Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өв болгох аянд нэгдэхийг уриаллаа

ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Далай ээж” олон улсын эко соёлын аяны талаар зохион байгуулагчдын зүгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэхүү аяныг ЮНЕСКО-д Хөвсгөл нуурыг бүртгүүлэх зорилгоор "Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн", "Түгээмэл эрх хөгжил", "Дөрөв дэх өнцөг", "Захиргааны шинэ санаачилга" ТББ-ууд хамтран санаачилжээ.

Олон улсын эко соёлын аян энэ сарын 5-18-ны хооронд Улаанбаатар хот, Орхон аймаг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Хатгал суманд болно. Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрт  амьдарч буй найман орны зураач, дуучин, хөгжимчин, байгаль хамгаалагч идэвхтэн, хуульч зэрэг 50 хүний бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл нуурын төлөө сэтгэлээ нэгтгэн цугларах аж.

Хөвсгөл нуур Дэлхийн байгалийн өв болох гурван шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа
 
Гэрэл зургийг MPA.mn

“Аянаар дамжуулан Хөвсгөл нуурыг олон улсад таниулан алдаршуулах зорилготой юм. Далай ээж дэлхийн өв болсноор байгалийн болон соёлын  аялал жуулчлалыг хөгжүүлэх маш том боломж. Өнөөдөр дэлхийд цэвэр усны хомстол тулгамдаж буй асуудал болсныг та бүхэн мэднэ. Цэвэр усгүйгээс болж дэлхийд өдөрт 4,500 хүүхэд нас барж байна. Манай улс ч мөн адил цэвэр усны хангалттай нөөцтэй орон ч биш. Харин Хөвсгөл нуурын нийт усны эзлэхүүн 381 км куб байдаг нь дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг.

Гэхдуу нуурын усанд асуудал үүсэж эхэлсэн. Хэрэв асуудал үүсээгүй бол энэхүү санаачилга гарахгүй байсан байх. Өөрөөр хэлбэл, манай улсын хамгийн их цэнгэг усны нөөцтэй нуур учраас бид хайрлан хамгаалж, одоогийн байдлаас нь дордуулахгүй байхад анхаарах хэрэгтэй байна.

ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өв болоход тухайн байгалийн өв нь хосгүй, нөхөгдөшгүй, унаган байдлаа хадгалсан байх гурван шалгуур үзүүлэлт байдаг. Тэгвэл Хөвсгөл нуур нь энэ гурван шалгуур үзүүлэлтийг хангаж байгаа учраас бид дэлхийн өв болгохыг зорьсон" гэдгийг тус аяныг зохион байгуулагчдын нэг ”Хөвсгөл далайн эзэд” ТББ-ын тэргүүн Б.Баярмаа онцоллоо.

Аяны хүрээнд “Далай ээж”-ийн хүрээлэн буй орчны хог хаягдал, ариун цэврийн байгууламжаас шалтгаалсан орчны бохирдол, загас агнуур, худалдааны  загасчлал, усан завь, моторт дугуй ихэссэнээс үүдсэн зорчигчдын аюулгүй байдал болон цэнгэг усанд нөлөөлж буй аюул, эрсдэл зэрэг асуудлыг олон нийт, шийдвэр гаргагчдын анхааралд хүргэх нь дараагийн зорилго нь байна.

Түүнчлэн эрдэм шинжилгээний бага хурал, урлаг соёлын концерт, шоу тоглолт, уран зургийн дуудлага худалдаа, гудамжны дүрслэх урлагийн бүтээл урлах, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхийг дэмжсэн гарын үсэг цуглуулах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

 Тухайлбал, олон улсын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг энэ сарын 09-нд 20:00 цагт “On and Off” продакшны байранд зохион байгуулах аж. 

Иймээс Хөвсгөл нуурыг дэлхийн байгалийн өв болгох аянд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс нийт Монголчууддаа уриаллаа.