Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Номуундарь: "Мөнгөн гүүр" эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн 5 жилийн ойн хүрээнд 200 иргэнд 10 сая төгрөгийн өртөг бүхий эхо оношилгоог үнэгүй хийж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

"Мөнгөн гүүр" эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Г.Номуундарьтай тус тасгийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.

- "Мөнгөн гүүр" эмнэлгийн Дүрс оношилгооны тасаг бусад эмнэлгийнхээс юугаараа онцлог вэ?​

- "Мөнгөн гүүр" эмнэлэг анх байгуулагдахдаа Дүрс оношилгооны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан түүхтэй. Энэ сарын 14-нд таван жилийнхээ ойтой золгох гэж байна.

Тиймээс Дүрс оношилгооны тасаг маань өөрөө эмнэлгийнхээ ууган тасаг гэсэн үг. 

Дүрс оношилгоо гэхээр үндсэндээ эхо, рентген, компьютер томограф, MRI, ангиографи болон судсан дотуурх оношилгоо гэх мэт багажийн дүрслэлээр оношилдог шинжилгээнүүд цөм багтдаг.

Түүн дотроо цээжний, хэвлийн, тодосгогчтой, тодосгогчгүй зэрэг олон төрөл бий. Эдгээр оношилгоог нарийн мэргэшсэн эмч нар хийж, зөвлөгөө өгч цогц үйлчилгээ үзүүлж байна.

Ер нь л "Мөнгөн гүүр" эмнэлгийн тасаг бүр уялдаа холбоотойгоор ажиллаж, 24 цагаар иргэддээ цогц үйлчилгээг үзүүлдэг учраас холоос зорин ирэх хүн ч олон бий. 

Манай эмнэлэг байгуулагдсан цагаасаа хойш маш богино хугацаанд улам өргөжин ажиллаж байна.

- Дүрс оношилгооны тасгийн таван жилийн ой удахгүй тохиох гэж байгаа гэлээ. Энэ хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ ?

- Ойн баяраа тохиолдуулан тасаг хоорондоо хамтарч ажиллах уралдаан зарлаж, бусад эмч мэргэжилтнүүддээ хандсан ач холбогдол ихтэй сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Түүнээс гадна бид нийгмийн хариуцлагын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн гурав, Баянгол дүүргийн нэг өрхийн эмнэлэгтэй хамтран 200 гаруй иргэнд 10 орчим сая төгрөгийн өртөг бүхий үзлэгийг үнэ төлбөргүй хийж эхлээд байна.

Ингэхдээ бид тухайн өрхийн эмнэлгийн судалгаанд үндэслэн эмнэлгээр тэр бүр яваад байх боломжгүй, эмчийн хяналтад байдаг, онош нь тодорч өгдөггүй зэрэг хүмүүсийг хамруулахыг хичээсэн.

- "Мөнгөн гүүр" эмнэлгийн эмч нар бусад эмнэлэгт сургалт зохион байгуулах нь элбэг. Тэгвэл энэ удаагийн сургалтын зорилго нь юу юм бэ?

- Дүрс оношилгоонд тулгараад байгаа нэг асуудал нь үйлчлүүлэгч маань яг ямар өвчний үед ямар шинжилгээ сонгохоо мэдэхгүй байгаа явдал.

Энэ байдлыг мэдээж нарийн мэргэшсэн эмч, эмнэлгийн байгууллага л цэгцэлж чадна.

Сүүлийн үед техник технологи маш хурдацтай хөгжиж байгааг хүн бүр ярьж байна.

 

Энэ хэрээр дүрс оношилгооны салбар ч эрчимтэй өөрчлөгдөж, шинэ шинэ оношилгоо бий болсоор байгаа учраас эмч нар ч мэдлэг, мэдээллээ цаг тухайд нь нэмэгдүүлж, нарийн мэргэшсэн байх шаардлагатай.

Учир нь эмч нар дүрс оношилгооны ямар өвчний үед ямар шинжилгээ сонгох талаар нарийн мэдээлэлтэй байж тухайн өвчтөнөө зөв шинжилгээнд чиглүүлж өгнө шүү дээ.

Тиймээс л бид дүүргийн эмнэлэг дээр очиж зөвлөгөө, лекц хийж байгаа хэрэг.

Өмнө нь бид энэ чиглэлийн сургалтыг Төмөр замын эмнэлэг болоод Баянгол дүүргийн эмнэлгүүдэд хийж байсан бол таван жилийн ойн хүрээндээ илүү боловсронгуй сургалтыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

- Өгөх шинжилгээгээ зөв сонгохын ач холбогдол нь юу вэ ?

