Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Ариунзаяа: Иогаар хичээллэснээр хүн өөрийнхөө сэтгэл санааг удирдаж чаддаг болдог

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 6 сарын 21
iKon.MN

Өнөөдөр олон улсын иогийн өдөр тохиож байна. Сүүлийн үед хүмүүс иогоор хичээллэх нь элбэг болжээ. Тиймээс бид иогийн төрлүүд болон иогоор хичээллэхийн давуу талын талаар Монголын агаарын иогийн холбооны үүсгэн байгуулагч, Ари-Иога студийн захирал Ц.Ариунзаяатай ярилцлаа.

 

- Иогийн хэчнээн төрөл байдаг юм бэ. Тэдгээрээс  Монголд түгээмэл хичээллэдэг Иогийн төрлүүдээс танилцуулахгүй юу?

-Иогийн хувьд маш олон төрлүүд байдаг. Монголд ихэвчлэн түгээмэл хичээллэдэг иогийн төрөл нь хатха иог буюу анхан шатны иог,  Виньяаса иог буюу урсгал байдлаар хичээллэдэг иог, Аштанга иог, Повер иог буюу илүү булин чангалж фитнесс дасгалууд хийдэг иог байна. Мөн агаарын иог, нүүрний иог, ахмадуудад зориулсан иог, жирэмсний иог буюу жирэмсний дөрвөн сартайгаасаа жирэмсний сүүл үе хүртэл хичээллэх боломжтой иогийн төрлүүд зонхилдог.

- Таны хувьд иогийн энэ олон төрүүдээс яагаад агаарын иогийг сонгон хичээллэх болов?

- Хамгийн анх би хатха иога буюу анхан шатны газрын иогоор хичээлэж байсан. Өмнө нь иог огт сонирхож байгаагүй. Манай хоёр найз иогт явдаг учраас надад санал тавьсан. Гэвч тухайн үед иогийн талаар ямарч мэдлэг, мэдээлэл надад байгаагүй болохоор зөвшөөрдөггүй байлаа. Тэгээд нэг удаа найз маань иогоор хичээллээд үз гээд хүчээр шахуу дагуулж ирж байсан юм. Тэр үеэс хойш иогоор хичээллээд би дөрвөн жил болж байна.

Долоо хоног л хичээллэхэд надад үр дүн мэдэгдсэн. Харин би багадаа циркээр хичээллэдэг байсан маань агаарын иогоор хичээллэхэд илүү нөлөөлсөн болов уу гэж боддог. Бага байхдаа циркд таазнаас унжсан даавуутай үзүүлбэр үзүүлдэг байсан.

 - Тэгвэл агаарын иогийн хувьд бусад иогийн төрлөөс юугаараа ялгаатай вэ?

- Агаарын иог нь газарт буулгүй ихэвчлэн таазнаас дүүжилсэн урт даавуун дээр дасгалуудаа хийдэг онцлогтой. Ихэнх эмэгтэйчүүдийн хувьд жин хасах гэдэг гол асуудал байдаг. Даавуунд ороосон байдлаар агаарт иогийн дасгал хийхэд биеийн бүх булчин чангардаг учраас турахад илүү хурдан үр нөлөө үзүүлж, целлюлитыг арилган галбиржуулж өгнө.

Мөн хамгийн чухал зүйл нь хүний эрүүл мэнд рүү маш чиглэсэн дасгалууд хийдэг. Нурууны ямар нэгэн зовуурьтай, хүзүүний шохойжилттой болсон, хөдөлгөөний дутагдалтай хүмүүс агаарын иогоор хичээллэхэд илүү тохиромжтой. Мэдрэлийн гаралтай өвчнүүдэд эерэг нөлөө үзүүлдэг.

Агаарын иогт хориглох цөөхөн заалт бий. Үүнд хагалгаанд орсон гам барьж байгаа бол болохгүй, хэт тогтмол өндөр даралттай болон жирэмсэн хүн болохгүй. Насны хувьд хүүхэд найман наснаас эхэлж 55 нас хүртэл явж болно. Мөн агаарын иогийн даавууны даац нь 400 килограмм байдаг ч бид 85 килограммаар хязгаарладаг.

