Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчуудын АНГЛИ хэлний мэдлэг дэлхийн 100 орноос 88 дугаарт байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

EF Education First боловсролын байгууллага жил бүр дэлхийн улс орнуудын сайн дурынхнаас онлайн шалгалт авч, англи хэлний мэдлэгийн түвшнийг нь тогтоодог.

Өчигдөр тус байгууллага дэлхийн 100 улс орны иргэдийн мэдлэгийг шалгаснаа танилцуулжээ. Ингэхэд Монгол улс 88 дугаарт “маш муу” үнэлгээтэй жагссан байна.

Улс орнуудыг авсан дундаж оноогоор нь “Маш сайн”, “Сайн”, “Дундаж”, “Муу”, “Маш муу” гэж ангилжээ.

Англи хэлийг хамгийн сайн эзэмшсэн иргэдтэй 10 орныг жагсаавал:

  1. Нидерланд
  2. Швед
  3. Норвеги
  4. Дани
  5. Сингапур
  6. Өмнөд Африк
  7. Финланд
  8. Австри
  9. Люксембург
  10. Герман орсон байна.

Иргэд нь Монголчуудаас улсаас муу үнэлгээ авсан 12 орныг жагсаавал:

89. Афганистан

90. Алжир

91. Ангол

92. Оман

93. Казахстан

94. Камбож

95. Узбекистан

96. Зааны ясан эрэг

97. Ирак

98. Саудын Араб

99. Киргизистан

100. Ливи байна.

Манай хөршүүдээс Орос улс 48 дугаарт “Myy” ангилалд орж, Хятад улс 40 дүгээр байрт “Дундаж” ангилалд багтсан байна. Бүс нутгийн орнуудаас Өмнөд Солонгос 37 дугаарт “Дундаж” ангилалд байгаа бол Япон улс 53 дугаарт “Муу” ангилалд оржээ.

EF Education First байгууллагын шалгалтад нийт 2.3 сая хүн оролцсоны 59 хувь нь эмэгтэй, 41 хувь нь эрэгтэй байжээ. Тэдний 90 хувь нь 40 хүртэл насныхан, голч нас нь 23 байна.

Бүс нутгаар нь ангилбал оролцогч улс орнуудын 33 нь Европ, 25 нь Ази, 19 нь Латин Америк, 13 нь Африк, 10 нь Ойрх Дорнодын орнууд байжээ.

Шалгалтыг Европчууд тэргүүлж, Ази, Латин Америк, Африк удаалж, Ойрх Дорнодынхон сүүл мушгисан байна.

Үнэлгээний бүрэн тайлантай энэ холбоосоор танилцаарай.