- Анагаах ухаанд онош бол эмчилгээнийхээ 80 хувь гэж үздэг. Тийм ч учраас аливаа өвчнийг эдгээхэд зөв оношлох нь хамгийн чухал.

Тухайн өвчтөний онош нь л тодорхой байвал ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх аль хэдийн судлагдсан асуудал. Харин зөв шинжилгээгээ сонгох нь оношоо зөв болоод хурдан тодорхойлуулахын үндэс юм.

Түүнчлэн эмчийн заавраар зөв шинжилгээгээ өгөх нь цаг хугацаа, санхүүгээ ч хэмнэх ач холбогдолтой.

- Сүүлийн үед хүн бүр л MRI-г хамгийн сайн оношилгоо гэцгээх боллоо. Танай эмнэлэгт MRI-д оношилгоог хүмүүс хэр хийлгэж байна вэ?

- Тийм ээ. Сүүлийн үед "MRI бол хамгийн сайн оношилгоо гэсэн" гээд л шууд MRI шинжилгээ хийлгэе гэж ирэх хүмүүс олширсон.

Гэхдээ шинжилгээ бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай учраас хэт туйлшрах хэрэггүй гэж хэлмээр байна.

Ямар шинжилгээнд орохыг эмч хүн сонгох нь зөв.

Эмч хүн бүрийн хувьд өвчтөнийхөө боломж бололцоог хүндэтгэн, нэн шаардлагатай ямар шинжилгээг өгч болохыг харгалзаж үзэх нь маш чухал байдаг.

Тийм ч учраас манай эмнэлэг тухайн хүнийхээ цаг хугацаа болон санхүүг бодож, зөв шинжилгээгээ сонгож оруулах үүднээс "Эмчийн бичиг" гэх зүйлийг зайлшгүй шаарддаг. Гэвч шаардлагыг зарим иргэд маань хүндрэл учруулж байгаа мэтээр хүлээж авдаг нь харамсалтай.

Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ цээжний зураг авахуулах гээд эмчийн бичиггүй хүрээд ирдэг. Хэдийгээр манай эмнэлэг рентген, компьютер томограф шинжилгээг ч хамгийн бага тунгаар тооцоолж авдаг ч ямар ч шаардлагагүй бол хүүхдийг туяанд өртүүлэх нь буруу шүү дээ.

Мөн толгой нь өвддөг хүн эмчид үзүүлэлгүй шууд MRI-д орохоор хандах тохиолдол бий. Толгойн өвдөлтийн 4,000 гаруй үндсэн шалтгаан байдаг.

Хэрвээ судасны нарийслын шалтгаантай эсвэл тархины органик өвчлөлүүдийг үзэх гэж байгаа бол MRI шинжилгээг сонгох зөв байдаг бол хурц гэмтэл бэртлийн дараа толгой өвдөж байгаа бол түрүүлээд томографын шинжилгээнд орох нь зүйтэй.

Хэрвээ тухайн хүнд маань үнэхээр улсын эмнэлгээс "Эмчийн бичиг" авахад хүндрэлтэй байгаа бол манай дүрс оношилгооны эмчээс зөвлөгөөг чөлөөтэй аваад MRI- д шинжилгээг өгөх боломжтой.

- Танай эмнэлгийг өвдөгний үений шингэн нөхөх зориулалттай тариаг албан ёсны эрхтэйгээр оруулж ирж байгаа гэж сонссон?

- 50-аас дээш насны ихэнх хүмүүсийн өвдөг нь өвддөг болсон. Өвчнөө дарахын тулд зарим хүмүүс өвчин намдаах зориулалттай эм, тос түрхэж янз бүрийн арга авч хэрэглэдэг. Тэр нь тийм ч үр дүнтэй биш байдаг учраас ихэнх хүмүүс үе хоорондын шингэнийг нөхдөг тариа шингэн нөхөх зориулалттай тариаг тариулах нь элбэг.

Харин уг тариаг өмнө нь хувийн зарим байгууллага зөвшөөрөлгүйгээр буюу албан бусаар оруулж ирж, үр дүнгүй, шаардлагагүй хүмүүст хийж байсан.

Энэ байдлыг цэгцлэх үүднээс Dongkook компанийн "Hyaron" гэх тариаг Монголд албан ёсоор оруулж ирж байгаа. 

Тус тариаг манай мэргэшсэн эмч нар рентген хяналт дор, вакум орчинд хийж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.