Учир нь тухайн хүн өөрийгөө даах чадвар гэж бий. 85 килограммаас дээш жинтэй ч хичээллэж болно. Гэхдээ тухайн хүн маань биедээ хэт их ачаалал өгч ядраана гэсэн үг. Магадгүй тэр хүн 85 килограммаас дээш жинтэй бол эхлээд газрын аль нэг төрлийн иогоор хичээллэж хөнгөрч байгаад дараа нь агаарын иогоор хичээллэж болох юм.

Агаарын иогийн талаар хүмүүст их ойлголт муу байдаг. Хүмүүс хараад агаарт дасгалаа хийх юм байна, би чадахгүй байх гэж их айдаг байх. Гэвч хүн бүр үүнийг чадах учраас айх хэрэггүй. Манай холбоо агаарын иогийг 21 аймагт дэлгэрүүлэх зорилготой үйл ажиллагаагаа явуулдаг.

- Та сая дөрвөн жил иогоор хичээллэсэн гэж хэллээ. Энэ хугацаанд таны хувьд ямар өөрчлөлт гарсан бэ ? 

- Иог бол шинжлэх ухаан, анагаах ухаан хосолсон нэг төрөл зүйл гэж үзэж болно. Гэхдээ иогийн үр дүн хүн бүрт харилцан адилгүй байдаг. Нэг анги болж хичээллээд сарын дараа үр дүнгээ ярилцахад зарим хүний биеийн зовуурь арилсан байхад өөр нэг хүний сэтгэл санааны хувьд стрессгүй болж, нойргүйдэл нь эмчлэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл иог тухайн хүнд яг юу дутуу, юу илүү өөрийг нь зовоож байгаа тэр бүхнийг арилгах шидтэй. 

Миний хувьд бол биеийн зовуурь маань арилсан. Монголчууд бидэнд нэг муу зан байдаг нь өвдөөд болохоо болихоороо л эмнэлэг явдаг. Тэрнээс өвчнийг дөнгөж эхэлж байх үед нь ямар нэг арга хэмжээ авдаггүй.

Миний үндсэн мэргэжил make-up артист. Энэ мэргэжлээрээ би зургаан жил ажиллаж байна. Нүүр будна гэдэг бол өөрөө цаг наргүй, хөдөлгөөнгүй ажил. Үүний улмаас би хүзүүний шохойжилттой болж, нуруу маань нэг тал руугаа мурийж, суулт өгсөн учраас маш их зовуурьтай байсан. Хөдөлгөөн хийхийн тулд би хааяа нэг фитнесс, спиннингээр хичээллэдэг, сайн үр дүн гараагүй.

Өмнө нь яагаад өөртөө дасгал хөдөлгөөн хийх цаг зав их гаргаж чаддаггүй байснаа мэдэхгүй байна. Тэгээд байнга л барианд ордог байлаа. Харин иогийн дасгалууд хийдэг болсноос хойш тэдгээр зовууриуд арилсан. 

Үнэхээр хөдөлгөөний дутагдалтай байдаг бол нуруунд үүссэн асуудлыг та иогоор арга хэмжээ авч эдгээх боломжтой. Үүнийг би өөрийн биеэр мэдэрсэн учраас илүү олон хүмүүст хүргэхийг хүсдэг. Тиймээс л агаарын иогийн төрлийг түлхүү барьж хөгжүүлэхээр ажиллаж байна.

-Иогоор хичээллэхийн давуу тал нь юу вэ?

- Иог гэдэг бол зөвхөн өнгөн булчинтай харьцдаг дасгалууд биш. Харин хүний ясны бүтцээс нь эхлээд дотроос нь гадагш хүртэл бүх эрхтэнд нөлөөлж, биеийг эрүүл, зөв галбиртай болгоход чиглэсэн дасгалуудыг хийдэг. Тиймээс магадгүй та иогоор хичээллэж байгаад болих үе гарвал эргээд жин нэмэхгүй гэдгээрээ давуу талтай. 

Мөн иогоор хичээллэж эхэлснээс хойш ялангуяа эмэгтэй хүн яг тэр насандаа зогсдог гэж ярьдаг. Учир нь иог хүнийг залуужуулах дасгалыг хийж өгдөг. Мэдээж хөгширнө гэхдээ арай удаан хугацаагаар өөрийн залуу байдлыг хадгалах боломжтой.

