2019/08/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,671.55₮
B30
УЛААНБААТАР
18°
|
12°
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
15°
|
10:00
S30
17°
11:00
S30
18°
12:00
S30
18°
13:00
S30
18°
14:00
S30
18°
15:00
S30
18°
16:00
S30
17°
17:00
S32
17°
18:00
S32
15°
19:00
S32
14°
20:00
S31
12°
21:00
S31
11°

Ч.Энхжин: Бал хазах, шанаагаа тулах зуршил нүүрний гажиг үүсгэж болно

С.Уянга, Зууны мэдээ
2019 оны 8 сарын 15
Зууны мэдээ

Сүүлийн үед залуус шүдний аппарат зүүх болсон. Үүнтэй холбоотойгоор НШЭНТ-ийн Согог гажиг заслын тасгийн их эмч Ч.Энхжинтэй ярилцлаа.

-Өөрийгөө эрүү, нүүрний буруу хэлбэртэй гэж үзсэн хүн бүр шүдний аппаратыг заавал зүүх ёстой юу?

-Аппарат зүүх ёстой үгүйг оношилгооноос эхэлж ярих ёстой.

Эрүү, нүүрний гажиг ясны төрөл үү эсвэл зөвхөн шүдний гаралтай гажиг уу гэдгээс хамаарна. Ясны гаралтай шаамий, орсгой зуулт давхар үйлийн алдагдалтай байдаг учраас заавал гажиг заслын эмчилгээг мэс засалтай хавсарч хийлгэх шаардлагатай. Тиймээс хүүхдийг аль болох бага наснаас нь эхэлж гажиг заслын эмчид үзүүлж, өсөлтийг нь хянах хэрэгтэй.

Ингэж байж ясны гажиг даамжрахаас урьдчилан сэргийлж чадна. Харин шүдний яс хэвийн хөгжилтэй мөртлөө бөөгнөрөл, зайтай бол заавал аппарат зүүх шаардлагагүй. Идэх үйл зүй алдагдаагүй учраас гоо сайхны үүднээс өөрийнх нь сонголтын асуудал болно.

-Шүдний гажиг хүүхдийг хэдэн настайд нь илэрч эхэлдэг вэ. Гажигтай эсэхийг эмчид үзүүлэхгүйгээр хэрхэн мэдэж болох вэ?

-Насны хувьд янз бүр. Сүүлийн үед бага насны хүүхдүүд шүдний гажгаа оношлуулахаар түлхүү хандаж байна.

Манай тасагт зөвлөгөө авахаар ирж байгаа үйлчлүүлэгчдийн дунд 3-4 настай хүүхэд  байна. Мөн  төрөлхийн шүдний гажигтай төрж байгаа хүүхэд ч бий.

Шүд илүү, дутуу байгаа эсэх болон шүдлэлтийн хугацааны алдагдал, хэлбэрийн гажиг, ясны өөрчлөлтийг тодорхойлоход хэцүү. Тухайн үед нь эмгэг жамынх нь эсрэг эмчилгээг хийж байгаа ч аппарат хийж шүд хөдөлгөхөд хамгийн тохиромжтой нь найман нас гэж үздэг.

Энэ насанд шүд солигдлын хугацаа эхэлж, шүдний ёзоорын хэлбэржилт 50-аас илүү хувь явагдсан байдаг болохоор ачаалал өгөхөд даахуйц болдог. Хэл уруулын хөвч, булчингийн чангаралтай эсвэл хэт сулралтайгаас болж гажиг үүсэх магадлалтай бол заавал аппарат зүүхгүйгээр дасгал, булчингийн хөгжлийг хэвийн болгох эмчилгээ хийдэг.

Эцэг эхчүүд голдуу хүүхдээ 5-6 настайд нь авчирч оношлуулж байна. Хүүхдийнхээ шүд солигдол, цоорлыг эмчлүүлэх гэж ирэхдээ манай эмнэлгийн урьдчилан сэргийлэх кабинетаас мэдээлэл авч дамжиж орж оношлогдож байгаа тохиолдол ч байна.

-Гоо сайхан талаасаа бол хувь хүний асуудал боллоо. Харин ясны гаралтай гажгийг мэдэхгүй явснаас хэт даамжирвал ямар эрсдэлтэй вэ?

-Зажлах зулгаах үйлийн алдагдалд орно. Энэ үйл ажиллагаа алдагдахаар амны хөндийд клейрэнс явагдахгүй. Ямар ч хоршилт байхгүйгээс хоолыг зажилж, жижиглэж чадахгүй.

