Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Богд-Ар" хороололд зөвшөөрөлгүйгээр цахилгааны шугам татах гэж байв уу?

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN

Богд-Ар хороололд 10 мянган киловатт түүнээс дээш өндөр хүчдэлийн шугамыг явган хүний зам дор булж, аюултай нөхцөл үүсгэж буй талаар тухайн хорооллын оршин суугчдын төлөөлөл хэвлэлд хандан, мэдээлэл хийлээ.

Бид энүүгээр цахилгааны шугам татуулахгүй. Эсэргүүцэж байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Оршин суугч Г.Нямдаржаа “Би энэ хороололд 10 орчим жил амьдарч байна. Энд 6,000 гаруй оршин суугч, давхардсан тоогоор 10 мянга орчим хүн амьдарч байгаа. Гэтэл өнөөдөр энд 10 мянган киловатт, түүнээс дээш өндөр хүчдэлийн шугамыг 20-хон сантиметрийн гүехэн нүхэнд булсан болоод өөр орон сууц руу татаж байна. 

Яг манай байрны урд талд "Тэргүүн Чансаа" гэх барилгын компани 16 давхар хоёр орон сууцны барилга барьж байгаа. Тэр баригдаж байгаа орон сууц руу энэ шитнээс нэг километр гаруй урт газар ухаж тог дамжуулах гэж байна.

Манай хорооллын дундах замд ус зайлуулах шугам байхгүй. Бороо орвол энүүгээр дүүрэн ус болдог учраас зуны цагт энэ бидэнд ямар аюул учруулж болохыг мэдэхгүй" гэсэн юм.

Мөн тэрбээр, "Монголчууд газар доорх цахилгааны шугамыг баталгаатай хийж чадахгүй. Энэ хүмүүсийн ажиллаж байгаа нь техникийн нөхцөл юу ч байхгүй юм билээ. Зүгээр л хотын ерөнхий төлөвлөгөөний канондсон зураг барьчихсан түүгээрээ оршин суугчдыг хуурч байна. Бид ямар ч байсан энд шугам татуулахгүй. Эсэргүүцэж байна" хэмээн нэмж хэлэв.

Урд жилийнх шиг үйл явдал тохиолдох вий гэхээс үнэхээр айж байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хэвлэлд хандах болсон учир шалгаанаа Оршин суугч Э.Батцэнгэл тайлбарлахдаа “Бид яагаад үүнд их эмзэг хандаж байгаа гэхээр энэ хэсэгт их ус тогтдог. Өнгөрсөн жил 20А байрны урд хэсгийн төмөр хашаа дээгүүр цахилгааны утас татсаны улмаас борооны ус туулан зам гарч байсан хүмүүс бүгд тогонд цохиулаад ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн удаатай. 

Одоо нүх ухаж байгаа хэсэгт ч гэсэн их ус тогтдог. Тиймээс энэ хэсэгт зун бороо орвол дахиад урд жилийнх шиг үйл явдал тохиолдох вий гэхээс үнэхээр айж байна” гэсэн юм.

 "Өөрсдийгөө Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээгээс явж байгаа гэж хэлсэн"

Оршин суугч Н.Бөмчин “Би энд хүнсний мухлаг ажиллуулдаг. Манай урдуур газар ухаад эхлэхээр нь яах гэж газар ухаж байгааг тухай хэд хэдэн удаа асуухад кабелийн шугам татаж байгаа гэж хэлж байсан.

Энэ хүмүүс хоёр хоногийн өмнөөс ухсан. Өөрсдийгөө Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээгээс явж байгаа гэж хэлсэн" гэв.

Гэрэл зургийг Mpa.mn

 


Бид УБЦТС ТӨХК-ний  Баруун түгээх төвийн ашиглалтын инженер Г.Даваасамбуугаас утсаар тайлбар авахад "Дуудлага гомдлын дагуу тухайн компани зөвшөөрөлгүйгээр цахилгаан ашиглах гэж байсан эсэхийг шалгуулахаар хүн явуулсан.

Одоогоор “Тэргүүн чансаа" гэдэг компани өөрсдийнхөө ухсан нүх биш гэсэн тайлбар өгч байна. Тиймээс тухай компани хулгайгаар цахилгаан дамжуулах шугам татах гэж байсан эсэхийг би шууд хэлж мэдэхгүй.

Хэрвээ зөвшөөрөлтэй тохиолдолд газар доогуур цахилгааны утас татах нь хэвийн үзэгдэл. Улаанбаатар хотын цахилгааны шугамуудын ихэнх нь газар доогуур явсан байгаа” гэлээ.