Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

"СХД-ийн 29 дүгээр хорооны сургууль, цэцэрлэгийн барилгыг ондоо багтаж ашиглалтад оруулна"

А.Намуун, iKon.mn
2019 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийн нэг нь Сонгинохайрхан. Тус дүүргийн 29 дүгээр хороо 7,200 хүн амтай. Үүнээс 1,392 нь 6-17 насны, 776 нь 2-5 насны хүүхэд байна.

29 дүгээр хороо улсын сургууль, цэцэрлэггүй. Тэгвэл энэ асуудал шийдэгдэж 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдаж эхэлжээ.

 

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны Засаг дарга Ш.Энхболдоос тодруулахад "Манай хорооны хүүхдүүд сургууль, цэцэрлэгтэй болох гэж байна. Барилгын ажил газар чөлөөлөлт, байгалийн үзэгдлийг эс тооцвол эрчимтэй явагдаж байгаа. 

Дөрвөн давхар сургуулийн барилга 75 хувьтай, хоёр давхар цэцэрлэгийнх 50 хувьтай. 2019 ондоо багтаагаад барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

Барилга ашиглалтад орчихвол ЕБС-ийн хичээлийн 2 дугаар улирлаас хамран сургах тойргийнхоо дагуу сурагчдаа авахыг зорьж байгаа. Манай хорооны хүүхдүүдийн ихэнх нь 12 дугаар сургуульд гурван ээлжээр хичээллэдэг. Энэ асуудал эцэслэгдэнэ. 

Сургалтын хувьд эхний ээлжинд энгийн сургалттай. Цаашдаа Кембрижийн сургалттай болгоно" гэсэн мэдээллийг өглөө.

Сургууль, цэцэрлэг барих ажлыг тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилсан байна.

Тэрбээр "Миний сонгогдсон тойрогт сургууль цэцэрлэгийн хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдэнэ" хэмээн фэйсбүүк хуудастаа бичжээ.

Шинэ сургууль, цэцэрлэг нь 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Москва хорооллын дунд баригдаж байгаа аж.