Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн дууллыг Төрийн түүхийн музейд үзмэр болгон зална

ikon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ой, Монгол төрийн билэг тэмдэг Монгол Улсын төрийн дууллын хөгжмийг зохиосны 70 жилийн ойг тохиолдуулан МУ-ын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлэх, төрийн дууллыг зохиогч Лувсанжамбын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн, Цэндийн Дамдинсүрэн нарын гавьяаг алдаршуулж дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Лувсанжамбын Мөрдорж” сангаас санаачлан БСШУСЯ-ны Соёл Урлагийг дэмжих сан, Airticket компаний санхүүжилт, Архивын ерөнхий газар, Төрийн түүхийн музейн дэмжлэгтэйгээр МУ-ын төрийн дууллыг Төрийн түүхийн музейд үзмэр болгон өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-нд залах гэж байна.

Монгол төрийн сүлд, туг, далбаа, тамганы хамтаар Төрийн түүхийн музейд залрах энэ үзмэр нь төрийн дууллыг бүтээсэн тухай архивын баримт сэлт ба аудио бичлэг,  шинэ баримтат видео бүтээл, гурван зохиолчийн гурван эх бүтээлийг анх удаа олон нийтэд толилуулах юм.

“Лувсанжамбын Мөрдорж” санг Л.Мөрдоржийн хөгжмийн бүтээлийг сурталчлах, баримтат өвийг хамгаалах, Л.Мөрдорж судлалыг хөгжүүлэх зорилгоор түүний хүү төгөлдөр хуурч удирдаач М.Эрдэнэбаатар агсан байгуулсан бөгөөд Л.Мөрдоржийн ач нар тус сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Тус сангаас Л.Мөрдоржийн намтар уран бүтээлийн тухай баримтат кино бүтээж, Монгол улсын анхны симфони Л.Мөрдоржийн 1-р симфоний пянз хэвлэн нийтэлж, “Л.Мөрдорж-100 жил” шилдэг бүтээлийн хүндэтгэлийн тоглолтыг 12 сарын 4-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулах гэж байна.  

Арваннэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас болох Монгол Улсын Төрийн дууллын үзмэрийн нээлтийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99196623 утсаар авна уу.

Түүхийн баримт сөхвөл 1914 онд Богд хаант Монгол улсын төрийн дууллыг Богд хаант Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Оросын Санкт-Петербургийн Маринийн театрынн хийлч А.Кадлец “Зуун лангийн жороо луус” ардын дууг найруулан зохиожээ. Энэхүү сүлд дууг 1914-1924 онд  шашин төрийн ёслолд эгшиглүүлж байв.Үүний дараа С.Буяннэмэх, Н.Насанбат нарын 1922 онд зохиосон “Монгол Интернационал” дууг аливаа ёслол арга хэмжээнд төдийгүй Монголын радиогийн өргөн нэвтрүүлгийн эхлэл төгсгөлд улсын төв театрын хөгжимчид хөгжимдэж байжээ.

1945 онд Тусгаар Монгол улс төрийн сүлд дуулалтай байх нь зүйтэй гэсэн ард нийтийн санаачлага гарснаас хойш БНМАУ-ын төрийн дууллыг бүтээх ажил ундарчээ. 

Мөн ондоо Урлагийн Хэрэг эрхлэх газраас төрийн дууллын шүлгийг бичих хааллтай уралдааныг зохиолч яруу найрагчдын дунд зарлаж, Ц.Дамдинсүрэнгийн шүлэг ба Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлэгт ая зохиолгох болжээ.

1949 онд БНМАУ-ын сүлд дууллын хөгжмийг зохиох уралдаанд тухайн үеийн урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Мөрдорж гуай “Бор шувуу”, Б.Дамдинсүрэн “хэрээ” гэх нууц нэрээр оролцож, зохиолч Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлгээр төрийн сүлд дууллын аялгууг бичиж, 1949 оны 3 сард циркийн хөгжимчид ба төв театрын найрал хөгжим нэгдэн хор дуучидтай тоглуулж сонирхуулжээ. Уралдаанд ардын дуунууд, Монгол интернационал, Зуун лангийн жороо луус тэргүүтэй олон бүтээлийг харьцуулан сонссоны эцэст Б.Дамдинсүрэнгийн сүлд дууллын бадаг хэсгийн аялгууг, Л.Мөрдоржийн зохиосон сүлд дууллын дахилт хэсгийн аялгуутай нийлүүлэхээр болжээ. Ингээд 1949 оны арванхоёрдугаар сард энэхүү шинэ дууллыг төв театрын найрал хөгжимчид ба цэргийн үлээвэр найрал хөгжмөөр тоглож Маршал Чойбалсан болон Урлагийн асуудал эрхлэх хорооны хөгжмийн зүтгэлтнүүдэд сонсгон санал хурааж олонхиороо дэмжсэн байна.

Улмаар 1950 оны хоёрдугаар сарын 24-ны улс төрийн товчооны хурлаар төрийн дууллын хөгжмийг албан ёсоор баталсан байна.

Улсын дууллын уралдаанд 1946 оны дөрөвдүгээр сард ирүүлсэн Цэндийн Дамдинсүрэн гуайн шүлгийг хэдэн удаа хэлэлцэж засварласны хойно 1950 оны гуравдугаар сард төрийн дууллын шүлгээр баталсан байна. Үүнтэй зэрэгцэн 1950 оны гуравдугаар сард Москвад Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын зохиосон төрийн дууллын ая, төгөлдөр хуурын клавирыг ЗХУ-ын эмэгтэй хөгжмийн зохиолч Морова тоглож дуулж яруу найрагч С.Михалков, Исаковский нарт сонсуулсан ба С.Михалков симфони найрал хөгжим болон үлээвэр найрал хөгжимд найруулах, партитур буюу удирдварыг оросын Василенко,Чернецкий нараар бичүүлэхийг санал болгожээ. Хожим нь эдгээр 2 удирдвар нотыг Монгол руу илгээжээ.

1950 оны дөрөвдүгээр дүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид “БНМАУ-ын шинэ сүлд дууллыг батлах тухай” 43 дугаар зарлиг гарган батлаж, 1950 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн төрийн сүлд дууллыг орон даяар эгшиглүүлж эхэлжээ.
Монгол Улсын төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэнд төрийн шагнал, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарт төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртээж хүндэтгэл үзүүлсэн билээ.