Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/21-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатар хотод бүтэн зам бараг үлдсэнгүй

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2019 оны 8 сарын 21
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын энд тэндгүй эвдэрч, цоорсон зам.

Ганцхан жилийн өмнө тавьсан шинэ зам нэг өдрийн борооноор эмтэрч, машин явах аргагүй энхэл донхол болжээ. Нарны зам, Үйлдвэр комбинат, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, 3, 4 дүгээр хороолол, Бөмбөгөр худалдааны төв, Гандан, Хархорин, Зурагт, Баянхошуу, Дарь-Эх гээд л тоочоод байвал нийслэлд эвдрээгүй, цоороогүй зам бараг алга. Өөрөөр хэлбэл, бүтэн зам бараг үлдсэнгүй.

Хөөгөөд явбал А бүс гэгдэж буй хотын төвийн зам ч хагаралтай, эвдрэлтэй л байгаа. Ялангуяа туслах замуудад том, жижиг нүх, ан цав, хагарал үүссэн нь их. Хотын замын насжилт богино, арчилгаа, хийц муу байдгийн хамгийн тод жишээ нь, энэ. Шинэ замууд эвдэрсэн байхад хэдэн арван жилийг элээсэн туслах замууд ямар байх нь ойлгомжтой биз.

Эвдэрхий замаас болж жолооч нарын тэвчээр ч барагдав. Жолооч нарын авьяас, чадварыг сорьж буй хотын замуудыг хэзээ засах вэ, хотын менежер ээ. Энэ бол таны хариуцах ёстой ажил.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр та доороо ажилладаг хүмүүстээ шаардлага тавина уу. Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын удирдлагууд энэ бүхэнд анхаарал хандуулахыг хүсье.

Өдөр бүр бороогоор шалтаглаж суусаар өвөлтэй золгох нь. Хотын замаа ганц, нэгхэн хүчтэй борооны усанд урсахааргүй чанартай нөхөөч. Жилийн жилд л замын нөхөөсөнд хэдэн арван тэрбум төгрөг зарцуулна. Тийм атлаа үр дүн нь дандаа тааруу.

Ганцхан жилийн настай засвар, арчлалт хийхийн тулд хэдэн арван тэрбум төгрөг төсөвлөх хэрэг байна уу. Тэрбум, тэрбумаар зам засварт хөрөнгө зарцуулж байгаа бол ядаж л 5-10 жилийн насжилттай ажил хийж болдоггүй юм уу гэж өөрийн эрхгүй асуумаар санагдлаа. Нийслэлийн авто замд гарч буй осол аваарт согтуу жолооч, сагсуу бацаануудаас гадна хагархай, эвдэрч хэмхэрсэн зам ч багагүй үүрэг гүйцэтгэж байна.

Замд таарсан том нүхийг тойрч гарахдаа том, жижиг аваар хийж байна, жолооч нар. Үүнээс болж эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирч байна. Эвдэрсэн замаар тойрч гарах гэж байгаад багахан хэмжээний осол гаргахад л хамгийн доод тал нь 50-100 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж, машин жолоодох эрхийн онооноосоо хасуулахын сацуу осол гаргасан гэдэг үндэслэлээр дахин 50-100 мянган төгрөгийн торгууль төлөх шаардлага гардаг.

Зүгээр л эвдэрсэн зам тойрч гарсны төлөө шүүдээ. Мэдээж жолоочийн авхаалж самбаа, сонор сэрэмжийг шаардаж байгаа ч хэдий болтол ан цав үүссэн, хагарсан, эвдэрсэн замаар нийслэлчүүд зорчих вэ.

Адаглаад машины эд ангид хүртэл муугаар  нөлөөлж байна. Нөгөө талаар туслах замуудын эвдрэл нь зохиомол түгжрэл үүсэх гол шалтаг болж байгаа юм. Зам эвдэрч, үүнийг зохих хугацаанд нь засахгүй байна гэдэг ард түмний эсрэг их буугаар галлаж, зам дээр тэсрэх бөмбөг тавьсантай адил гэж гаднын оронд үздэг ажээ. Гэтэл манай хотын удирдлагууд яг борооны улирал эхлэхийг хүлээдэг үү,ямартай ч зун дуусаж намар хаяанд ирэхэд зам засварын ажлыг эхлүүлдэг нь гайхмаар.

