Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ирэх таван жилийн хугацаанд дэлхийн илжигний тоо толгой 50 хувиар хорогдох төлөвтэй байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Хятадын уламжлалт анагаах ухаанд түүхий эд болон ашиглагдаж байгаагийн улмаас дэлхийн илжигний тоо толгой ирэх таван жилийн хугацаанд тал хувиар буурах төлөвтэй байна гэж Их Британид төвтэй The Donkey Sanctuary байгууллага мэдэгджээ.

Илжигний арьснаас гаргаж авдаг цэлцэгнүүр төрлийн бодисыг эжиао нэртэй эм бүтээхэд ашигладаг байна. Хэдэн мянган жилийн өмнөөс хүний цусны эргэлтийг сайжруулах зорилгоор уг эмийг бүтээж иржээ.

 

Өнөөдөр жил бүр 4.8 сая илжиг ийм зорилгоор нядлагдаж байгаа гэнэ.

Хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл дэлхийн нийт 44 сая илжигний тал нь ирэх таван жилд устаж үгүй болох ажээ.

2007 оноос хойш Бразилд илжигний тоо толгой 28 хувиар, Ботсванад 37 хувиар, Киргизэд 53 хувиар хорогдсон байна. Эрэлт өндөр байгаагаас илжгийг хулгайлж, нядлах үзэгдэл нэмэгджээ.

Хятад улсад 1992 оноос хойш илжигний тоо толгой нь 76 хувиар буурсан тул зах зээлийн эрэлтийг гадаад улс орнуудаас нөхөж байна.

Илжиг өөрөө нөхөн үржихдээ удаан амьтан тул ферм байгуулж өсгөлөө ч зах зээлийн эрэлтийг дийлэхээргүй байгааг The Donkey Sanctuary мэдээлсэн байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн 18 улс орон илжигний аж ахуйг хамгаалах арга хэмжээ авсан ч үр дүн муутай байгаа юм. Илжиг хэмээх энэ амьтан манай дэлхийн хамгийн ядуу буурай хөгжилтэй бүс нутгуудын 500 орчим сая хүний амьдрал ахуйд чухал үүрэгтэй байдаг.

Гэвч зах зээлийн эрэлтийг дагаад хүмүүс чухал хөрөнгө болсон илжгээ хулгайд алдах явдал эрчимтэй нэмэгдэж байна. The Donkey Sanctuary илжигний арьс Хятадын уламжлалт анагаах ухаанд чухал түүхий эд болохыг ойлгож байгаа ч орлуулах өөр арга зам хайхыг эжиао үйлдвэрлэлийн салбарынханд уриалсан байна.

 

Эх сурвалж: The Guardian