Үүнээс болж хоол боловсруулах эрхтэн системд нөлөөлнө. Хэт шаамий орсгойгоос болоод хамар, амны амьсгал хэвийн биш болж амьсгалын замын өөрчлөлттэй болно. Гэтэл эсрэгээрээ амьсгалын замын өөрчлөлт болон багаасаа хуруу гараа хөхөх буруу зуршлаас үүдэж буруу зуулт үүсэж болно.

Өнгөн талаасаа эрүү шаамий, хоншоор орсгой мэт боловч багана нуруу, эрхтэн системд өөрчлөлт орж байгааг мэддэггүй.

Шүдний эгнээний нарийсал үүсэж, бөөгнөрөөд орсгой зуулт үүсчихсэн байдаг. Тиймээс шүдний эгнээний нарийслыг аппаратаар тэлж өгч тагнайг өргөн болгодог.

Тагнай бол амны хөндийн дээвэр, хамрын хөндийн ёроол хэсэг. Зэмсгийн эмчилгээ нь хамраар орох агаарын урсгалын замыг өөрчилснөөр амьсгалж байгаа хүчилтөрөгчийн хэмжээнээс эхлээд уушги дэлгэгдэх, цусан дахь хүчилтөрөгч, багана нурууны хэлбэр хүртэл өөрчлөгддөг.

-Хүүхдүүд найман настайгаасаа шүдний аппарат зүүж болох нь. Насан хүрэгчдийн хувьд хамгийн дээд тал нь хэдэн насандаа зүүх вэ. Наснаас хамаараад удаан хугацаагаар зүүх үү?

-Хүмүүс шүдээ үзүүлээд л шууд аппарат зүүнэ гэж ойлгодог. Гэтэл хүн болгоны гажиг харилцан адилгүй учраас наснаас нь хамаараад хэмжилт хийнэ. Шүд нь бөөгнөрчихсөн байлаа гэхэд шүднээс гадна эрүү, хоншоорны зайг нарийн хэмжинэ.

Гавлын яс хэр том байгаагаас шалтгаалаад бөөгнөрлийг тооцож шүднүүдийг тараах зай хангалттай байгаа бол шүд авахгүйгээр эмчилж болно. Гэтэл хоншоор эрүүний яс нь төрөлхийн жижиг  мөртлөө шүд том бол эгнээнээс шүд хасна.

Шүд тэгш хэмтэй хос эрхтэн учраас дээд, доод талаас ижил тоотой авагддаг. Гажгийн төрлөөс хамаараад авдаг шүд янз бүр. Рентген зурганд хэмжилт хийж үзээд хүн бүрт зориулсан эмчилгээний төлөвлөгөөг нарийвчлан гаргаж дүн шинжилгээ хийнэ.

Хэдэн настайгаасаа аппарат зүүх нь тухайн хүний тулгуур эд ямар байгаагаас хамаарна. Хөгжилтэй орнуудад ясны шимэгдэлтэй аппарат зүүх боломжгүй хүмүүст хиймэл яс суулгадаг. Манайд одоогоор техник технологиос шалтгаалаад хүндрэлтэй байна. Маш хянамгай, эрсдэлээ тооцож байж эмчилгээ хийх хэрэгтэй.

-Аппарат зүүх боломжгүй хүн гэж байх уу?

-Боломжгүй хүн гэж бий. Их хэмжээний тулгуур эдийн өвчлөлтэй хүн аппарат зүүх боломжгүй. Шүд хөдөлгөхөд тулгуур эд эрүүл байх ёстой.

Шүдний ёзоор, туушин яс, холбоос өөрчлөлтгүй. Шүдний ёзоор хангалттай ачаалал даахуйц хэмжээний урттай байх ёстой. Гажиг заслын эмчилгээ био механик хүч байдаг учраас шүдийг механик хүчээр хөдөлгөөн хийж шилжүүлэхээр ёзоор болон ясанд шимэгдэл явагддаг.

Гажиг заслын эмчилгээний дүнд ойролцоогоор 1-1.5 мм орчим шимэгдэл явагддаг бол зарим хүнийх богино ёзоортой байдаг. Ийм шүдийг хөдөлгөхөд гажиг заслын шимэгдэл явахаар улам богино болж шүд булгарах аюултай. Буруу оношилсноос булгарах, мултрах гэсэн эсрэг заалттай.

-Шүдний аппарат хийдэг хувийн эмнэлгүүд олон. Хүмүүс эдийн засгийн боломжоосоо шалтгаалаад хувийн эмнэлэгт лизингээр их хийлгэж байна. Оношилгоо эмчилгээг буруу хийж, богино ёзоортой шүдэнд ч юм уу аппарат хийвэл ямар эрсдэлтэй вэ?

