Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос хийсэн мэдээлэлтэй холбоотойгоор Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн чиглэлд орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан компаниудын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.
Одоогоор Ховд аймгийн чиглэлд 10:00, 13:00 цагт,
Увс аймгийн чиглэлд 11:00, 15:00 цагт
Баян-Өлгий аймгийн чиглэлд 11:00 цагт тус бүр хоёр талаас хот хоорондын нийтийн тээврийн автобус үйлчилгээ үзүүлдэг аж.
Харин эдгээр автобусууд дээр өдөр бүр 1-2 автобус нэмэлтээр явдаг учраас бид цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлт гаргасан хэмээн “Цаст тээлийн зам” компанийн хуулийн зөвлөх Д.Баатарбал тайлбарлав.
Тэрбээр “Нутгийн иргэдийн дунд одоо байгаа автобусаар зөвхөн үйлчлүүлэх биш илүү сонголттой болгож, шинээр цагийн давтамж нэмэгдүүлэх хүсэлт түгээмэл байдаг.
Би хүсэлтээ аймаг орон нутгийн удирдлагад тавьсан. Нутгийн удирдлагын зүгээс байнгын ажлын байр нэмэгдэх, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмж сайжрах ач холбогдолтой учир саналыг маань дэмжсэн.
Одоогоор бид АТҮТ-д энэ хүсэлтээ гаргаад байна. Судалгаагаар компаниудын тавьсан хүсэлтийн хэрэгцээ шаардлага нь бодит гэсэн дүгнэлт гарсан бөгөөд тус аймгуудын зорчигч тээврийн урсгал 76-80 хувьтай байгаа учраас шинээр цагийн давтамж нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Харин хуучин шугаманд явсан жолооч нар өөрсдөө явна гэж бидний үйл ажиллагаанд саад хийж байна.
Өрсөлдөөний хуульд зааснаар тухайн зах зээлд шинэ өрсөлдөгч гарч ирэхийг хязгаарлах, эсвэл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Тиймээс АТҮТ-өөс шаардлага хангасан компаниудыг шугамд явуулахыг хориглосон шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байхгүй гэсэн үг” гэсэн юм.
Баян-Өлгий аймгийн “Аман авто транс” компанийн захирал Н.Серик “Одоо байгаа компанийн удирдлагууд биднийг шинэ компани учраас жолооч нар нь туршлагагүй гэж ойлгож байна.
Харин манай жолооч нар туршлагагүй биш бөгөөд доод тал нь гурван жил, дээд тал нь 23-25 жилийн туршлагатай. Эдгээр жолооч нарын ард нийт 54 гэр бүлийн эрх хөндөгдөж байна.
Бид боломжгүй зүйлийг шахаж, шаардаж байгаа юм биш. Давтамжийг нэмснээр иргэдэд цагийн хуваарийн сонголт бий болно.
Үүнийг орон нутгийн иргэд болон удирдлагууд ч дэмжиж байгаа” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|