Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/03-НД НИЙТЛЭГДСЭН

Түмний хүүхдүүд өлсөж л байг уу

Д.Чанцалдулам, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Улсын цэцэрлэгт хүүхдээ оруулна гэдэг хэр баргийн аавын хүүгийн барж идэх даваа биш.

Хамран сургах тойрогт нь багтсан байлаа ч заавал сугалаанд ёндоорох ёстой. Эс бөгөөс танил тал, ар өврийн хаалга хэрэглэнэ.

“Анги танхимыг нь тохижуулж өгье” гэж эрхлэгчид нь ам гарна. Бэл бэнчинтэй, илүү орлоготой, эхнэр, нөхөр хоёулаа ажилтай тохиолдолд л хүүхдээ хувийн цэцэрлэгт явуулна уу гэхээс монголчууд аль болох л хүүхдээ улсын цэцэрлэгт оруулахыг чармайдаг.

Гэтэл өнөөх улсын цэцэрлэгт сурч буй хүүхдийн өдрийн хоол нь хумсны толион чинээ жаахан. Үүнийг хүн бүр мэддэг ч үнэгүй хүүхдээ сургаж байж хэл ам хийлтэй нь биш, багшид нь ая тал засаж, хүүхдэд маань ахиухан хоол өгчих болов уу гэж царайчилна. Үгүй юмаа гэхэд хүүхдээ цэцэрлэгээс нь авангуутаа аяганы амсар зуулгахыг эрмэлздэг нь хэнд ч нууц биш.

Улсын цэцэрлэгт сурдаг хүүхдийн өдөрт идэх ёстой хоолны хэмжээ 1,650 төгрөгөөс хэтрэх ёсгүй. Харин 24 цагийн цэцэрлэгийн хүүхдийнх ердөө 2,400 төгрөг.

Бодоод үз дээ, 24 цагийн хугацаанд таны хүүхэд ердөө 2,400 төгрөгөөр хооллож байна гээд. Гурван хуушуурны ч үнэ хүрэхгүй байгаа биз. Иймээс бид улсын цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны хүрэлцээ, өдөрт ямар хоол иддэгийг сурвалжлан хүргэж байна.

БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэг 14 бүлэгтэй. Нэг ангид дунджаар 55-60 хүүхэд хичээллэх бөгөөд нийт 800 гаруй хүүхэдтэй. Хоолны мөнгө хаанаа ч хүрдэггүй талаар тус цэцэрлэгийн ахлах тогооч Б.Эрдэнэтуяа “Мах үнэтэй болсон учраас орц нормын дагуу хоолоо хийж чадахгүй байна.

Өдөрт хүүхдэд 95 грамм мах өгөх ёстой ч одоогийн байдлаар 80 грамм махтай хоол өгдөг. Аньс, чацаргана, нэрсний жүүсээ огт өгөхгүй байгаа.

Тараг болон бусад бүтээгдэхүүн өгөх гэхээр 1,650 төгрөгөөс нь илүү гараад явчихдаг. Заримдаа заасан мөнгөн дүнгээс 200-350 төгрөгөөр илүү гаргаж хоолоо хийх үе бий. 14 ангиас нийт 50 орчим хүүхэд нэг өдөр ирэхгүй байхад л хүүхэд хоолоо нэмүүлэх боломжтой болдог.

Манай цэцэрлэг харьцангуй олон хүүхэдтэй учраас төсвөөс орж ирэх мөнгө нь ч ахиу. Олон хүүхдийн тоогоороо л хүргэж байна даа. Цөөхөн хүүхэдтэй цэцэрлэг хоолныхоо мөнгийг яажшуухан хүргэдэг юм мэдэхгүй. 

Өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх тусам хүүхдэд өгөх хоол, цайны хэмжээ багасаж байдаг. Дөрвөн нэр төрлийн орцтой хоол хүнсээр хангах ёстой байтал 2-3 төрлийн орцтой хоол хийж байна. Бага бүлгийн хүүхдүүдэд бусад бүлгийнхнээс өөр хоол хийж өгдөг” хэмээв.

2009 оноос өмнө хүүхдийн хоолны мөнгөний 50 хувийг улсаас, үлдсэнийг нь эцэг эхчүүд гаргадаг байсан юм. Тухайн үед хүүхдүүд өдрийг 809 төгрөгөөр давдаг байсан бол 2009 оноос 1,100 төгрөг болгон нэмж, улс бүрэн хариуцдаг болсон.

