Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Амгалан: Үндсэн хуулийн цэцийн тогтоолыг УИХ хүлээж авснаас хойш ажлын 15 хоног дотор зохих өөрчлөлт хийж болно

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 11 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн аравдугаар сарын 30-нд болсон их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн эцсийн шийдвэр гаргасан билээ. Тодруулбал, Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн. 

Энэхүү шийдвэр нь улсын төсөвт орох байсан 1.3 их наяд төгрөгийн татварыг авах боломжгүй болгож байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар байр сууриа илэрхийлээд буй. Тэгвэл энэ талаар бид хуульчдын байр суурийг сонсож байгаа юм. 

Хуульч, өмгөөлөгч Д.Амгалангаас тодруулж, уг байдлыг засах хуулийн ямар боломж байгаа талаар асуулаа. 

-Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар гаргасан шийдвэрийн дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ашигт малтмалын нөөц ашигласны татвар(АМНАТ) үгүй болж,  төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрлээ гэж мэдэгдсэн. Харин зарим хуульч хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой хэмээн тайлбарлаж буй. Та ямар боломж байгаа гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн цэц Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосон талаар тогтоол гаргаж, албан ёсоор мэдээлсэн байна. Тиймээс энэ бол эцсийн шийдвэр. Шууд хэрэгжээд явна гэсэн үг. 

Гэхдээ үүнийг залруулах боломж УИХ-д байгаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцээс хууль, УИХ-ын бусад шийдвэрийг Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж, хүчингүй болгосон тогтоол гаргавал тэр тогтоолтой холбогдуулаад тухайн хуульд нь нэмэлт, өөрчлөлт оруулах журам бий. 
Ингэхдээ Цэцийн тогтоолыг хүлээж авсан бол ажлын 15 хоногийн дотор нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. 
Тэгэхээр УИХ мэдээж Ажлын хэсэг байгуулаад Засгийн газартай хамтран Ашигт малтмалын тухай хуульдаа зохих өөрчлөлт хийх хуулийн боломж байгаа гэсэн үг.

-Тэгвэл 15 хоног нь аравдугаар сарын 31-нээс тооцогдож эхэлнэ гэж ойлгож болох уу? 

-Үндсэн хуулийн цэцийн тогтоол албажаад УИХ-д хүргэгдэж ирнэ. Ингээд хүлээж авснаас хойш ажлын 15 хоног дотор зохих өөрчлөлт хийж болно. 

Сангийн сайд, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүд зэрэг холбогдох хүмүүсийг оролцуулан Ажлын хэсэг байгуулаад, үүсэж болох эрсдлийг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар богино хугацаанд засаж залруулах боломжтой. 

-Засгийн газраас ирэх оны төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн бариад хэлэлцэж байгаа. Гэтэл Цэцийн шийдвэртэй холбоотойгоор төсвийн орлого төлөвлөсөнд хэмжээнд хүрэхгүй байх нөхцөл үүслээ. Тэгэхээр УИХ эхлээд Ашигт малтмалын тухай хуулиа Үндсэн хуульд нийцүүлснийхээ дараа төсвөө батлах шаардлага үүссэн гэж ойлгож байна. Үүнийг дагаад УИХ төсвөө хуулийн хугацаанд нь баталж чадахгүй байх эрсдэл үүсэх үү? 

-Засгийн газар төсвөө боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын дагуу татварын орлого хэрхэн бүрдэх талаар тооцоолол хийдэг тул ирэх оны төсвийн тооцоололд мэдээж нөлөөлж таарна. 

Гэхдээ хуулийн хугацаанд баталж чадахгүй гэсэн эрсдэл харагдахгүй байна. Яагаад гэвэл Үндсэн хуульд нийцүүлэх нэмэлт, өөрчлөлтөө арваннэгдүгээр сарын 15-наас өмнө засах боломжтой. 

Эсвэл ирэх оны төсвийг үндсэн тооцооллоор нь батлах боломжтой. Яагаад гэвэл төсвийн тухай хууль 2020 оноос хэрэгжиж эхэлнэ. Тэрнээс өмнө УИХ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихаар 2020 оны төсөвт нөлөөлөхгүй гэсэн үг. 

Хүчингүй болсон хуулийн заалтууд:

  • 47.1.Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.
  • 47.3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:
  • 47.3.1.дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;
  • 47.3.2.Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.
  • 47.4.Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.
  • 47.5.Энэ хуулийн 47.4-т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:
Бүтээгдэхүүний нэр төрөл Хэмжих нэгж Жишиж үнэлэх бүтээгдэхүүн Зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ Бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмж ногдуулах хувь
Хүдэр Баяжмал Бүтээгдэхүүн
11 Боловсруулаагүй нүүрс тн Нүүрс   0-25 хүртэл 0 -  
 25-50 хүртэл 1  
 50-75 хүртэл 2 -
 75-100 хүртэл 3  
100-125 хүртэл 4  
125 ба түүнээс дээш 5  
12 Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) тн Нүүрс   0-100 хүртэл - 0 -
100-130 хүртэл - 1 -
130-160 хүртэл - 1.5 -
160-190 хүртэл - 2 -
190-210 хүртэл - 2.5 -
210 ба түүнээс дээш - 3 -
13 Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) тн Кокс   0-160 хүртэл -   0
160-190 хүртэл   - 0.5
190-210 хүртэл   1
210-240 хүртэл   1.5
240-270 хүртэл   2
270 ба түүнээс дээш   2.5