Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ НОМ: "Ноён Гантай өнгөрүүлсэн 100 хоног"

ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Зохиогч Л.Золзаяагийн зорилго, тэмүүллээ олох эрлийн үүднээс бүтсэн “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 хоног” номын нээлт энэ Лхагва гарагт боллоо. 

Л.Золзаяа "Өгсөх зам" номын хүрээнд монголын амжилттай яваа 50 эрхэмтэй ярилцлага хийхдээ хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн ноён Ч.Ганхуягийг сонгож 100 хоног түүнийг дагалдаж ажил, амьдрал, намтар, түүхийг нь судалж, таньж түүгээрээ "Ноён Гантай өнгөрүүлсэн 100 хоног" номоо бүтээсэн юм.

Лхагва гарагт болсон номын нээлтийн үеэр Л.Золзаяа "Энэ 100 хоног тийм ч амар байгаагүй. Гэхдээ өөрийн зорьсон хэргээ бүтээсэнд баяртай байна" гэж байсан бол Ард Санхүүгийн Нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг "Л.Золзаяа хэдийгээр надаас суралцахыг хүссэн ч миний хувьд ч түүнээс сурах зүйл их байлаа. Өнөөгийн залуу үе юу хийж бүтээх гэж, хэрхэн бэрхшээл саадыг туулж байгааг таньж мэдэх нэг боломж боллоо" гэж байв.

Номын зохиогч Л.Золзаяа Ч.Ганхуяг захирлыг 100 хоног дагалдах эрх авахын тулд дөрвөн сарын хугацааг зарцуулж, хөөцөлдсөний эцэст зөвшөөрөл авсан тухай, номын гол дүр болох ноён Ганы 20 гаруйхан насандаа банк байгуулан ямар саад бэрхшээлийг туулан өнөөдрийн амжилтанд хүрсэн тухай, гэр бүл, ажил, мэргэжлийн онцлог зарчим гээд олон сонирхолтой түүхээр энэ ном бүтжээ.

Ингээд "Ноён Гантай өнгөрүүлсэн 100 хоног" номын өмнөх үгийг хүргэж байна.

 

Өмнөх үг

Ган гэж үгийн нэг үсгийг сольчихвол Гал болох ажээ.

Хэдийгээр ажил мэргэжлийн хувиар номын гол дүр болох Гантай хэд хэдэн удаа уулзаж, ярилцлага хийж, түүнтэй холбоотой мэдээ, мэдээллийг сонирхон хардагч энэхүү номыг уншаад миний хувьд Ганыг дахин цоо шинээр харах боломжийг олгожээ.

Зохиогч Л.Золзаяагийн гэнэтийн зоримог шийдвэр, хөдөлмөрийн үрээр бүтсэн “Ноён Гантай өнгөрүүлсэн 100 хоног” номоос дараах гурван санааг онцлон тэмдэглэмээр санагдав.

Нэг. Урам зориг. Монголын нийгмийн зарим хэсгийнх нь хөрөнгөтнүүдийг үзэн ядах сэтгэлгээг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлэх түүх болжээ. Түүнчлэн ноён Ганы уйгагүй зан чанар, өнөө үед хамгийн их үгүйлэгдэх ёс зүй, боловсролын чухлын тухай хөндсөн нь бүх насныханд ухаарал өгөхүйц, ижил төрлийн бизнес эрхлэгчдэд ч үнэтэй зарчмуудыг бичжээ. Мөн Ганы хэрэглэгч, зах зээлдээ санхүүгийн боловсрол өгөх замаар өөрийн бизнесээ тэлж урагшилж буй нь бизнес эрхлэгчдийн хувьд, өнөө цаг үед хамгийн авууштай зан чанарын нэг мэт.  Хүүхэд, залуус цаашлаад бүх насныхан уншаад Ганы гал шиг амьдралаас урам зориг авахуйц болжээ.

Хоёр. Яг одоо. Хэрвээ та өөрийн түүхээ бичих тухай боддог бол өтөл насаа хүлээх бус яг одоо л бич гэдэг. Чадвал өөрөө, чадахгүй бол бусадтай хамтран түүхээ бичих. Учир нь хожим хойно таны түүхийг бусад хүн зохиож эсвэл тааж бичихгүй байх боломжийг та өөрөө л бий болгох ёстой.

Нөгөө талаар таны түүх, бодол, мэдрэмжээс төрсөн шийдвэр, алхмуудыг танаас өөр хэн ч илүү сайн тайлбарлаж мэдэхгүй. Ихэнх хүний хувьд сонирхол татам түүхтэй ч түүнийгээ адаг сүүлд нь бичих нь бий. Гэвч таны алдаа, оноо ирээдүйд гэхээсээ яг одоо ч үнэт туршлага байхыг үгүйсгэхгүй. Ноён Ган бол яг одоо цаг дээрх бидний хувьд яах аргагүй суралцах, таних ёстой эрхмийн нэг билээ.

Гурав. Л.Золзаяад талархая. Бусдын түүх, амьдралын хэмнэлийг нээн гаргахын хажуугаар түүнд үнэлэлт, дүгнэлт өгч буй зохиогч Л.Золзаяагийн сэтгэгдэл, тайлбараар энэ номыг сүлэлдүүлсэн нь бас нэгэн сонирхол татахуйц бүтээл болгожээ.

Дээр дурдсан хоёр зүйлээс гадна зохиогч Золзаяагийн өөрийгөө хайх “Би өөрийнхөө бодож, хүсч буйгаар амьдарч чадаж байна уу” гэх эрлийн дүнд олон олон уншигч ч мөн энэ асуултыг өөртөө тавьсан буй заа.  Эцэст нь өөрийгөө хайх бус БҮТЭЭХ дээр бид санал нэгдэх нь олзуурхууштай.

 

iKon.mn сайтын Ерөнхий редактор, сэтгүүлч Чулуунбаатарын Болортуяа

"Ноён Гантай өнгөрүүлсэн 100 хоног" ном худалдаанд гарсан бөгөөд та бүхэн https://ardshop.mn -с буюу ЭНД-ээс захиалан авч болох нь ээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.