Харин 2012 оноос эхлэн цэцэрлэгийн хүүхдийн өдөрт оногдох хоолны мөнгө 1,650 төгрөг болж өссөн байдаг. Энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнөөдрийнх шиг ийм үнэтэй байгаагүй юм. Тухайн үедээ хүрч байсан байж болох ч цаг өөр болсон гэдгийг холбогдох байгууллагынхан мэдэж баймаар. Бид тус цэцэрлэгийн дунд бүлгээр зочилоход хүүхдүүдийн өдрийн хоолны цаг таарлаа.

Өдрийн хоолонд нэг, хоёрдугаар хоол өгч байв. Махгүй ногооны зутан, нэг ширхэг буузыг хүүхдүүд амтархан, нэг нэгнээсээ уралдаад л идэж дуусгав. Гэхдээ тэдэнд нэмэх хоол байсангүй.

Багш нь “Хурдан хоолоо идээрэй, суугаарай, битгий асга” гэх мэт үгийг олонтаа хэлж байсан юм. Тус ангийн ахлах багш Г.Сумьяа “Манай ангид гурван настай хүүхдүүд голчлон сурдаг. Жаахан хүүхдүүд болоод ч тэрүү хоолондоо ихэнх нь цаддаг.

Гэхдээ бүгд цаддаг гэж хэлж чадахгүй. Бага багаар ойрхон идэх гээд байдаг тал бий. Өглөө 09.00 цаг сүүтэй будаа, 11.00 цаг өнгөрөөгөөд цайны боов сүүтэй өгдөг. Өдөр ихэвчлэн бантан, зутан, гоймонтой хуурганы аль нэгийг, ороомог, бууз зэрэг ширхгийн хоолтой иддэг.

Үдээс хойш тарахын өмнө хоёр ширхэг печень юм уу цайны боовоор хөнгөхөн хооллодог болохоор хүүхдүүд гэртээ өлсөж харьдаг. Бид эцэг эхчүүдэд “Хүүхдээ өглөө цай уулгаарай”.

Орой очоод заавал нэмэлт махан хоол өгөөрэй гэж хэлдэг. Дөнгөж цэцэрлэгт орж байгаа бага ангийнхан бол их хэцүү, арчилгаа их шаардана. Хоолыг нь халбагадаж өгнө. Хоолоо идэхгүй, шингэн юм уухгүй болохоор аав, ээж нь сайн хооллох хэрэгтэй. Ахлах ангийнхан аяга хоол, нэг ганц ширхэг цайны боовондоо цадахгүй байх нь ажиглагддаг. Хүүхдүүд нь их өлсөж очдог гэж эцэг эхчүүд ярьж байсан.

Ахлах ангийн хүүхдүүддээ бид хоолыг нь ахиухан аягалахыг хичээж байгаа. Баасан гаригт хүүхдүүд цөөхөн ирэх үе байдаг. Энэ үед бол хоол нь давгүй хүрдэг дээ” хэмээн учирлан ярьж байсан юм.

Өнгөрсөн оны эхээр хүүхдийн хоолны нэг өдрийн мөнгийг 1,147 төгрөгөөр нэмж, шаардагдах мөнгийг эцэг, эхчүүдээс авах саналыг БСШУСЯ-наас гаргаж байсан. Засгийн газрын хуралдаанд энэ саналаа танилцуулж, шийдэж өгөхийг хүссэн.

Харин Засгийн газраас “Иргэдийн амьдрал ядуу байхад хүүхдийнх нь хоолны мөнгөний тодорхой хувийг авна гэвэл шүүмжлэл дагуулна. Тиймээс өөр хувилбар судалж, боловсруул” гэсэн үүргийг БСШУСЯ-ныханд өгсөн гэдэг. Үүнээс хойш дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн юм.

Цэцэрлэгийн багш нар хүүхдүүдэд өгөх хоолны шим тэжээлийг нэмэхийг хүсвэл шаардагдах санхүүжилтийг аав, ээжээс авахад буруудах зүйлгүй.

