Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүл мэндийн салбарынхан 2020 оны төсвийн асуудлаар УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын 2020 оны төсвийн төслийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 2020 оны улсын төсөв хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан УИХ, Засгийн газарт хандан мэдэгдэл хүргүүлж буйгаа албан ёсоор хэлсэн юм.

Тодруулбал, уг мэдэгдэлд эрүүл мэндийн салбарын төсөвт зайлшгүй тусгах ёстой таван чиглэлээр санал гаргаж буйг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар онцолж, мэдэгдэл хүргүүлэх болсон шалтгаанаа тайлбарлалаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

НЭГ.  2018-2019 онд Төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх ангилал зэрэглэлийн шинэчлэлд хамрагдаагүй зарим ажил мэргэжлүүд болон төрийн үйлчилгээний ажилтнуудын цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалин орлогыг нэмэгдүүлэх

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.6 дахь заалт, Хөдөлмөр, нийгмийн  улсын болон салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлж, ажилтан бүрийг тэгш хамруулах шаардлагатай.
  • Тухайлбал эмнэлгийн хамгийн хариуцлагатай алба болох тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, эм зүйч, эмнэлгийн инженерүүд, мэдээлэл технологийн ажилчид, мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний голомтод ажилладаг биологич, нян судлагч, амьтан маллагч, судлагч, лаборант, асрагч, нярав, нягтлан, үйлчлэгч, тогооч, манаач гэх мэт ажил мэргэжлүүд цалингийн нэмэгдэлд хамрагдаагүй үлдсэн.

ХОЁР. Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22:00 цагаас 06:00 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч, ажилтанд “Шөнийн цагийн нэмэгдэл”-ийг цагийн цалинд 1 цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгоход шаардагдах төсвийг цалингийн төсвийн ангилалд шинээр тусгах замаар хэрэгжүүлэх

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22:00 цагт 06:00 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч, ажилтанд мөн хуулийн 54.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 382 тоот тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох журам”- дагуу  заалтын хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад “шөнийн цагаар ажилласны нэмэгдэл” олгох асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.  
  • Эмч, сувилагч нарын нэг өдрийн ажлын үргэлжлэх цаг хэт урт, байнга шөнийн цагаар ажилласнаас үүдэн ажлын ачаалал, ажил мэргэжилтэй холбоотой өвчлөл, ажлаас халшрах хам шинж жилээс жилд нэмэгдэж, нарийн мэргэжлийн эмч болон сувилагч мэргэжилтний хомстолд орж, шинэ залуу сувилагч нар ачаалал ихтэй улсын эмнэлэгт ажиллахгүй байна.
  •  Монгол улсын бусад салбарт шөнийн цагийн нэмэгдэл гэж байдаг. Гаднын орнуудад бүр орон цагийн нэмэгдэл гэж байдаг. Бусад бүх хүмүүс унтаж амарч байхад эрүүл мэндийн салбарынхан тасралтгүй ажиллаж байдаг.
  • Улаанбаатар хотын нэг дүүргийн эмнэлэг гэхэд гурван аймгийн эмнэлгийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний ачааллыг үүрч байгаа учраас хүний нөөцийн хомстол үүсэх эрсдэлтэй байна.

ГУРАВ. Унаа, хоолны хөлсийг нэмэгдүүлэх

  • Цагаан халаад өмссөн эмч нар өнгөтэй харагдаж байгаа болов халаадныхаа цаана ходоод нь хоосон ажлаа хийдэг. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажлын цагийн үргэлжлэх хугацаа өндөр, ачаалал ихтэйгээс болоод ажлаас  хам шинж хамгийн их хувийг эзэлж байна. Жишээ нь, жижүүрт гарч байгаа сувилагч хүнд унаа хоолны хөлс гэж суманд 1000 төгрөг, Улаанбаатар хотод 5000 төгрөг өгдөг.
  • Эмч, сувилагч, ажилтнуудад хоолны мөнгийг ажлын хоногоор тооцон олгодог бөгөөд жижүүрт хонож ажилласан тохиолдолд оройн хоол, өглөөний цай олгох төсөв хүрэлцдэггүйгээс ихэнхдээ бэлэн хоол идэх эсвэл огт хоолгүй ажилладгаас хоол боловсруулах замын болон бусад шалтгаант өвчлөл буурахгүй байна.
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 75.3 дахь заалт болох “Ажилтныг ажил үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй тохиолдолд ажил олгогч хооллох бололцоогоор хангана” гэсэн заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай.

