Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Орос улс анхны хүн дүрст роботоо сансарт хөөргөлөө

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр өглөө ОХУ анхны хүн дүрст роботоо сансарт хөөргөлөө. Федор (Final Experiment Demonstration Object Research үгсийн товчлол) нэртэй робот Олон Улсын Сансрын Станцад 10 өдрийг өнгөрөөхдөө сансрын нисгэгчдэд туслах арга техникт суралцах гэнэ.

Казахстан дахь Байконурын буудлаас Союз МС-14 хөлөг хөөрөхдөө сансрын нисгэгчгүй, зөвхөн Федор роботыг тээж явсан байна.

Уг хөлөг Бямба гарагт Олон Улсын Сансрын Станцтай залгагдаж, есдүгээр сарын 7 хүртэл ажиллах юм.

Федор нь тойрог замд хүртлээ Оросуудын бүтээсэн шинэ аврах системийг турших ажээ.

Тэрээр пуужин хөөрөх үед сансрын нисгэгчийн суудалд гартаа ОХУ-ын далбаа барьж суугаад Гагарины хэлдэг алдарт үгийг (Поехали!) хэлж байжээ.

Федор нь 1.8 метр өндөр, 160 кг жинтэй. Тойрог замд очоод цахилгааны кабелуудыг залгах, салгах, төрөл бүрийн багаж хэрэгслийг ажиллуулах зэрэг дадлагыг жингүйдлийн орчинд гүйцэтгэх юм.

Ингэхдээ хүний хөдөлгөөнийг хуулбарлан хийхээр бүтээгджээ. Өөрөөр хэлбэл станцад байгаа сансрын нисгэгч, эсвэл дэлхий дээр байгаа хүний үйл хөдлөлийг дагаж хийх юм.

Туршилт амжилттай болбол Федор нь хүн гүйцэтгэхэд аюултай ажлыг, тухайлбал задгай сансарт хийгдэх ажлуудыг гүйцэтгэдэг болно.

Федор нь сансарт ниссэн анхны хүн дүрст робот биш. 2011 онд General Motors компанийн бүтээсэн Robonaut 2 роботыг NASA тойрог замд илгээж байсан нь Федортой адилхан үүрэг гүйцэтгэх зориулалттай байв.

Энэ роботод техникийн гэмтэл гарснаас 2018 онд дэлхий рүү буцааж байжээ.

2013 онд япончууд Toyota компанийн бүтээсэн Kirobo хэмээх жижиг робот туслагчийг сансарт илгээж байсан юм. Уг робот нь зөвхөн япон хэлээр ярьдаг байсан бөгөөд Олон Улсын Сансрын Станцын анхны япон ахмадтай цуг ажиллаад буцаж байжээ.

 

Эх сурвалж: AFP