Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Туркойз Хилл Ресурс"-ийн хувьцааны ханш түүхэн доод түвшиндээ хүрэв

Т.Саран, iKon.mn
2019 оны 7 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын өмнийн говьд хэрэгжүүлж буй "Оюу толгой"-н гүний уурхайн төслийн хөрөнгө оруулалтын зардлыг "Рио Тинто" 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх шаардлагатай болсон талаар Financial Times мэдээлснийг бид хүргэсэн билээ.

Харин энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн "Оюу толгой" төслийн 66%-ийг эзэмшдэг, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурс(TRQ)-ийн хувьцааны ханш 43.93% унаж, түүхэн доод түвшиндээ хүрэв. Одоогоор TRQ нэгж хувьцааны ханш 0.6 ам.доллар буюу 60 центтэй тэнцэж байна. Ийнхүү сүүлийн гурван жилд Туркойз Хилл Ресурс компанийн зах зээлийн үнэлгээ 6.0 тэрбумаас 1.0 тэрбум ам.доллар болтлоо зургаа дахин буурав.

Зураг. TRQ хувьцааны ханш

 

Оюутолгой ордын нийт баялгийн 80 гаруй хувь нь газрын гүнд бий. Тийм ч учраас уг төслийн гүний уурхай ашиглалтад орсноор 
“Оюу толгой”-н үйлдвэрлэл одоогийнхоос гурав дахин нэмэгдэж, "Оюу толгой" компани дангаараа Монгол Улсын ДНБ-ий 30 хувийг бүрдүүлэх учиртай. Харамсалтай нь Монгол Улсын хувьд хамгийн их хүлээлт болж байсан төсөл ийнхүү жил жилээр хойшилсоор. 

Цаг хугацааны хувьд эргэн харвал:  

  • 2016 оны тавдугаар сард гүний уурхайн ТЭЗҮ-ийг баталсан. ТЭЗҮ-ийг батлах үед гүний уурхайн нийт хөрөнгө оруулалтыг 5.3 тэрбум ам.доллар, олборлолт эхлэх хугацаа 2020 он, гүний уурхайг 2027 оноос бүрэн хүчин чадлаар ашиглана гэж төлөвлөж байв. 
  • Харин 2018 онд гүний уурхайн олборлолт 2021 оны сүүлчээр эхлэхээр болж хойшилсон талаар мэдээлэл гарав. 
  • Тэгвэл Рио Тинто гүний уурхайн олборлолт хойшлох талаар тоймтой мэдээллийг ийнхүү өглөө. Товчхондоо гүний уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2023 оны зургаадугаар сар хүртэл буюу 16-30 сараар хойшлохоор болоод байна.  

Ингэснээр 5.3 тэрбум ам.долларын өртөгтэй уг төслийн хөрөнгө оруулалт 1.2-1.9 тэрбум ам.доллараар нэмэгдэхээр болж байна. Үүнийг дагаад 2022 оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан гүний уурхайн зэсийн үйлдвэрлэл 2023 оны зургаадугаар сар буюу 16-30 сараар дахин хойшлохоор болж буй аж. 

Чухам хэдэн сараар хойшилж, хэдий хэмжээний хөрөнгө нэмж оруулж, яг хэзээнээс үйлдвэрлэл эхлэх хугацааг 2020 оны хагас буюу зургаадугаар сарын үед “Рио Тинто” зарлана гэдгээ мэдэгдэв. 

Одоогоор гүний уурхайн төсөл анх зарлаж байсан хугацаанаасаа гурван жилээр ухарчихаад байна.