2021/03/03
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.87₮
B30
УЛААНБААТАР
|
-9°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-11°
B30
УЛААНБААТАР
-5°
|
-19°
17:00
S26
18:00
S26
-1°
19:00
S29
-3°
20:00
S26
-4°
21:00
S26
-5°
22:00
S26
-6°
23:00
S29
-6°
00:00
S29
-7°
01:00
S29
-7°
02:00
S26
-6°
03:00
S26
-7°
04:00
S26
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/09/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шувуу” 60 мянган хүнийг "яриулах" зорилготой

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн 29 дүгээр сургуулийн сонсголын бэрхшээлтэй сурагчид 2017 оны гуравдугаар сард сургуулийнхаа гадаа эсэргүүцлийн жагсаал хийж, “Бүх хичээлээ дохионы хэлээр заа”, “Сургуулийн захиргаа, бүх багш нар дохионы хэлний чадвараа сайжруул” хэмээн шаардаж байсан юм. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэгш байдлыг хүссэн үйлдэл байв.

Тэгвэл аутизмтай хүүхдэдээ нийгмийн харилцаанд ороход нь туслах зорилгоор нэгэн аавын санаачилж, бүтээсэн "Шувуу" аппликэйшн жил гаруйн хугацаанд 2,000 хэрэглэгчтэй болжээ.

Эхэндээ дан ганц аутизмтай хүмүүст зориулж бүтээх санаа байсан ч аппликэйшн хөгжүүлэлтийн явцад харилцааны, сонсголын бэрхшээлтэй, саажилттай олон хүн хэрэглэж болохыг хөгжүүлэгчид нь анзаарсан байна.

"Шувуу аппликэйшн хоёр жилийн өмнө санаа төдий байхдаа их амархан хийчихмээр юм шиг төсөөлөгдөж байлаа. Гэхдээ тийм байгаагүй. Хамгийн хэцүү нь үгийг зураг болгох үйл явц байсан. Үгийг оновчтой илэрхийлэх, ашиглаж болох бэлэн зураг интернетэд байгаагүй учраас зургуудыг нэг бүрчлэн зуруулсан" хэмээн "Шувуу" аппликэйшний үндсэн хөгжүүлэгч Б.Алтангэрэл дурссан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 орчим хувь нь ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд зурган өгүүлэмж тодорхой байх нь маш чухал.

"Шувуу" хэнд тусалж байгаа вэ?
 

"Шувуу" аппликэйшний 1.0 хувилбар нийт 230 гаруй үгсийн сантай, Android/IOS системтэй бүх төхөөрөмж дээр ашиглагдах бөгөөд татаж авсны дараа интернэтгүй орчинд ч ажиллах боломжтой.

Үйлдлийн систем нь ашиглахад маш хялбараас гадна хэрэглэгч өөрийн хэрэгцээнд нийцүүлж үгсийн сан, зураглалыг баяжуулах, үг, өгүүлбэрийг аудио хэлбэрээр сонсож болох ажээ.

Манай улсад аутизтай 18,000 орчим хүн байдгаас гадна жилд дунджаар 5,000 орчим хүн харвалт өгч, ярианы чадвараа түр болон удаан хугацаагаар, зарим тохиолдолд дахин сэргэхгүйгээр алддаг. Үүн дээр сонсголын, хэл ярианы бэрхшээлтэй иргэд "Шувуу" аппликэйшнийг ашиглах боломжтой учраас хөгжүүлэгчдийн зүгээс "Шувуу"-г 60,000 хүнд хүргэхийг зорьж аппликэйшний 2.0 хувилбарын хөгжүүлэлтийг эхлүүлжээ.

Шувуу ингэж ажилладаг

https://www.facebook.com/shuvuuapp/videos/1941717572772173/
"Шувуу" 60,000 хүнд нийгмийн харилцаанд ороход нь туслах зорилготой
 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, боловсролд хамрагдалт хангалтгүй, эдийн засгийн оролцоо бага байгаа нь нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаатай шууд холбоотой гэж хэлж болно.

Хэл ярианы бэрхшээлтэй хүмүүс зураг бүхий карт ашиглан нийгмийн харилцаан дахь оролцоогоо нэмэгдүүлэхийг хичээсээр ирсэн бол өдгөө дэлхий даяар тэдэнд туслах 4,000 гаруй аппликэйшн бий болжээ.

Харин Монголдоо анхдагч гэж хэлж болох “Шувуу” аппликэйшний 1.0 хувилбар гарснаасаа хойш жил гаруйн хугацаанд 2,000 хүнд хүрсэн нь хөгжүүлэгчдэд урам өгч, 2.0 хувилбарыг гаргах тэмүүллийг өдөөсөн аж.

“Аппликэйшний 2.0 хувилбарыг гаргах ажилд эерэг хандлагатай олон сайхан хүмүүс дэмжлэг үзүүлж байгааг хэлмээр байна.

Хөгжүүлэлтийн явцад хийгдэх хамгийн том ажил нь үгсийн санг нэмэгдүүлэн 500 болгох. Үг бүхэнд тохирсон, ойлгомжтой зураг зохионо гэдэг тийм ч амар биш. Жишээлбэл, ирэх, явах гэдэг хоёр үгийг хэрхэн дүрсэлбэл андуурагдахгүй байх вэ.

Энэ мэт бэрхшээлүүд байгаа ч аргыг нь олоод болгоно.  Учир нь аппликэйшн хөгжихийн хэрээр түүнийг хэрэглэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд оролцох, тэр дундаа хөдөлмөр эрхлэх, хамт олон дунд орж ажиллах боломжийг нэмэгдүүлсээр байх юм.

Түүнчлэн цааш хөгжүүлээд Өвөрмонгол болон Буриад аялгаар ярьдаг хүмүүс ашиглах боломжтой гэж харж байгаа. Буриад хувилбарт оруулахад дуудлага өөрчлөгдөх бол Өвөрмонгол руу уйгаржин монголоор бичээд л ашиглах боломж нээгдэнэ. Энэ мэт хөгжүүлэлтийн санаанууд байгаа” хэмээн "Шувуу" аппликэйшний үндсэн хөгжүүлэгч Б.Алтангэрэл ярилаа.

Та бүхэн өөрийн гар утсанд тус аппликэйшнийг суулгаж, тантай ярилцахыг хүсдэг тэр нэгэнтэй түвэггүй харилцаарай.

Аппликэйшний 1.0 “Монголын Аутизмын холбоо” ТББ, “Аутизм Монгол-Анд” ТББ, “Монголын дауны холбоо” тэргүүтэй  олон байгууллага, хамт олон болон хувь хүний өргөсөн хандиваар бүтсэн бөгөөд Та дараагийн хувилбарын хөгжүүлэлтийн ажилд оюуны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүсвэл ЭНД ДАРЖ холбогдоорой.

x