-Эрсдэл өндөр. Аппарат зүүж байгаа үед мэдэгдэхгүй байж болох ч авсны дараа 1-2 жилийн дараа шүд суларч булгарч унах аюултай. Эд эрхтнийг хөдөлгөж байгаа учраас маш нарийн оношилгоо шинжилгээ хийлгэх ёстой.

Нэг ширхэг шүд хөдөлгөхөд тагнайны хэлбэр өөрчлөгдөж эрхтэн системд нөлөөлдөг. Шүдэнд аппарат хийх эсэхийг оношлохын тулд мм, градусаар хэмжилт хийнэ. Хамгийн эхний удаа шүдний дэлгэмэл, гавлын хажуугийн зураг авахуулна. Дараа нь амны хэв авч шүд болгоны харьцааг мм-ээр нь хэмжинэ. Гавлын ясны цэгүүдэд хэмжилт хийж математик загварчлалд оруулж бодоход хүн бүрийнх өөр. Энэ бүхний дараа тодорхой хариу гарснаар олон улсын протоколын дагуу эмчилгээ хийнэ. Өөрөөр хэлбэл, нотолгоонд суурилсан эмчилгээ хийж байна гэсэн үг.

Хэвийн хэмжээнд оруулахын тулд бүх графикийг бөглөж хүнд, хөнгөний зэрэглэлийг гаргаж ирнэ. Тухайн хүнийг ямар болгож чадах шүд нь хэдэн хувьтай засрах вэ гэдэг анхнаасаа л тодорхой байдаг гэсэн үг.

-Энэ төрлийн эмчилгээ даатгалд хамаардаггүй юу?

-Энэ эмчилгээ даатгалд хамаардаггүй. Харин АНУ-д бол хэмжилт хийхдээ хүмүүсээ хоёр бүлэг болгодог. Ясны өөрчлөлттэй үйлийн алдагдалтай гэж үзвэл нийгмийн даатгалын сангаас 50 хувь хөнгөлдөг. Гажиг нь зөвхөн гоо сайхны төрлийнх бол хүмүүс нь мөнгөө бүрэн төлдөг.

-Хүнд, хөнгөний зэрэглэлээс болж аппарат зүүх хугацаа өөр байх уу?

-Шүдний гажгаас хамаарч хэр хугацаанд аппарат зүүх вэ гэдгийг шийддэг. Ясны гаралтай гажиг мэс засалтай хавсарч хийдэг учраас хүндрэлтэй. Шаамий зуулт гэхэд шүд, ясны гаралтай гээд олон төрөл. Ясны гаралтай гажиг бол хоншоорын яс дутуу хөгжсөн эсвэл эрүүний яс илүү хөгжсөнөөс үүсэж болно. Энэ хоёр гажиг хавсарсан ч тохиолдол байдаг. Тэгэхээр аль төрлийн гажигтай вэ гэдгийг гавлын суурь ястай харьцуулж ялгаж тодорхойлно.

-Хүүхдүүд шүдний аппарат их зүүх боллоо. Энэ гажиг хоолоо дутуу зажилснаас ч юм уу бэлэн хүнс хэрэглэснээс үүсэх магадлалтай юу?

-Шалтгаан хэлэхэд төвөгтэй. Ихэнх нь удамшлын шалтгаантай. Мөн зуршлаас үүдсэн гажиг ч бий. Амьсгал хэвийн бус байгаагаас тагнайн нарийсалтай болох, хэл уруулын хөвч богиноос шаамий зуулт үүсэж байна.

Байнгын бал хазах, шанаагаа тулах зуршлаас гажиг үүсэх тохиолдол бий. Үйлчлүүлж байгаа хүмүүсээс асуумж авах зэргээр аль болох шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор ажиллаж байна.

-Олон улсад бол тухайн улсын хүн амын 70-80 хувь нь эрүү, нүүрний гажигтай гэсэн судалгаа байдаг юм билээ. Танай эмнэлэгт хандаж байгаа хүмүүсийн нас, хүйс, тоо ямар байна вэ?

-Манайд бол энэ төрлийн нарийн судалгаа байдаггүй. Кейсүүд олон янз, аль насандаа оношлогдохоос эхлээд тодорхойлж хэлэхэд бэрх. Эрүү, нүүрний гажигтай холбоотойгоор харьцуулалт хийх стандарт бүлгүүд  хангалтгүй. Манай тасагт 6-35 насныхан түлхүү ханддаг.

x