Туркменистан улс, түүний дарангуйлагч Гурбангулы Бердымухамедов нь Нэтфликс компанийн шинэ киног бүтээх сэдлийг өгсөн бололтой.
Долоо хоногийн өмнө Нэтфликс компани $150 саяын төсвөөр бүтсэн “6 Underground” киног үзэгчдэдээ хүргэж эхэлсэн юм.
Уг бүтээлд Америкийн технологийн тэрбумтан Тургистан нэртэй улсын дарангуйлагч дэглэмийг унагаж, ардчилсан ёсыг тогтоохоор тэмцэж байгааг дүрсэлдэг.
Кинонд дүрслэгдсэн Тургистан улс нь Туркменистан, дарангуйлагч нь Бердымухамедовыг санагдуулмаар адилхан байгаа юм.
Холливүүдийн од Райан Рэйнольдсын бүтээсэн дүр болох тэрбумтан эр Тургистаны дарангуйлагч Ровач Алимовыг зайлуулж, оронд нь гадаадад хоригдож байгаа түүний ах Муратыг шинэ удирдагч болгохоор тэмцдэг байна.
Ингэхдээ тэр өөртөө “Нэг” гэсэн нууц нэр өгч, тагнуул, алуурчин, хулгайч, эмч, жолооч мэргэжлийн таван хүнийг элсүүлээд тус бүрт нь Хоёр, Гурав, Дөрөв, Тав, Зургаа гэсэн нууц нэр өгдөг ажээ.
Дугаар Зургаа нь ажиллагааны үеэр алагдаж, оронд нь Долоо нэрээр тусгай тасагт мэргэн бууч байсан хүнийг нэмж элсүүлдэг байна.
Тэмцлийн сүүлийн шатанд тэд Тургистаны төрийн өмчит телевизийн байрыг эзэлж, тэнд ард түмэндээ хандан үг хэлэх байсан дарангуйлагчийн оронд Муратаар үг хэлүүлдэг ажээ.
Муратын хэлсэн үг тус улсын ард иргэдийг сэрээснээр дарангуйлагчийнхаа эсрэг тэмцэж эхэлдэг. Эцэст нь дарангуйлагч хувийн завиараа зугтаж яваад сүйрдэг байна.
Тургистаны ерөнхийлөгчийн Ровач хэмээх нэр нь үнэндээ Бердымухамедовын хайртай азарганы нэр юм.
Адуунд нугасгүй Бердымухамедов хайртай азаргандаа зориулж дуу бүтээснээ өнгөрсөн есдүгээр сард телевизээр цацаж байжээ.
Үүнээс гадна Туркменистаныг санагдуулам өөр олон зүйлийг Тургистанаас харж болох гэнэ.
“6 Underground” киноны зургийг Унгар, Итали, АНУ, Арабын Нэгдсэн Эмират улсуудад авчээ.
Харин Туркменистанд интернэт сүлжээ хатуу хяналттай, Нэтфликс сүлжээ хаалттай байдаг тул Бердымухамедов өөрийнхөө тухай бүтээлийг олж үзэж чадсан эсэх нь тодорхойгүй байна.
Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!