Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн Ханбогд сумын гарааны бизнес эрхлэгч залуус шинэ брэндүүдээ танилцууллаа

ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
 

2019 оны 10 сарын  12 – Өмнөговь аймаг Ханбогд суманд гарааны бизнес эрхлэгч залуус өөрсдийн үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүн  үзүүлж буй үйлчилгээгээ Оюу Толгой ХХК-ийн Ханбогд сумын Галбын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан  “БИД НЭГ ГЭР БҮЛ” үзэсгэлэнд танилцууллаа.

Хөгжлийн Шийдэл ТББ нь Оюу Толгой ХХК болон НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр  хэрэгжүүлж буй  Залуу Энтрепренерыг дэмжих  төслийн хүрээнд  сүүлийн хагас жилийн хугацаанд хурдасгуур аргачлалыг ашиглан  залуучуудын гарааны бизнесыг хөгжүүлэх  цуврал сургалтууд, зөвлөх үйлчилгээ  үзүүлсэн.

Эдгээр гарааны бизнес эрхлэж буй залуус  гарааны санхүүжилтээ аван   өөрсдийн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнээ дэлгэн  сумандаа танилцуулж  туршилтын борлуулалт хийлээ.

Ханбогд сумын залуучуудын гарааны бизнес эрхлэгчидийн төлөөлөл болох  “Ингэн бүрд” баг өөрсдийн үйлдвэрлэж буй  хүнсний мөс, үрлэн ааруул, аарц мөн өөрсдийн эрхлэж буй гэрэл зургийн студиэ танилцуулсан бол  “Хоохондой” багийнхан   шинээр хийсэн хүүхдийн өлгий мөн  тус суманд шинэхэн байгуулагдсан кофе шопынхоо хямдралын  купоны хамт , “Алтан тос” баг үндсэн бүтээгдэхүүн болох  ингэний сүүнээс гаргаж авах  ааруул, буцалгаа, тосныхоо дээжээс танилцууллаа.

Оюу Толгой ХХК, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хөгжлийн Шийдэл ТББ  хамтран Ханбогд сумын залуучуудыг  бизнесээ нийгэмд ээлтэй  хэлбэрээр удирдан явуулах, нийгэмд ээлтэй бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, цаашлаад бүс нутагтаа эерэг өөрчлөлт бий болгоход зорилт тавин  залуучуудын энтрепренершипыг дэмжих үйл ажиллагааг явуулж байна.

Энэхүү залуучуудын энтрепренершипыг дэмжих төслийн зорилго нь орон нутагт тохирсон залуучуудын энтрепренершип хөгжлийн эко-системийг бий болгох замаар Өмнөговь аймаг, Ханбогд сумын залуу малчид, залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх чадавхыг нэмэгдүүлэх юм.

Залуучуудын энтрепренершипыг дэмжин ажилласнаар Өмнөговь аймаг тэр дундаа Ханбогд сумын нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудлыг залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх замаар шийдвэрлэх, ялангуяа орон нутгийн залуу малчид болон залуучуудыг амьдрах ухаанд сургаж, бизнес санаачилгуудыг бодит болгох улмаар орлоготой, эрүүл залуус бүхий нийгмийн бүлэг бий болох юм. 

Энэхүү залуучуудын энтрепренершипыг дэмжих үйл ажиллагаа нь НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Монгол улсын Засгийн газар, Өмнөговь аймаг,  Австралийн Элчин сайдын яам болон Оюу Толгой ХХК-аас санхүүждэг Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих бөгөөд Өмнөговь аймаг болон Ханбогд суманд төвлөрөн хэрэгжинэ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.