Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

Томуугийн А вирусийн эсрэг хэрэглэх эмийг эмнэлгүүдэд тараасан ч улсын хэмжээнд В вирус дэгдээд байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Улсын хэмжээнд өнгөрөгч долоо хоногт амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% /21,774/-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрээд байна.

Аймгуудаас Баян-Өлгий, дүүргүүдээс Баянзүрх, Налайхад өвчлөл хамгийн бага байна

Амбулаторийн үзлэгт эзлэх хувийг аймаг дүүргээр харвал, Архангай, Говь-Алтай, Дархан-Уул, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймагт улсын дунджаас давж, тэр дундаа Архангай, Төв аймагт 20-оос дээш хувьтай байна.

Нийслэлийн дүүргүүдээс Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт улсын дунджаас дээгүүр хувьтай байгаа бол Баянзүрх, Налайх дүүрэгт томуу, томуу төст өвчний улмаас амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо хамгийн бага байгаа юм.

Амбулаториор үйлчлүүлэгчдийн тоо өмнөх долоо хоногоос 3 хувь, өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар өссөн байна. Аймаг, дүүрэг тус бүрээр харвал, ганц аймагт буюу Баян-Өлгийд л өвчлөл өмнөх оны мөн үеэс 0.7 хувиар буурчээ.

 

Хүн амын дунд томуугийн В вирустэй зэрэгцэн амьсгалын замын синциталь вирус, бокавирус, риновирус, короновирус тус тус эргэлтэд байгаа.

Амьсгалын замын синциталь вирус нь өндөр настай хүмүүс болон бага насны хүүхдүүд, ялангуяа 6-аас доош сартай нярай хүүхдүүдэд хүндрэл илүү үзүүлдэг тул эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагахыг ХӨСҮТ-өөс зөвлөөд байна.

Нэгэнт дэгдэлт гарсан энэ нөхцөлд бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан гээд эрсдэлт бүлгийнхэн олон нийтийн газраар зорчихоос татгалзах, олныг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх нь томуугаас сэргийлэхэд хамгийн үр дүнтэйг онцолж байгаа.

Салбарын сайд Д.Сарангэрэл энэ сарын 12-нд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг Осельтамивар эмийг эмнэлгүүдэд хуваарилан олгох арга хэмжээний үеэр "Энэ сарын 23-наас сурагчдын амралт эхлэхтэй холбоотойгоор буурах байх гэсэн найдлага тавьж байгаа" хэмээж байсан.

Тэгвэл сурагчдийн амралт эхэлсэн долоо хоногт томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоосоо өссөн үзүүлэлттэйн дээр томуугийн В вирусийн дэгдэлт гараад байна. Энэ нөхцөлд А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг Осельтамивар эмээ хэрэглэж байгаа болов уу?

Нийслэлд дүүргийн эмнэлгүүд 24 цагаар ажиллаж байгаа хэдий ч ачаалал ихтэй, иргэд 1-4 цаг хүртэл дугаарлан эмчид үзүүлж байгаагаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлсээр байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn
"Өвлийн эд хүйтнээр сурагчдыг амраах санаачилгыг би эмчийн хувиар 100 хувь дэмжинэ"

Хүүхдийн томуугийн өвчлөлтэй холбоотойгоор санаа зовоож буй асуудал бол хүүхдийн эмийн хэрэглээ гэдгийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч, уушгины эмч Н.Наръяа хэлсэн юм.

"Өвлийн улиралд бараг бүх хүүхэд ханиад хүрч, эм уухаас аргагүй болж байна. Тэгэхээр хүүхдээ хүйтэнд аль болох гадуур авч явахгүй, хол зөөхгүй байх шаардлагатай. Тиймээс өвлийн эд хүйтнээр сурагчдыг амраах санаачилгыг би эмчийн хувиар 100 хувь дэмжиж байгаа. Хичээлийн улиралд өөрчлөлт оруулахгүй бол цаашид уушгины өвчлөл яагаад ч буурахгүй.

Манайхан шиг хоолойн өвчлөл, амьсгалын дээд замын архаг үрэвсэл ихтэй ард түмний хувьд хүйтэн улирал өвчлөлийг сэдрээх гол хүчин зүйл болдог" гэдгийг эмч хэлж байсан юм.

ЗӨВЛӨГӨӨ:

Хүйтэн болон агаарын бохирдолтой үед амьсгалын замын өвчлөлөөр өвчлөхгүй байхын тулд доорх энгийн зөвлөмжийг дагах шаардлагатайг эмч зөвлөж байна.

  •     Дур мэдэн эмчийн зөвлөгөөгүйгээр эм уухгүй байх.
  •     Дулаан хувцаслаж, шингэн зүйл уух /Шингэн уух зүйл нь халуун, бүлээн байх ёстой бөгөөд усыг дангаар нь уухаас татгалзаж, ядаж л үзэмний шүүс, С витамин уух хэрэгтэй/.
  •     Биеийн ерөнхий дархлаагаа дэмжих зорилгоор өөрийн нас, биеийн онцлогт тохирсон витаминыг тогтмол уух.
  •     Томуугийн вакцин хийлгэх /Амьсгалын замын өвчлөл нь хүндэрдэг бага насны хүүхдүүд болон байнга ханиалгадаг насанд хүрэгсэд/.
  •     Цочир хүйтэн агаараас сэргийлэх зорилгоор ороолт, амны хаалт зүүж хэвших /Шууд хүйтэн агаараар амьсгалахаас зайлсхийх нь хоолойн үрэвсэл сэдрэхээс урьдчилан сэргийлнэ/.
  •     Өвөл ид хүйтний улиралд хүүхдийг аль болох гадуур дагуулж явахгүй байх /Ингэхдээ хүүхдийг дааруулахгүй, агааржуулагчтай авто машин дотор тогтмол урт хугацаагаар зөөвөрлөхгүй байх шаардлагатай/.