Зам засах нэрийдлээр энд тэндгүй том нүх ухна. Ингээд бороо орсны дараа ухсан нүхээ битүүлж, засах гэхээр өнөөх нь борооны усанд идэгдэж, төсөөлснөөс ч том болсон байдаг. Түүнчлэн хувийн хэвшлийнхэн туслах замуудыг “будаа” болгож дууслаа.

Нэг байшин барьчихаад кабелийн утас, шугам сүлжээ татах нэрийдлээр зам ухаж, сэндийчнэ. Дараа нь ухсан хэсгээ ямар ч норм стандартгүй, өөрсдийн дураар битүүлжорхино. Ингээд хэд хоногийн дараа, эсвэл борооны үеэр тухайн хэсэгт нүх, сүв үүсч, иргэдийг хохироож байна.

Үүнд хяналт, шаардлага тавьдаг нэг ч хүн алга. Аль нэг зам там болсны дараа, аль нэг гүүр эвдэрсний хойно сая нэг сэхээ орж, хааж, хорьж, боож, түгжихийг чухалчилдаг. Ойрын өдрүүдийн үргэлжилсэн борооны улмаас далан сэтэрч, замын хучлага урслаа гэсэн мэдээллүүд нийгмийн сүлжээгээр тарах болов. Иргэд үүнийг ус зайлуулах шугамгүй, чанаргүй замтай холбон бухимдаж байна.

Замын эвдрэлийн шалтгаан үнэхээр энэ байв уу, эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйл үү. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамж буюу 25 дугаар эмийн сангаас хороолол өгсөх зам л гэхэд хүчтэй борооны улмаас хучилтын гадаргуу нь хуурч эвдэрчээ.

Мөн энд тэндгүй нүх үүссэн байх юм. Уг зам хоёр урсгалтай. Өгсөх, уруудах зам дагуу ойролцоогоор 50 метр газарт ийм нөхцөл байдал үүсжээ. Тээврийн хэрэгсэл зорчиход багагүй хүндрэл гарч байгаа нь ойлгомжтой. Уг нь замын урсгал шороо, бохирдлыг цэвэрлэсэн бололтой. Гэхдээ хэзээ нөхөөс хийж, замыг тэгшлэх нь тодорхойгүй. Хажуугаар зөрөх иргэн “Энэ бороо манай улсын замын чанарыг шалгаж байна.

Хотын төв зам дээрээ үерлээд, боогдоод сууж байдаг улс манайхаас өөр байхгүй дээ” хэмээн бухимдав. Нээрээ л зам дээр үер нь буугаад, үертээ зам нь урсаж, хуулраад үлгэр шиг юм болж байна. Наймдугаар сарыг “уртын харайлтын улирал” гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Хаа сайгүй үсэрсэн, харайсан, хашлага, хашаанд дүүжлэгдсэн хүмүүс. Тэгэхгүй л бол голын усыг нүцгэн хөлөөрөө гатлах мэт усан дундуур туучих болно.

Залуус ч яах вэ, уртад харайгаад учраа олчихно. Харин настай хүмүүст хүндрэлтэй байгаа нь илт. Энэ бүхний шалтгааныг ус зайлуулах шугам, чанаргүй замын гүйцэтгэлтэй холбох хүмүүс олон байгаа юм.

Албаны хүний тайлбарласнаар эвдэрсэн дээрх авто замыг арваад жилийн өмнө барьсан бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусжээ. Их засварт орох ёстой ч хөрөнгөгүйгээс шинээр барих авто замын жагсаалтад багтдаггүй аж. Өнөө жил хур бороо элбэг байгаа нь энэ мэтчилэн олон жил болсон авто замуудыг “урсгаж” тээврийн хэрэгсэл зорчиход бэрхшээл учруулах болжээ.

Нэг үеэ бодвол сүүлийн жилүүдэд шинээр тавьж байгаа авто замуудад борооны ус зайлуулах шугам тавьдаг болсон ч өнөөх нь нэр төдий учраас шороо, хогоор дүүрдэг. Харин арав гаруй жилийн өмнө тавьсан, ашиглалтын хугацаа нь дуусаад байгаа Чингүнжавын гудамжтай адил тавигдсан замууд нь ямар ч борооны ус зайлуулагч, шугамгүй хийгдсэн байна.

Тиймээс авто замыг дахин шинэчлэхдээ борооны ус зайлуулагчтай байхаар барих шаардлагатай байна. Авто замын хуулиараа тухайн замыг барьсан компани гурван жилийн баталгаа гаргаж, энэ хугацаанд ямар нэгэн асуудал гарахад засвараа хариуцаж хийдэг аж.