ДӨРӨВ. Төсвийн эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар 2020 оны төсөвт тусгах, тэр дундаа хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг 2 дахин нэмэгдүүлэх

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн 26,2, 28.1 дэх заалтыг хэрэгжүүлэх - Эрүүл мэндийн ажилтнуудад иж бүрэн тусгай хувцсаар хангахгүй байна. Ихэнх эмнэлэг зөвхөн халад, өмд цамц олгодог бөгөөд эсвэл огт олгоогүй 5 жил болсон эмнэлгүүд ч байна.
  • Эмнэлэгт ажиллах зориулалтын гутал, шөнийн ээлжинд ажиллахад зориулсан дулаан цамц, солих ээлжийн хувцас олгохгүй байгаагаас эмч сувилагч нар өөрсдийн цалингаараа ажлын хувцсаа авч өмсдөг.
  • Эрүүл мэндийн салбарт үйлдвэрлэлийн осол, гэмтэл, халдлага, хөдөлмөрийн чадвар түр алдалт буурахгүй байна.
  • Ажлын иж бүрэн тусгай хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл эрүүл мэндийн байгууллага бүрт дутагдалтай, эсвэл олгохгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын болон орон тооны ажилтан ажиллуулах зардал төсөвт тусгагдахгүй байна.

ТАВ. Эмч, сувилагч бэлтгэж буй тогтолцоог шинэчлэх, төрөөс үнэ төлбөргүй сувилагчийг бэлтгэх асуудлыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх

Төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллага бүрт бүх мэргэжлийн сувилагч дутагдалтай байдаг

Тавдугаар шаардлагын талаар Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн ҮХ-ны дарга С.Энхцэцэг хэлэхдээ Монгол улсад их эмчийг төр болон хувийн сургуулиуд хангалттай бэлтгэж байгаа ч зарим өндөр ур чадвар шаардагдах хүүхэд нярайн эмч, халдварт, эмгэг судлаач эмч дутагдалтай.

Мөн төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллага бүрт бүх мэргэжлийн сувилагч дутагдалтай байдаг.

Энэ нь дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэнээс үл хамааран нэг ижил цалин хөлс авч, ажлын хэт их ачаалалтай, стандартаар шаардлагатай бүрэн орон тоогоор ажиллуулдаггүй, 1 сувилагч 2-3 хүний ажлыг хавсран гүйцэтгэдэг ч нэмэгдэл урамшуулал олгодоггүй, халдвар авах өндөр эрсдэлтэй, цаг наргүй ажилладгаас сүүлийн жилүүдэд сувилагч мэргэжлийг сонгон суралцах нь эрс багасч байгаа юм.

Сурч байгаа сувилагч нар эмч, нийгмийн ажилтан, эмч зүйч мэргэжлээр улсын болон хувийн сургуульд дэвшин суралцах хандлага ихэссэн төдийгүй, гадаадад хүүхэд харах, ахмад настан асрах өндөр цалинтай ажилд явах, хувийн эмнэлэгт ачаалал багатай өндөр цалинтай ажилд орох, эсвэл мэргэжлээ орхих хандлага ихэсч, шинэ залуу боловсон хүчин дэмжих бодлогыг төр засгаас хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэв. 

Мэдэгдэл хүргэж байгаа нь ганцхан салбарын асуудал биш. Монголчуудын эрүүл мэндийн аюулгүй байдлын асуудал
 
Гэрэл зургийг MPA.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн ҮХ-ны дарга, их эмч Ө.Анхболд “20-оос илүү цагаар ажилласан хүмүүсийн самбаачлах хугацаа 3-5 дахин өсдөг. Дээрээс нь өнгө ялгах чадваргүй болох ба эм тариагаа ялгах чадваргүй болгох зэрэг олон эрсдлийг араасаа дагуулдаг. Энэ салбарын менежментийг өөрчлөхгүй бол эрүүл мэндийн тусламж авахаар ирж буй хүмүүсийн аюулгүй байдал асуудалд орж байна.

Дээрээс нь сүүлийн үед эрүүл мэндийн салбар хэн дуртай нэгний халдлагын бай болсон. Энэ хэмжээгээрээ эрүүл мэндийн салбарынхан сэтгэл зүй болон бие эрхтний гэмтэл авч байгаа ч нэг ч гэсэн хүний амийг аврахын төлөө ажиллаж байна.

Ингэж мэдэгдэл хүргэж байгаа нь ганцхан салбарын асуудал биш ээ. Энэ бол монголчуудын эрүүл мэндийн аюулгүй байдлын асуудал болохыг ойлгохыг хүсэж байна” хэмээв.

Дээрх асуудлуудаар МЭМАҮЗ-ийн холбооноос төсөв өргөн барихаас өмнө ЭМЯ, ХНХЯ, Сангийн яаманд санал, мэдэгдэл, зөвлөмж хэлбэрээр удаа дараа хандаж байсан ба эрүүл мэндийн салбарын хэлэлцээрт ч туссан хэдий ч төсөвт тусгагдаагүй гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна.