Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Гантулга: Эрчүүд цэвэршилтийн үедээ тайван бус, түргэн ууртай, гутранги болж бусдаас зайлсхийх хандлага гаргадаг

Д.Саруул, Өдрийн сонин
2019 оны 9 сарын 24
Өдрийн сонин
Зураг зураг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч, бэлгийн эмгэг судлаач эмч Г.Гантулгатай ярилцлаа.

-Цэвэршилт гэж ярихаар зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэж ойлгох нь бий. Эрэгтэйчүүдийн хувьд хэдэн наснаас ихэвчлэн цэвэршдэг вэ. Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн настай харьцуулахад арай хожуу байх уу?

-Цэвэршилт буюу бэлгийн идэвх буурах байдал нь 55 наснаас эхэлдэг гэж үздэг.

Гэхдээ тухайн хуний биеийн байдал буюу эрүүл мэнд стресс, сэтгэл зүйн байдал, амьдралын хэв маягаас шалтгаалж 5-7 жилийн дараагаас ч бэлгийн идэвх буурч болно.

Энэ нь эмэгтэйчүүдээс хожуу эхэлдэг гэсэн үг юм. Эрчүүдийн бэлгийн идэвх 55-80 нас хүртэл аажмаар буурдаг.

-50, 60 настай эрчүүд их уур бухимдалтай, цухалдангуй, нэг үгээр их муухай ааштай байх нь бий. Ялангуяа замын хөдөлгөөнд оролцож байхад энэ байдал их ажиглагдах юм. Энэ насны эрчүүдийн сэтгэл зүй, сэтгэцэд чухам ямар өөрчлөлтүүд гардаг юм бэ?

-Нас ахих тусам эрчүүдийн бэлгийн даавар болох тестостероны хэмжээ буурч эхэлдэг. Энэ нь сэтгэл зүйн болон бэлгийн идэвхэд нөлөөлдөг.

Бэлгийн идэвхтэй байдалд өөрчлөлт олсноор тухайн эрэгтэй хүн өөрийгөө хэт их хянах, биеэ шалгах буюу биеэ чагнах, өөрийгөө хүчлэх залуу байсан үетэйгээ харьцуулах байдлаар стресст өртөж, сэтгэл түгших, айх зэргээр тогтворгүй болж эхэлдэг.

-Эрчүүд цэвэршилтийн тухай ярих дургүй, энэ сэдвийг хөндөх сонирхолгүй байдаг нь ямар учиртай вэ?

-Эрчүүдийн хувьд бэлгийн идэвх буурч буй байдлаа тэр болгон илэрхийлж, туслалцаа авч чаддаггүй.

Энэ нь тухайн эрэгтэйг өөртөө итгэлгүй, өөрийн үнэлэмж буурах, ичих. сэтгэлээр унах, өөрийн биед гарч буй өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэх байдалд хүргэдэг.

Эдгээр сэтгэл хөдлөл, сөрөг бодлуудаас болж эрчүүд маань тайван бус, түргэн ууртай, гутранги, бусдаас зайлсхийх хандлагыг гэр бүл болон хүрээлэн буй хүмүүстээ гаргадаг.

Эрчүүд маань энэ талаар эмэгтэйчүүдийг бодвол гадагш илэрхийлж гаргах талдаа хаалттай, тэр болгон илэрхийлж чаддаггүй. Учир нь эрэгтэйчүүдийн хувийн зан чанар, сэтгэл зүйн онцлог болон төрж өссөн орчин, хүмүүжлийн байдал, бэлгийн амьдралын мэдлэг дутмаг байдал нь үүнд нөлөөлдөг.

-Тэгвэл ийм асуудалтай тулгарч буй эрчүүд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Гэр бүлийнхэн нь тэдэнтэй хэрхэн харьцвал зүйтэй вэ?

-Бэлгийн идэвх буурах энэ үеийг удаашруулж, тайван хүлээж авахын тулд эрчүүд маань дараах зүйлсийг анхаарч, амьдралын хэвийл болгох нь зүйтэй.

Тогтмол эрүүл хооллох, тогтмол цагт унтаж амрах, өдөр болгон биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийх, гэр бүл болон бэлгийн хамтрагчтайгаа нээлттэй илэн далангүй харилцах, хорт зуршлаас зайлсхийх, шаардлагатай үед урологи, сэтгэл засалч эмч гэсэн мэргэжлийн хүмүүсээс тусламж авах хэрэгтэй.

ЦЭВЭРШИЛТ ХЭЗЭЭ ЭХЭЛЖ, ХЭР УДААН ҮРГЭЛЖИЛДЭГ ВЭ

Анагаах ухааны судалгаа, ажиглалтаар эрчүүдийн цэвэршилт 50-60 насанд эхэлдэг.

