Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Евгений Трифонов: Халхын голын дайны үр дүнд Монгол Улс олон улсын тавцанд бие даасан тоглогч болсон

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг

“ХАЛХ ГОЛЫН ТУЛАЛДААН: Хэний ялалт вэ” номын зохиолч Оросын түүхч Евгений Трифоновын бүтээлийг “Нэпко” хэвлэлийн компани эрхлэн гаргаж, монгол уншигчдын хүртээл болгоод байгаа билээ. 

Энэхүү номын зохиолч Евгений Трифонов өнөөдөр “Халхын голын түүхийг тодруулахуй” сэдвээр илтгэл тавьсан юм. 

 

Түүний илтгэлээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

Оросын талд Монголын талаарх ойлголт маш дутмаг, үнэн биш гэж би үздэг. Дунд сургуулийн түүхийн хичээлд ч заадаггүй. Үүнийг засаж залруулах шаардлагатай.
Ихэнх тохиолдолд оросууд Монголыг олон улсын харилцааны субьект гэж харахаасаа илүү обьект гэдгээр нь авч үздэг. Ямар учиртай гэхээр, монголчууд өөрсдөө аливааг хийж хэрэгжүүлэхээсээ илүү Монголд тийм зүйл болсон, болдог гэдэг өнцгөөс авч үзэж байсан. 
ЗХУ Монголд маш их хэмжээний тусламж үзүүлсэн гэдэг үзэл суртал хүчтэй явуулж байсан. Зөвхөн ЗХУ-ын зүгээс Монголд тусламж үзүүлсээр ирсэн гэдэг ойлголтоос салах хэрэгтэй
Монгол Улс хэзээд өөрийн гэсэн бодлого, ашиг сонирхолтой байсан. 
Миний номын гол дүгнэлт нь Халхын голын дайны үр дүнд Монгол Улс олон улсын тавцан дээр бие даасан тоглогч болж анх удаа гарч ирсэн явдал юм. 
Халхын голын дайнаас өмнө ЗХУ-ын зүгээс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч байгаагүй. Хэдийгээр 1921 оны хувьсгалын дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн гэдэг ч олон улсын тавцанд нээлттэй, ил тод байдлаар дэмжиж байгаагүй. 
1920-1930 оны хооронд Хятадад коммунист хөдөлгөөн хүчтэй өрнөж байсан. ЗХУ-ын зүгээс эдгээр хөдөлгөөнийг дэмжиж байсан нь цаашдаа Хятад улсыг ЗХУ-ын нэгэн хэсэг болгох бодлогын нэг хэсэг байсан. 
ЗХУ-ын хувьд Хятад улс нь улс төрийн чухал тоглогч байсан бол Монгол Улс Хятадтай холбоо тогтоох коридор байсан юм. 
Монголын хувьсгалт арми нь Оросын тусламжтайгаар бий болсон. ЗХУ-ын зүгээс Монголын армийн ач холбогдлыг харгалзан үздэггүй. Гэхдээ л дурамжхан гэж хэлж болохоор тусладаг байсан. 
1930-аад оны сүүлээр Япон улс Хятад руу дайрахад ЗХУ-аас Хятадад асар их хэмжээний тусламж үзүүлсэн. Гол шалтгаан нь ЗХУ нь Японыг ялах боломжтой, хүчирхэг улс гэдгээ харуулах зорилго тээж байсан юм. 
ЗХУ, Япон хоорондын хурц зөрчилд Монгол Улс оролцохоос өөр аргагүй байсан. 
Тухайн үеийн Монголын удирдлагууд дотроо зөрчилтэй байсан хэдий ч ЗХУ, Япон хоорондын зөрчил дундаас өөрийн эрх ашгийг олж авах сонирхолтой байсан. Тийм учраас Монголын тусгай алба, тагнуулчид Халхын голд маш идэвхтэй ажиллаж байв. 
Тухайн үеийн Монголын удирдагчдын хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд Монголчуудын ашиг сонирхлыг олон улсын тавцанд зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай гэдэг ойлголтыг Зөвлөлтийн удирдлагад өгч чадсан. Тэр үеэс хойш Монголыг хүлээн зөвшөөрч эхэлсэн байдаг. 
Халхын голын дайны үр дүнд Зөвлөлтийн хандлагыг өөрчлүүлж чадсан юм. Үүнийг нотлох гол зүйл нь тухайн үеийн зөвлөлтийн хэвлэлд Монголын талаар маш их бичих болсон. Жишээ нь, Монголын баатарлаг ардууд, ухаалаг офицерууд гэхчлэн хоёр орны харилцааны талаар маш их материал нийтлэгдсэн байдаг. 
Түүхэн статистикаас харахад Халхын голын дайны дараагаас эхлэн ЗХУ-аас Монголд үзүүлэх эдийн засгийн тусламжаа эрс нэмсэн харагддаг. 
Эх орны дайны үед Монголчуудын өгсөн бэлгийг Зөвлөлтийн иргэд талархан хүлээн авсан. Тэр дундаа нэхий эдлэл, ноосон хувцсыг тусламж болгон хүргүүлсэн гэдгийг ойлгож мэдсэн нь их том зүйл байсан. 
Дэлхийн II дайны дараагаас Монголыг дэлхий даяар хүлээн зөвшөөрч эхэлсэн. Ихэнх улсын Монголын талаарх байр суурь өөрчлөгдсөн. Геополитикийн хувьд маш том өөрчлөлт гарсан. 
Манай хоёр улсын сүүлийн 100 жилийн харилцааны түүхээс харахад янз бүрийн түвшинд харилцаж байж. Зарим үед ах дүүгийн найрамдалт харилцаатай байсан бол зарим үед нь ЗХУ-ын зүгээс Монголыг колончлох бодлого ч хэрэгжүүлж байв. 
Орос улс Монголын түүхийг судлах хэрэгтэй. Монголын түүхийг таньж, мэдсэний үндсэн дээр харилцааны зөв бодлогыг хэрэгжүүлэх боломжтой юм. 
Өнөөдрийн ОХУ-д төрийн түвшинд зөвхөн түүх судлалтай холбоотой олон ургалч үзэл бий. Миний номыг Монголд хэвлэсэн байхад Оросод хэвлэх магадлал маш бага. Хэвлэж болохгүй гэж шууд хориглохгүй ч, хэвлэлийн компаниуд цаашдаа дарамт, шахалтад орно гэж болгоомжлох үүднээс хэвлэхгүй байх

