Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

Израйлийн бөхтэй барилдуулахгүйн тулд Иран улс бөхөө дарамталжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Ираны жүдо бөхийн од, 27 настай Саид Моллай 81 кг-ийн жинд чансаагаараа дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа тамирчин.

Гэвч өнгөрсөн долоо хоногт Токиод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэр медаль зүүж чадаагүй юм. Хэсгээсээ шалгараад байсан Моллай цааш амжилттай барилдвал Израйлийн бөх Саги Мукитай оноолт таарах байв. Гэтэл Израйльтай дайсагнадаг Ираны эрх баригчид Моллайг дайсан орны бөхтэй барилдуулахгүйн тулд өмнөх барилдаандаа зориуд ялагдахыг шаарджээ.

Ираны тагнуулынхан тамирчны дэвжээнд ирж дарамталснаас гадна Тегеран дахь гэрийнхэнд нь дарамт шахалт үзүүлсэн байна. Ингээд Моллай Бельгийн бөхөд зориуд ялагдаж, Израйлий бөхтэй медалийн төлөө барилдах боломжоо алджээ. Израйлийн бөх цааш амжилттай барилдаж 81 кг-ийн жинд дэлхийн аварга болсон юм.

Энэ явдлын талаар мэдсэн Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч Мариус Вайзер “Бид тамирчдаа хамгаалах ёстой. Тиймээс Моллайг ирэх зуны олимпийн наадамд барилдуулахын тулд бүхнийг хийх болно. Тэр Олимпийн далбаан дор барилдаж ч болох юм” хэмээн ярьжээ.

Моллай тэмцээний дараа Герман руу ниссэн бөгөөд одоо Берлинд байгаа юм. Ираны зарим хэвлэл Моллайг Герман руу нисэхэд Олон Улсын Жүдо Бөхийн Холбооны ерөнхийлөгч Мариус Вайзер тусалсан гэж мэдээлсэн байна.

Мөн Моллайг Герман улсаас улс төрийн орогнол хүссэн гэжээ. Харин өчигдөр буюу Ням гарагт Моллай “Надад Германы виз байгаа тул би хэл амнаас хол байхын тулд энд ирээд байна” гээд улс төрийн орогнол хүссэн гэх мэдээллийг няцаажээ.

Моллайг улс төрийн шалтгаанаар дарамталсан асуудлаар шуурхай хурал зохион байгуулж, Ираны жүдогийн холбоог шийтгэх тухай хэлэлцэх гэж байгааг Вайзер бас мэдээлсэн юм.

Иран улс Израйлийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд иргэдийнх нь гадаад паспорт дээр Израйльд нэвтрэхийг нь хориглосон байдаг.

Мөн тамирчдаа Израйлийн тамирчинтай өрсөлдөхийг хориглох явдал гардаг байна.

2017 онд дэвжээнд барилдаж байсан Ираны бөх Алиреза Каримид дасгалжуулагч нь “Израйль ялчлаа, чи одоо ялагдах ёстой” хэмээн хашхиран хэлж байгаа бичлэг тарж байв.

Энэ явдлын дараа Карими зургаан сар барилдах эрхээ хасуулж, дасгалжуулагч нь хоёр жил олон улсын тэмцээнд оролцох эрхгүй болсон юм.

 

Эх сурвалж: AFP