, судлаачид яагаад  ярьдаггүй вэ? Тиймээс манай төрийн бус байгууллага аналитик судалгаа, нээлттэй уулзалт хэлэлцүүлгүүдийг цаашид зохион байгуулах болно. 

2020 оны сонгуульд өрсөлдөж байгаа бүх улстөрч, улс төрийн намууд боловсролын реформыг мөрийн хөтөлбөртөө тусгаасай

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Ө.Ганзориг:

  • Боловсролын реформ хөдөлгөөн бол улс төрийн хөдөлгөөн биш, бид аль нэг улс төрийн намаас хараат бус. Боловсролын салбарт санаа зовж явдаг тэргүүлэгч судлаачид,эрдэмтэн мэргэд, сэтгүүлч, эдийн засагч, эцэг эх, багш нар нийлж байгуулагдаж байна. 
  • Монгол Улсад ядуурлын түвшин 30 хувиас буухгүй, баян, хоосны ялгаа өндөр болсон. Манай улс 1990-2020 он хүртэл капитализмаар замнаж ирэхдээ нэг том алдаа хийсэн нь баялгийн тэгш бус хуваарилалт. 
  • Ядуурлыг бууруулах гол хүчин зүйл нь боловсрол гэж олон улсын байгууллагууд дүгнэж байна. Харин Монголд боловсролын салбар 20 гаруй жил хаягдаж ирсэн.
  • Финланд, Өмнөд Солонгос, Сингапур гэх мэт 20 жил боловсролдоо реформ хийж, ямар хүчирхэг болсон жишээ бэлхнээ байна. Харин бид өнгөрсөн 30 жилийг сонгууль, халамж зэрэгт зарцуулж, эдийн засгаа туйлдууллаа. 
  • Солонгосын “Самсунг” гар утсыг дэлхий даяараа хэрэглэж байна. Тус улсын экспортын 90%-ийг яг “Самсунг” шиг хувь нь хүний боловсролын үр дүнд гарсан бүтээгдэхүүн эзэлж байгаа бол Монгол Улсад эсрэгээрээ 90 хувь нь байгалийн баялаг. 
  • Бид нэгдэж, боловсролын реформ хийхэд уриалж байгаа гол шалтгаан бол 2020 оны сонгуульд өрсөлдөж байгаа бүх улстөрч, улс төрийн намууд боловсролын реформыг мөрийн хөтөлбөртөө тусгаасай гэснийх. 
  • Эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарч, нэг удаагийн халамжийн мөнгөнд хууртаж саналаа өгөх биш, ирээдүйгээ харж, боловсролын реформыг харж сонголтоо хийгээсэй. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.