Үүнээс цааш урсгал, их засвараа улс өөрөө төсөв гаргаж хийх хуультай. Харин олигтойхон төсөв баталж, замаа шинэчилж чадахгүй явсаар үерт замаа урсгаж байгаа нь төрийн хариуцах ажил болов уу.

Зам засварын талаар нийслэлийн Авто замын газрын Засвар, ашиглалтын хяналтын хэлтсийн мэргэжилтэн Д.Заансүх “Бид Чингүнжавын гудамжны хувьд анхан шатны арга хэмжээ авсан.

Хууларсан замын шороо, бохирдлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар шуурхай ажиллаж, зорчигчийн хэсгээс зайлуулж, нүхүүдийг ухаж, цэвэрлэсэн. Одоо бороо орж байгаа үед нойтон замыг засварлах боломжгүй.

Технологийн горим зөрчигдөнө. Тиймээс нар гарч, замууд хатсаны дараа нөхөөсний засварын ажлууд эхэлнэ” гэв. Манайд шинээр тавигдаж буй ихэнх замууд хоёр үеэр хийгддэг байна.

Энэ нь нэг км замын төсөвт өртөг дэлхийн хөгжилтэй орнуудтай харьцуулахад бүр тэнгэр, газар шиг ялгаатай байдагтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, манай улс зам барихдаа төсөв, мөнгөндөө тааруулж л хийгээд байна. Гэтэл Орос, Америк, Япон зэрэг оронд 15 үеэр буталсан чулуун сууриныхаа оронд том ширхэгтэй асфальт хийдэг ажээ. “Талхан дээр нимгэн масло түрхсэн мэт замууд” гэж иргэд шүүмжлэх нь аргагүй ч юм шиг.

Ашиглалтын хугацаа дууссан байхад ээлжит, их засвараа хийж чадахгүй байгаа улс замын зузааныг анхаарах нь юу л бол. Юутай ч ойрын хугацаанд үр ашиггүй зардлаа танаж, замын их засваруудаа яаравчлах ёстойг байгаль эх сануулсаар.

Хотын менежер Т.Гантөмөр та хэдэн мэргэжилтэн, хариуцсан дарга нараа дагуулаад хотоо нэг тойрооч. Тэгж байж ажил хийх сэдэл төрөх болов уу. Магадгүй таны нэр хүндэд халдах гэж зориуд ийм шүүмжлэл бичсэн мэт харагдаж байж мэдэх юм.

Гэтэл үнэндээ таны хариуцдаг ажлууд салан задгай байна. Тиймээс та хотоо нэг тойроод шүүмжлэл хэр бодитой байгааг өөрийн нүдээр харна биз. Үүнээс өмнө манай сонин гудамж, талбай, замын гэрэлтүүлгийн асуудлыг хөндөхөд гэнэт сандралд орж бүгдийг нь автоматаар хянадаг гээд л тайлбар өгч байсан.

Харамсалтай нь, танай мэргэжилтнүүдийн хяналт дэндүү сул, ажилдаа ямар хойрго ханддагийг нэг бус удаа харлаа. Замын гэрэлтүүлэг нь өдөржин асаалттай, эсвэл нэг нь ч асахгүй таг харанхуй өнжсөн тохиолдол нэг биш нэлээд хэдэн удаа давтагдав.

Өнөөх хяналт нь алга. Хариуцсан ажлаа олигтой хийхгүй атлаа тайлбар тавих, бусдыгаа загнахдаа гаршсан хүмүүс байдаг бололтой, захирагчийн ажлын албанд. Та бүхэн бороо зогсохоор зам арчлалт, нөхөөсөө хийнэ гээд хүлээж сууна уу.

Тэгвэл тэр олон нөхөөсийг хийхэд урин дулааны энэ хэдхэн хоног хүрэлцэхгүй биз. Тэгээд цагтаа дуусгахын тулд дахиад л халтуурдана. Өнөөх нь ирэх жилийн хавар, зун, намар дахиад л эвдэрнэ, хагарна. Ийм байдлаар жил бүр бидний татвараас бүрдүүлдэг төсвийн мөнгийг тэрбум тэрбумаар нь цацмааргүй байна.

Эцэст нь хэлэхэд, ажлаа сайн хий, хяналтаа сайжруул. Зам засварын ажлаа тааруу хийсэн компаниудад хариуцлагаа тооц. Аз жаргалтай хотод авто замын эвдрэлээс болж эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирмооргүй байна.

Зураг