“Их Долоо”-гийн уулзалтын маргааш АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Украиныг зорьсон юм.
Тэрээр айлчлалынхаа зорилгыг Украины түншүүдтэйгээ уулзах, Украины хөгжлийн ирээдүйд дэмжлэг үзүүлэх гэж тайлбарласан байна.
Тэгвэл The Wall Street Journal сэтгүүл Жон Болтоныг Украины нисэх онгоцны хөдөлгүүрийн үйлдвэрийг Хятадын компаниудад алдахаас сэргийлэх зорилготой ирснийг мэдээлжээ.
Запорожье дахь Мотор Сич үйлдвэрийн хяналтын хувийг Хятадын компаниуд худалдаж авах санал тавиад Киевийн засгийн газрын шийдвэрийг хүлээж байгаа юм.
Хэрвээ энэ наймаа бүтвэл хятадууд нисдэг тэрэг, нисэх онгоцны нарийн технологийг эзэмшихээр болж байгаа бөгөөд ийм үр дүн Вашингтоныг түгшээж байгаа ажээ.
Beijing Skyrizon Aviation компани 2017 онд Мотор Сичийн 49 хувийг худалдаж авах санал тавьж, Украины аюулаас хамгаалах алба үүнийг нь зогсоож байв.
Харин одоо Skyrizon компани Xinwei Group-тэй хамтран 51 хувийг нь авах санал дахин тавиад байгаа юм. Наймаа бүтвэл тус үйлдвэрийн 25 хувь Украины зэвсгийн үйлдвэрлэлийн төрийн өмчит Укроборонпром компанид үлдэх юм.
Одоо наймааг Украины Шударга Өрсөлдөөнийг Хамгаалах газар хянан шалгаж байгаа. 1907 онд байгуулагдсан Мотор Сич нь Украины цорын ганц нисэх онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэгч бөгөөд 2014 онд Крымийг алдсаны дараа гол зах зээл болох ОХУ-ыг алдаж, санхүүгийн хувьд хүнд байдалд байгаа.
Өнгөрсөн онд Вашингтон шахалт үзүүлж Хятадтай хийх наймааг нь зогсоосны дараа Украины парламентын гишүүн Олег Ляшко “Хэрвээ Америкчууд Хятадад зарахыг зөвшөөрөхгүй байгаа бол өөрсдөө худалдаж авах хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байжээ.
Түүний харьяалагддаг үндсэрхэг үзэлтэй нам тухайн үед Украины Радад 22 суудалтай байсан бол өнгөрсөн сард болсон сонгуулиар ганц ч суудалгүй үлдсэн юм.
Жон Болтоны айлчлалын дараа Мотор Сич үйлдвэрийн хувьд заяа шийдэгдэх бололтой.
Эх сурвалж: The Wall Street Journal, Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!