Сүүлийн үед цэвэршилтийн нас харьцангуй залуужих болжээ. Нийгмийн байдал, цаг агаар, хоол ундны чанар, амьдралын хэмнэл өөрчлөгдөж байгаа нь эрт цэвэршихэд нөлөөлж байгаа аж.

Цэвэршилтийн үргэлжлэх хугацаа тухайн хүний эрүүл мэнддээ хэр анхаардгаас хамааран янз бүр байдаг.

Зарим хүнд 3-5 жилд явагдаад дуусдаг бол заримд нь түүнээс ч олон жил үргэлжлэх нь бий. Хугацаанаасаа эрт эхэлж, удаан үргэлжлэх нь сэтгэл зүйн хувьд хүнд байдалд оруулдаг.

ЦЭВЭРШИЛТ ЭХЭЛЖ БАЙГААГ МЭДЭЖ БОЛОХ УУ

Биеийн байдал суларч, оюуны чадвар доройтох, нойр хөнгөрөх, бэлгийн үйл ажиллагаа хямрах, ууц нуруугаар хөших зэрэг шинжүүд нийтлэг илэрдэг.

Гэхдээ ийм шинж тэмдэг нь ажлын ачаалал, стресс, ядаргаа зэргээс шалтгаалаад түр зуур илэрч болно.

Харин урт хугацаанд үргэлжилбэл эрэгтэйчүүдийн эмчид хандаж, эмчийн хяналтад орох хэрэгтэй.

Мэдээж байгалийн жам ёсоор цэвэршилт эхэлж байгаа бол санаа зовох шаардлагагүй. Харин энэ шинжүүд харьцангуй эрт буюу 40-45 насанд эхэлбэл андрологийн эмчид яаралтай хандаарай.

Биеийн ерөнхий байдал суларч, даралт ихсэж, зүрх судасны системийн өвчлөл нэмэгдэх, цус харвалт, зүрхний шигдээс болох эрсдэл ихсэх, таргалах зэрэг өөрчлөлт биед гардаг. Эрэгтэй хүний бэлгийн хэвийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор сэтгэл санаа ч хямардаг.

ЦЭВЭРШИЛТИЙН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ

Цэвэршилт эрт эхлэхэд хүргэдэг хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн нийтлэг нь түрүү булчирхайн үрэвсэл болон дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой юм.

Цэвэршилт эрт эхэлж буйн дохио нь шөнө олон шээх, бэлгийн дур хүсэл буурах, ядрах, зүрх өвдөх, тамирдах, нүүр ам бадайрах зэрэг болно.

Цэвэршилт эхлэх насыг хойшлуулахын тулд архи тамхинаас хол байх, хоолны дэглэм баримтлах, өөрийгөө залуу эрч, хүчтэй байлгаж баяр баясгалантай амьдрах, спортоор хичээллэх, агаар салхинд гарч байх хэрэгтэй.

Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг эрчүүд өөртөө илүү анхаарал тавих хэрэгтэй.

Цэвэршилтийн үед өөрийн дуртай таашаал авдаг зүйлээ хийх. Найз нөхөд болон гэр бүлийн гишүүдээс дэмжлэг авах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

Түүнчлэн амин дэм, эрдэс бодисын нэмэлт тэжээл авах, эрүүл хооллолтын дэглэм барьж тогтмол дасгал хийх, йогийн дасгал, бясалгал болон амьсгалаа зохицуулах дасгал хийвэл зүйтэй.

Харин кофейн, шоколад, спиртийн төрлийн ундаа, халуун ногоо нь нүүр цээжээр халуу оргих шинжийг улам ихэсгэнэ.

Хоол хүнсэндээ кальци ихээр агуулдаг сүү, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэх хэрэгтэй бөгөөд ислэг ихтэй, эрдэс давсаар баялаг, кали магни ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд дааврын хэвийн байдлыг хадгалахад чухал нөлөөтэй.

Цэвэршсэн бол бэлгийн харилцаанд орж болохгүй гэж зарим хүмүүс ойлгодог. Энэ бол маш буруу ойлголт. Цэвэршсэн бол бэлгийн харилцаанд орж болно. Too нь холдох боловч бэлгийн таашаал авах нь хэвийн байдаг.

Барууны оронд цэвэршсэн эрчүүд бэлгийн дур хүсэл өдөөх бэлдмэл хэрэглэхийг илүүд үздэг бол Азийн эрчүүд уламжлалт эм тангаар энэ асуудлаа шийддэг бөгөөд 70, 80 нас хүртлээ бэлгийн харилцаанд ордог юм байна.

Хятад, Энэтхэг зэрэг оронд 80 настайдаа үрийн зулай үнэрлэдэг тохиолдол олон байдаг нь үүнийг нотолдог билээ.

Зураг