Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Бат-Эрдэнэ: ХЭҮК-ын гишүүний хүү 298 сая төгрөгийн орон сууцны төлбөрөө төлөхгүй байна

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Иргэн Т.Бат-Эрдэнэ ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг хууль бус үйлдэл хийж байна хэмээн өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр "ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн хүү Б.Жавхлантөгс 2014 оны есдүгээр сард "Nomun village" хотхонд 106 м/кв талбайтай 298 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн өрөө байрыг худалдан авах гэрээ байгуулж, ямар ч төлбөр төлөхгүйгээр нүүж орсон байдаг. Мөн 28 сая төгрөгийн үнэтэй дулаан зогсоол худалдан авахаар болсон. Гэтэл Б.Жавхлантөгс гэдэг хүн нэг ч төгрөг төлөлгүй байсаар байгаад 2018 оны нэгдүгээр сар хүргэсэн. Гэрээнд заасан графикийн дагуу төлбөрөө төлөөгүй учраас 2018 оноос эхлэн байрнаас гар хэмээн шаардаж эхэлсэн боловч гараагүй. Бидний зүгээс албадан гаргаж чадахгүй байсан учраас ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандсан. Ингээд эрүүгийн хэрэг нээсэн боловч шалгалтын ажил удаашраад өнөөдрийг хүртэл үргэлжилсээр л байна. Бараг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж байх шиг байна. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй учраас өөр зүйл ярьж болохгүй байгаа.

Анх хэрэг нээгдэхэд шалгаж байсан мөрдөн байцаагч П.Оюунчимэг гэдэг хүн болон прокуророос хууль бус зүйл шаардаж байгаа учраас ажлаа өгч байгаагаа бидэнд хэлж байсан.

Тиймээс П.Оюунчимэг цагдаагийн байгууллагад нөлөөлдөг юм байна гэж харах болсон. Түүнчлэн саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан бичлэг дээр ХЭҮК-ын гишүүн Т.Оюунчимэг "Би дандаа хууль хүчний байгууллагатай харьцдаг. Энэ авгай намайг шоронд хийчихнэ гэж мэдэхгүй байна тэ. Би хийвэл зүгээр шууд утасдаад л наадхаа барь. Үүн шиг хурдан юм алга" гэж хэлсэн байна. ХЭҮК-ын гишүүн, хүний эрхийг хамгаалах үүрэгтэй хүн ингэж ярьж болох юм уу.

Энэ мэт хүний эрхийг хамгаалах ёстой хүмүүс зөрчөөд явж байгаа учраас хэвлэлд хандаж байна. Төрийн өндөр албан тушаал хашдаг хүн ийм хариуцлагагүй байж болохгүй гэж үзэж байгаа учраас Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад энэ хүнд хариуцлага тооцуулахаар хандаж, албан бичиг хүргүүлж байгаа.

Мөн бараг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч байгаа хэргийн шалгалтын ажил эрчимжих болуу хэмээн найдаж хэвлэлд хандлаа" гэж ярив.

Өнөөдрийг хүртэл Б.Жавхлантөгс гэдэг хүн байрнаасаа гараагүй байгаа бөгөөд 2014 онд байгуулагдсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 5 жил болоод дуусч байгаа гэдгийг мөн хэллээ.