Номын талаар

Э.Бат-Үүл: Энэ бол цоо шинэ санааг дэвшүүлсэн ном байсан. Эцсийн бүлэгт Халхын голд Монголчууд ялсан юм гэдэг сонин санааг дэвшүүлсэн

 

Энэ номыг уншсанаас хойш Х.Чойбалсан маршалын тухай хоёр талтай боддог болсон. Уг нь Х.Чойбалсанг үндэстэндээ аймшигт террор хийсэн дарангуйлагч гэж үзэж ирсэн. Гэхдээ нөгөө талдаа энэ юуны төлөөс байсан бэ гэдэг нь эргэж бодоход хүргэсэн. 30-аад мянган хүн хэлмэгдсэн. Бүх сэхээтнээ устгасан. Энэ айхтар үйл явдлын төлөөс нь юу байв. 

Манай Ерөнхийлөгч нэг айхтар үг хэлсэн. Юу гэхээр, либериал ардчилал мухардсан. Одоо бол геополитикийн эрин үе эхэлсэн гэж хэлсэн. Энэ бол осолтой үг. Геополитик гэдэг бол том гүрнүүдийн тоглоом. 

Бид геополитикоор тоглосон гэж үзвэл түүгээр тусгаар тогтнолоо олж авсан. Одоо харин тусгаар тогтнолоо тавьж тууж тоглох юм биш байгаа гэж бодсон. Одоо хараад байхад байгалийн баялаг, уул уурхайг оросуудад өгөх геополитик явж байна гэж л харж байна. 

М.Энхсайхан: Трифонов гуайн хамгийн сүүлд бичсэн “Дайснаа барьж идэх нь Маод хайртайгаа харуулах цор ганц арга байсан” гэдэг гарчигтай нийтлэл байна. Энэ нь Хятадад болсон соёлын хувьсгал, улаан хамгаалагчдын тухай.

 

Маод үнэнч гэдгээ харуулахын тулд дайснаа хөнөөж, идэж байсан явдлын тухай бичсэн. Тэр нийтлэлээр нийгэм тэгтлээ солиорч, галзуурч болдог гэдгийг харуулсан юм билээ. 

Түүх давтагдах гээд байдаг зовлонтой. Түүх давтагдах тэр мөчид түүхээ судлаагүй сууж байгаа улс хамгийн их самгардаж, алдаа хийдэг. Тэр нийтлэлээс их олон зүйлийг өөр дээрээ тусгаж харж болохоор санагдсан. 

Монголбанкны анхны ерөнхий нягтлан бодогчоор Трифонов гэдэг хүн ажиллаж байж. Энэ хүн түүхч Евгений Трифоновын хамаатан байх магадлалтай юу гэсэн асуултад тэрбээр "Магадгүй юм. Миний өвөг эцэг ЗХУ-аас Хятадад суух Элчин сайдын яаманд ажиллаж байсан. Үүний зэрэгцээ Японд суугаа худалдааны атташегаар мөн ажиллаж байсан. Тиймээс Монголбанкны нягтлан бодогчоор ажиллаж байсан байх магадлал бий" хэмээсэн.