Эцэг эхчүүд ч энэ саналыг дэмждэг тухай ярьж байлаа. Уг нь хүүхэд хоногт идэх хоолныхоо 75-80 хувийг цэцэрлэгт, үлдсэн эрдэс бодис, шим тэжээлийг гэрийнхээ хоолноос авах ёстой гэж заасан байдаг.

Мөн “Хүн амын хоол тэжээлийн физиологийн норм-д зааснаар 1-3 настай хүүхдийн эрэгтэй нь 1,260, эмэгтэй нь 1,200 киллкалори, 4-6 настай хүүхдийн эрэгтэй нь 1,700, эмэгтэй нь 1,600 киллкалори илчлэгийг хүнсээр авбал зохистой гэж заажээ.

Гэтэл хүүхдүүд илчлэг, эрдэс бодисыг хоолноосоо хангалттай авч чадахгүй байгаа юм.

Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж байж хүүхэд дархлаа сайтай байна. Утааны улирал эхэлж ханиад, томуу дэгдэх энэ үед хүүхдүүд хангалттай сайн хоол хүнс идэх хэрэгтэй. Энэ талаар СБД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн ерөнхий мэргэжилтэн Г. Сарантуяа “Цэцэрлэгээс хүүхдээ аваад гэр лүүгээ шууд харьдаг эцэг, эх ховор. Цэцэрлэг-дэлгүүр-гэр гэсэн маршрутаар явдаг учраас хүүхэд ханиад хүрэх нь элбэг.

Хоол хүнсээр авах ёстой илчлэгээ авч чадахгүй, хоол идэхгүй, гэртээ очоод чихрээ идээд унтаад өгдөг. Гэтэл эцэг эхчүүд манай хүүхэд хоол идэхгүй байна цэцэрлэг дээрээ хоол сайн идсэн байх гэж итгэдэг. Энэ бол буруу, хүүхдийнхээ чихрийн хэрэглээг багасгаж, хоол хүнс сайн өгч, дархлааг нь дэмжих хэрэгтэй” гэв.

Бид БЗД-ийн 22 дугаар цэцэрлэгийн гуравдугаар салбарыг зорьж, хоёр настай хүүхдүүдийг ажигласан юм. Биднийг очсон 15.00 цагаас эхлэн орой тарах хүртэл нүдээ бөлцийтөл, хоолойгоо сөөтөл уйлсан хэд хэдэн хүүхэд байлаа.

Стандартын бус цэцэрлэг учраас анги тасалгаа жижигхэн, хүүхдүүд унтах өрөөгүй, угаалтуурын өрөө тохижуулаагүй гээд эл хуль байв. Тус ангийн хүүхдийн ээж “Одоохондоо дасаагүй учраас хүүхэд маань хоолоо сайн иддэггүй гэсэн. Шинэ орчинд дасахгүй их л уйлдаг бололтой юм. Гэртээ очиж л тайвшраад, хоол, цай нэхдэг. Их өлссөн ирдэг. Цэцэрлэгт явснаасаа хойш нэг килограмм турсан.

Гэхдээ хоол өгөхгүй байна гэж хэлээгүй шүү. Бага анги учраас балчирдаад өөрөө хоолоо идэхгүй байх шиг байна. Улс хүүхдийн хоолны мөнгийг нэмэх хэрэгтэй. Төсөв санхүү байхгүй бол эцэг, эхчүүдээс талыг нь авах нь зөв гэж бодож байна” гэв.

Энэ талаар бид БСШУСЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Ирэх оны төсөвт бага ангийн хүүхдийн “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох, мөн цэцэрлэгийн хүүхдүүдийн нэг өдрийн хоолны мөнгийг 2,450 төгрөг болгох саналыг оруулаад байна. Засгийн газрын хуралдаанаар шийднэ” гэсэн юм.

Ё.Баатарбилэг сайд аа, түмний олон хүүхдүүд өлсөөд, ирэх өвлийн утаанд уушиг нь “хордоод” ханиадаа давж чадахгүй нь ээ. 1,650 төгрөгөөр нэг л талх авдаг. Улсын 24 цагаар хичээллэдэг цэцэрлэгийн нэг хоногийн хоолны мөнгө 2,400 төгрөг, энгийн цэцэрлэгийнх 1,650 төгрөг байх нь хэвийн үзэгдэл үү. Түмний хүүхдүүд өлсөж л байг уу, сайд аа.