ФАТФ манай улсыг Саарал жагсаалтад оруулалгүйгээр мэдэгдэл гаргах гэж буй талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс албан ёсны хуудсаараа дамжуулан мэдээлжээ.
Үүнд "Монгол Улс улс төрийн өндөр түвшний мэдэгдэл гаргаж, ФАТФ-тай хамтран ажиллах эрмэлзлээ илэрхийлж, тайлангийн зөвлөмжид заасан ажлуудыг хэрэгжүүлж байгааг тэмдэглэжээ" хэмээн бичсэн байна.
“Улс төрийн өндөр түвшний” гэдэг нь УИХ-ын дарга Г.Занданшатарын ФАТФ-т илгээсэн захидал, эрсдлээс сэргийлэх талаар гаргаж буй хүчин чармайлтыг хэлж байгаа аж. Улмаар нэмэлт ажлын зөвлөмж гаргахаар болж байгаа тухай мөн бичээд УИХ-ын даргын аравдугаар сарын 7-нд ФАТФ-т илгээсэн захидлыг хавсаргажээ.
ФАТФ буюу Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллагын ээлжит хурал Франц улсын нийслэл Парис хотноо энэ сарын 13-нд эхэлсэн бөгөөд өнөөдөр өндөрлөж буй. Тус хурлаас гарсан улс орнуудын талаарх шийдвэрийг өнөөдөр танилцуулах юм. Тиймээс Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан эсэх албан ёсны эцсийн шийдвэрийг ФАТФ-аас өнөөдөр танилцуулна гэдгийг албаны хүмүүс мэдэгдээд буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!