Үе үеийн ерөнхийлөгч тоосго тоосгоор нь эвлүүлсээр “шударга бусын хонгил”-ыг барьсан, түлхүүрийг нь бие биедээ шилжүүлж өгсөөр ирсэн.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн нэг гол зорилго: Энэ хонгилыг нураах.
Нурааж чадах эсэхэд өнөөдөр түлхүүрийг атгаж байгаа ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэг шийдвэрлэх үүрэгтэй.
Хонгил бодитой юу гэвэл бодитой.
Тухайлбал, 2013, 2015 онд шүүхийг өөрчлөн байгуулах үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн бүх шүүгчдийг дахин томилсон, гэхдээ нэр бүхий 13 шүүгчийг дахин томилохоос татгалзсан байна. Яагаад ингэж үзснээ тайлбарлаагүй, дараа нь янз бүрийн алдаа дутагдал гаргасан гэж хэлсэн. Гэвч хэн ч үнэмшээгүй.
Алдаа гаргасан юм бол ном ёсоор нь хариуцлага тооцохгүй яасан юм бэ?
Авилга авсан бол АТГ шалгахгүй яасан юм бэ?
Ийм л учраас энэ шийдвэрийг улс төрийн шалтгаантай гэж тооцдог, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж хуульчид одоо ч үздэг билээ.
Өнөөдөр шударга бусын хонгилоор чирэгдсэн тухайгаа зарим улс төрч зарладаг. Элдэв хэрэгт орооцолдох л юм бол шударга бусын хонгилоор намайг чирлээ хэмээн өндөр дуугаар чарладаг. Үнэн хэрэгтээ шударга бусын энэ хонгилд шүүгчдийг эхлээд оруулж бусдыг нь айлгах аргаар барьсан юм.
Шүүгч хэн нэгнээс хараат байвал ямар шийдвэр гаргах вэ? Даргад таалагдахгүй шийдвэр гаргаснаасаа болоод халагдах аюултай бол шүүгч хэрхэн шударга шийдвэр гаргах вэ?
Одоогийн байдлаар Монгол Улсын бүх шүүгч ганцхан хүнээс айдаг, түүнд үйлчлэхгүй бол “огцрох”, “нутаг заагдах” ялтай. Томилогдохоосоо эхлээд огцрох хүртэл бүгд нэг л хүнээс шалтгаална.
Шүүгчийг сонгон шалгаруулахаас эхлээд томилогдох, арга хэмжээ авахуулах, огцрох бүх шат ганц хүний эрх мэдэл, түүний томилсон хүмүүсээс шалтгаалдаг явдал бол “шударга бусын хонгил”-ын суурь бөгөөд энэ хонгилоор жирийн иргэнийг бүү хэл, нэг бус шүүгчийг чирсэн юм. Ингэж барьцаалагдсан шүүгч шударга ёсыг тогтоож чадах уу даа. Бүхнийг шийдэгчийн гар хөл болж хэнийг ч тэр хонгилоор чирэхэд л хүрнэ.
Хонгил бодитой. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүгчийн ёс зүйн хороо бүгд ганц хүнээс хамаардгийг таслан зогсоож, Үндсэн хуульд дараахь нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгаад байна:
Шүүгчид тавигдах шаардлагыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ зөвхөн Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзаж болно. Үндэслэлээ нийтэд заавал тайлбарлах шаардлагыг Ерөнхийлөгчид тавьж байна. Ингэснээр 13 шүүгчид тохиолдсон зүйл давтагдахаас сэргийлнэ.
Харин ШЕЗ, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийг Улсын дээд шүүх харьяандаа авахаар санал гаргаад байна.
Ингэвэл шударга бусын хонгилын түлхүүрийг Ерөнхийлөгчөөс аваад Дээд шүүхэд өгсөн хэрэг болно. Тэгээд ч, Дээд шүүхийн шүүгчийг томилох саналыг оруулдаг байгууллагыг Дээд шүүх өөрөө удирдана гэдэг уулаасаа утгагүй. Дээд шүүхийн шүүгчид хариуцлага оногдуулах байгууллагыг өөрөө удирдана гэдэг бүр ч ёс бус. Шүүгчийг томилдог, хариуцлага тооцдог байгууллага нь хоёулаа шүүгчдээсээ бүрддэг байвал бие биеэ хаацайлдаг, бүр ч мафижсан бүтэц рүү хөтөлнө. Системээ хамгаалсан шударга бус шийдвэрт хохирогсод цөөнгүй байгааг шүүхээс шударга ёсыг шаардах олон нийтийн дуу хоолойноос сонсож болно. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд шүүхийн шударга ажиллах нөхцлийг бүрдүүлэх заалт оруулахыг санал өгсөн нийт иргэдийн 90 гаруй хувь нь хүссэн. Энэ бол ард түмний хүсэл. Шударга ёсыг хүссэн эгэл ардын дуу хоолой. Үүнийг ойлгохын тулд хууль зүйн өндөр мэргэшил огт хэрэггүй.Эцсийн эцэст, хонгилын эзнийг солих биш, хонгилоо нураах явдал хамгийн чухал билээ.
Хүлээх үр дүн
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөөр шүүх бүхэлдээ, шүүгчид бүгдээрээ нэг хүнээс хараат байдгийг таслан зогсоохыг зорьж байна.
Шүүгчийг хараат бус байлгах үүрэгтэй ШЕЗ, шүүгчийг хариуцлагатай байлгах үүрэгтэй Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, тэдгээрийг томилох журмыг өөрчилснөөр “шударга бусын хонгил”-ыг нураах боломж бүрдэнэ.
“Шударга ёсыг тогтоох” явдал бүх зөвлөлдөх санал асуулга, олон нийтийн хэлэлцүүлгээр хамгийн их дэмжигдсэн. Энэ бүхнийг бодсон, судалсан, томьёолсон төсөл маань улстөрийн амбиц, байгууллагын явцуу сонирхолд хөтлөгдөн буруу тийшээ хазайх вий. Үүнд өнөөгийн улс төрийн хүчнүүдийг зориг, Ерөнхийлөгч Х.Баттулгын манлайлал, санаачилга шийдвэрлэх ач холбогдолтой.
Бас хонгилыг нураалгахгүй байх сонирхол хаанаас хэрхэн гарахыг л харах үлдлээ.
Үндсэн хууль, улстөр судлаач О.Машбат
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!