Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Үүрийнтуяа: “Legend” шоу залуучуудын ардын урлагт хандах хандлагыг өөрчилнө

Ц.Дуламсүрэн, Үндэсний шуудан
2019 оны 7 сарын 9
Үндэсний шуудан
Зураг зураг

Соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын харилцаа, аялал, жуулчлалыг холбосон Монголын энтертаймэнт брэндийг бие болгох зорилготой “Legend” шоу төсөл энэ сарын 7-нд эхэлсэн билээ. Таван хоног үргэлжлэх уг шоунд 120 гаруй уран бүтээлч оролцож байгаа юм. Шоу тоглолт эхлээд хоёр өдөр өнгөрсөн бөгөөд тоглолтын нэг хэсэг болсон уртын дуучин соёлын тэргүүний Д.Үүрийнтуяатай ярилцлаа.

-“Legend” тоглолт хоёр хоног үзэгчдэд хүрлээ. Сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Баярлалаа. Шоу тоглолт маань маш сайхан болж байна. Ирэх жилээс улам өргөжүүлбэл болохоор санагдсан шүү.

-Тоглолтын бэлтгэл ажлыг бүрэн хангаж чадсан байсан уу?

-Тийм ээ. Бид маш сайн хамтарч ажилласан. Манай зохион байгуулагчид баг маш сайн ажилладаг. Яагаад ингэж их магтаад байгааг гайхаж магадгүй. Учир нь уг тоглолтын гол онцлог нь ардын урлагийг тогтсон хэв маягаар нь гаргахыг хүсээгүй юм. Бүх зүйлийг шинээр хийж, найруулан бэлтгэсэн. Хувцас, тайз, дэлгэц хөгжмийг хүртэл манай продюсер Д.Түвшинсайхан маань эхнээс нь төгсгөл хүртэл цоо шинээр найруулж хийсэн байгаа.

 

-Ардын урлагт элдэв график, дүрслэл оруулж шинэчилснээр үзэгчдэд ямар үр нөлөө өгөх вэ?

-Ер нь бол ардын, үндэсний урлагт ханддаг манай залуучуудын хандлага нь өвөө, эмээ нар л сонсох ёстой гэсэн нийтлэг буруу ойлголт байгаад байна. Харин бид энэхүү шоуг санаачилж хийснээр залуучуудыг ардын урлагт татах, үндэсний өв соёлоо хадгалан үлдэх, шоуг үзээд цүү хаях гэж юу юм, утас, холбоогүй байсан эрт үед хэрхэн харьцдаг байсан гэх мэтчилэн ахуй амьдралын онцлогийг харууллаа. Чухамдаа техник технологиор дамжуулан залуучуудад уламжлалт соёлоо хүргэсэн гэж үзэж байна.

-Зорьсон үр дүндээ хүрч чадав уу?

-Зорьсон үр дүнгээсээ илүү гарлаа. Маш сайхан болсон.

-Зохион байгуулах баг хамт олон маш их таалагдаж байгаа бололтой?

-Тоглолтын баг их зоригтой. Уг шоу үзэгчдэд хүрэхэд яах ч аргагүй зохион байгуулалт, продюсерийн баг шинэ санаа, шинэ байр суурийг Монголын урлагт өөрчлөлт өгч байгаа юм. “Бэр цэцэг” найраглалыг тоглолтынхоо агуулга болгон оруулахын тулд 4-5 зохиолыг туршиж үзсэний үндсэн дээр сонгосон. Маш их сэтгэл гаргаж ажиллаж байгаа хүмүүстээ баярлаж байна.

 

-Таныг яагаад энэхүү тоглолтод оролцуулахаар сонгосон юм бол?

-Маш олон дуучныг шилж сонгосон. Би ч гэсэн хасагдвал яана даа гэж санаа зовж л суулаа. Чадварлаг сайн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн тоглолтод оролцож байгаа минь нэр төрийн хэрэг.

-Таны уран бүтээлүүд шинэ, содон зүйлийг оролцуулж хийхийг эрмэлздэг юм шиг харагддаг. “Legend” тоглолтын шинэ, өвөрмөц зүйлсэд уусахад ямар байв?

-Миний хувьд уртын дуучин болсноосоо хойш 10 гаруй жил уран бүтээл туурвиж байна. Ингэхдээ шинэ зүйл хийчих юмсан,, хөгжмийн найруулгыг өөр болговол зүгээр болов уу, эсвэл клипээ илүү содон болгоё гэх зэргээр аль болох орчин үеийн харагдуулахыг хичээж ирсэн.

Шинэ бүтээл болгон маань тодорхой нэг түвшингээр ахиж алхам алхмаар хөгжүүлэхийг зорьдог. Энэ шоуны хувьд миний хүсэж мөрөөдөж байсан шоуны нэг.

Бүх зүйл нь модерн, энтертаймент байдлаар гаргаж байгаа нь таатай. Зөвхөн ардын урлагийг биш балет, циркийн үзүүлбэр, бүжигчид, дуучдыг нэгтгэсэн. Дуучдыг дуулуулахаас гадна жүжиглүүлж, бүжиглүүллээ шүү дээ. Бид маш их хичээж, өөртөө өөрчлөлт хийх шаардлага болсон. Продюсер, найруулагчид маань жуулчдад үзүүлж буй тоглолт энгийн байх ёсгүй, Монголын урлагийг дэлхийн түвшинд аваачиж байж дэлхийд нэртэй болно гэж үзсэн учир маш амжилттай сайхан тоглолт болж байна.

-Энэхүү тоглолтын логоны утга учир юу вэ?

