Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/10-НД НИЙТЛЭГДСЭН

Германд банк дээрэмдсэн 71 настай эр шүүх хурал дээр 20 цаг үг хэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Даваа гарагт Германы Хамбург хотын шүүх 71 настай Михаэл Яуерникт гурван удаагийн банкны дээрмийн хэрэгт нь 12.5 жилийн хорих ял оноожээ.

Германы хуулийн дагуу яллах шийдвэрийг танилцуулсны дараа хэрэгтэн сүүлчийн үгээ хэлэх эрхтэй байдаг. Ихэнх хүмүүс энэ боломжийг ашиглан харамслаа илэрхийлдэг бол зарим нь үг хэлэхээс татгалздаг байна.

Харин Яуерникийн хувьд энэ бол өөрийгөө илэрхийлэх сайхан боломж байжээ. Тэрээр сүүлчийн үгээ нийт 20 цагийн турш хэлсэн бөгөөд шүүгч нар түүний үгийг сонсоход таван өдрийг зарцуулсан байна.

71 настай дээрэмчин хэлсэн үгэндээ өөрийгөө Германы ямар ч хуульчаас илүү эрх зүйн мэдлэгтэй, ямар ч цагдаагаас илүү ухаалаг болохыг гайхуулан ярьж, Германы сонгодог уран зохиолуудаас эш татжээ.

Цагдаа нар түүнийг зөвхөн азаар барьж чадсан гэнэ. Шорон түүний хувьд засан хүмүүжүүлэх газар биш, харин боловсрол олдог газар тул өмнө хоригдож байх хугацаандаа Брехт, Сартр, Гегелийн зохиолуудыг уншиж судалснаа дэлгэрэнгүй ярьжээ. Мөн хоригдох хугацаандаа тасралтгүй дасгал хийж, биеэ эрүүл зөв авч явснаа гайхуулсан байна.

Яуерник шүүхийн дүгнэлтийг танилцуулж байх үеэр ч дуугай байлгүй, олон удаа тасалдуулж байжээ.

Тэрээр бүр 1970-аад оноос эхлэн банк дээрэмдсэн бөгөөд хэд хэдэн удаа шийтгүүлж байсан юм. Хамгийн сүүлд 2011-ээс 2019 оны хооронд гурван удаа банканд халдахдаа 25,000 евро дээрэмдэж, банкны нэг ажилтныг шархдуулсан юм байна.

Яуверникийн сүүлчийн үгийг эртхэн зогсоож чадаагүйдээ харамссан шүүгч түүнийг “биеэ тоох сэтгэцийн гүн эмгэгтэй хүн” гэж тодорхойлжээ.

Насаараа банк дээрэмдэж яваа тэрээр хамгийн сүүлд хоригдож байхдаа шоронгийн нөхцөл байдлыг сайжруулахыг шаардаж, 250 орчим хоригдол оролцсон тэмцлийг удирдан хэвлэлээр алдаршсан байна.

Шүүх хуралд ажиглагчаар оролцсон сэтгэл зүйч хэрвээ хүүхэд байхдаа сургуульд хэрхэн сахилгагүйтэж байсныг нь яриулбал хадуураад хийсэн хэргээ ч дэлгэж мэдэх эмгэгтэй хүн гэж түүнийг тодорхойлжээ. 

Яуерник энэ удаагийн шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болсныг өмгөөлөгч нь Германы хэвлэлүүдэд мэдэгдсэн байна. 

 

Эх сурвалж: The Guardian