-Монголчуудын бэлгэдэл болсон муу зүйлийг оруулахгүй, сайхан зүйлийг хадгалж байх зорилготой “бад” гэж байдаг. Түүнийг шоуныхаа бэлгэ тэмдэг болгосон юм.

 

-“Алаг хоргой дээл” дууг ганцаараа дуулжээ. Нөхөртэйгөө хамтран ямар дуу дуулсан вэ?

-Д.Жавхаасайхан бид хоёр “Хун галуу” дууг дуулсан. Бид хоёроос гадна уг тоглолтод гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, Х.Эрдэнэцэцэг, О.Анхчимэг, Б.Алтанжаргал, Т.Баянжаргал, Б.Баатархүү нар оролцож нэг дуучин нэгээс хоёр дуу эгшиглүүлж байна.

- “Бэр цэцэг” найраглалаар энэхүү тоглолтыг хийж байгаа. Дуучин хүн жүжиглэхэд хэцүү байв уу?

-Бид.гоё дуулах ёстой л гэж боддог юм байна. Хоолойгоо сайхан гаргах, аль болох сайн нугалаа оруулах гэх зэргээр. Гэтэл найруулга ороод ирэхээр илүү дотоод зүрх сэтгэлээсээ дуулах, дууныхаа утга санааг гаргаж үзэгчдэд хүргэх шаардлага тулгарсан. Тиймээс дуулалтаа анхаарч, зохиолдоо хэрхэн тааруулах, ямар царай гаргах хэрэгтэй гэх мэт олон зүйл дээр ажиллаж, сурсан, Би жүжгийн гунигтай хэсэгт дуулсан юм л даа. Өмнө нь огт дуулж байгаагүй “Алаг хоргой дээл” гэсэн ардын дууг зохиолтойгоо уялдуулж дууллаа. Өөрийгөө багагүй өөрчилсөн шүү.

-Таны хувьд дуулахаас гадна, жүжиглэх авьяасаа харуулж байгаа юм байна. Кинонд тоглох санал ирж магадгүй байх?

-Урлагийнхан төрөл бүрийн авьяастай байх ёстой гэдэг. Би бий биелгээ бүжиглэх авьяастай. Зарим нЭГэн клип дээрээ бүжиглэж байсан. Киноны санал нэг удаа ирж байсан шүү. Гэхдээ нялх хүүхэдтэй байсан болохоор тоглож чадаагүй.

-Хэзээнээс кинонд тоглох бодол байна?

-Хэрэв урилга ирвэл зохиолыг нь харж байгаад тоглоно.

-Ардын хувцсыг ч өөр хэв маягт оруулан шинээр хийсэн юм байна. Таны дээл таалагдаж байна уу?

-Тоглолтод ардын урлагийн үзүүлбэр юм чинь хуучин үндсэн хувцсаа өмсчихгүй юу гэсэн байдлаар хойрго хандаагүй. Хувцсан дахь жижигхэн хэсэгт хүртэл анхаарал хандуулж, дизайнерууд тоглолт, зохиолтой холбон урласан. Надад маш шинэлэг санагдаж байгаа.

-Хувийн уран бүтээлийнхээ тухай яривал?

-Нөхөр болон ардын дуучин Б.Алтанжаргалтай хамтран “Мандах нар” гэсэн дууны клип хийж байна. Урлагт цаг хугацаа их ордог учраас наадмын дараа цацаж эхлэх байх. Мөн наадмын дараа дахин нэг шинэ дууны клип хийхээр болсон. Ер нь уран бүтээл маань маш амжилттай яваа.

-Та энэхүү тоглолтоос санаа авч шинэ дуу эсвэл хуучин дуугаа өөрчилж үзэгчдэдээ бэлэг барихыг хүсэж байна уу?

-Ер нь аль болох л тиймэрхүү уран бүтээл хийхийг хүсдэг. Би тоглолтоо “Legend” шоу шиг хийе гэсэн бодол байгаа. Үзэгчидтэйгээ хоёр жилийн турш уулзаж, тоглолт хийж чадсангүй. Хүүхэд маань бага байна л даа. Энэхүү тоглолт Монголын урлагт шинэ өнгө төрхийг авчирч, урлагийг шат ахиулсан байх гэдэгт итгэж байгаа. Тиймээс Д.Жавхаасайхан бид хоёр ч бас энэхүү зорилгод хувь нэмэр оруулж, үүнээс илүү тоглолт хийх бодол байна аа.

-Хэдийгээр хуучны дуу дуулж байгаа боловч үзэгчдэд шинэ хэмнэл, шинэ дуу сонсож байгаатай дүйцэхүйц мэдрэмж өгч чадсан уу?

-Яг тийм. Бид үзэгчдэд нөлөөлж хүргэж чадлаа гэж дүгнэж болно. Энэхүү тоглолтыг үзэхийг хүсэж байгаа хүмүүс гэр бүлээрээ ирээсэй гэж хүсэж байна. Наадмаар хүмүүс нээлт үзэхийг л чухалчлаад байдаг. Шаглаж зарж байгаа тасалбарыг өндөр үнээр худалдан авч үздэг бэрхшээлтэй зүйлсээс холдож өөр мэдрэмжийг гэр бүлтэйгээ хуваалцвал зүгээр юм болов уу.

-Цаашид анхаарахаар зүйл байв уу?

-Бид жуулчдаа түлхүү авч чадаагүй юм билээ. Ирэх жил жуулчны компаниудтай хамтран тоглолтоо сурталчилж 70 хувь нь гадаад хүмүүс, 30 хувь нь монголчууд гэсэн байдлаар үзвэл зүгээр юм болов уу гэж бодож байна.

Зураг