Хамгийн чухал зүйл бол иогоор хичээллэж байгаа хүн эрүүл мэнддээ анхаарч байгаагийн илрэл. Яагаад гэвэл хүн ихэвчлэн гадаад орчинтойгоо харьцдаг. Харин нүдээ аниад өөрөө өөртэйгөө ярьж, өөрийгөө сонсож чаддаггүй. Тиймээс хүн иогоор хичээллэж өөрийнхөө бие махбод, дотоод сэтгэлээ сонсох боломжтой.

Миний хувьд мэргэжилдээ маш их дуртай. Тийм учраас цаг нарыг огт хайхрахгүй ажилладаг. Бусад хүмүүс ч бас эцсийн хүчээ шавхтал ажилладаг байх. 

Харин бидний бие организм тодорхой хэмжээгээр дохио өгөхөд түүнийг хүлээж авахгүй, тоохгүй явсаар л байдаг нь харамсалтай. Залуу, хөгшин гэлтгүй хүн бүр өөрийнхөө эрүүл мэндийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Та эрүүл байвал бүхнийг хийх чадвартай байна.

Эрүүл мэндээ хайрлана гэдэг нь гэр бүл, ойр дотнын хүмүүстээ хийж өгч байгаа хамгийн том бэлэг юм. 

Та ердөө долоо хоногт ердөө ганцхан удаа өөртөө нэг цагийг гаргах хэрэгтэй. Энэ нь таны өөрөө өөртөө зарцуулж байгаа хугацаа бөгөөд таны өөрийгөө сонсох цаг л гэж ойлгож болно.

Иогоор хичээллэсэн хүмүүс харьцангуй зөөлөн, тайван ч болдгийн учир нь тухайн хүний сэтгэл санаа гаднын харьяалалтай биш болж байгаа гэсэн үг. Иогаар хичээллэснээр хүн өөрийнхөө сэтгэл санааг удирдаж чаддаг болно гэсэн үг.

- Та сая эмэгтэй хүн иогоор хичээллээд тэр насандаа зогсдог гэлээ. Агаарын иогоор эрэгтэй хүн хичээллэдэг үү? Ихэвчлэн аль насны хүмүүс иогт явдаг вэ?

- Эрэгтэй хүмүүс ганц нэгээрээ ирээд хичээллэх нь ховор ч гэр бүлээрээ, байгууллагаараа иогт явах нь элбэг. Залуучуудын хувьд ер нь удаан хугацаагаар тууштай хичээллэдэг.

Ихэнх эрэгтэйчүүд удаан машин барих, гүзээ суух, таргалалтаас үүдэн нурууны их асуудалтай байдаг юм байна лээ. Ер нь эргэн тойрны бүх хүмүүс, ялангуяа байнга суудаг эсвэл зогсоо ажил эрхэлдэг хүмүүс байтугай сургуулийн хүүхдүүдэд хүртэл нурууны асуудал байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс эрчүүдэд ч агаарын иогоор хичээллэж болно.

Ер нь анзаараад байхад 45-аас дээш насныхан илүү эрүүл мэнддээ анхаардаг санагддаг. Нүүр будалтад охид нь ихэвчлэн ээжийгээ дагуулж ирдэг бол иогт эсрэгээрээ ээжүүд нь охидуудаа дагуулж ирэх нь элбэг байдаг. Тэд үр дүнг нь мэдрээд ирэхээрээ үр хүүхдийнхээ эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй гэдгийг ойлгодог юм болов уу.

Заримдаа ээжээсээ ч илүү хөдөлгөөний дутагдалтай болсон, тэнцвэрээ олж чадахгүй залуу хүмүүс байдаг.

Өөрөөр хэлбэл 20 настай охины бие организм, 55 настай хүнийхээс илүү муу байх нь бий. 

- Одоо зуны дэлгэр цаг ирж, охид бүсгүйчүүд маань турах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байгаа. Иогаар хичээллэвэл хэр хурдан хугацаанд жин хасах боломжтой вэ?

- Ерөнхийдөө хурдан жин хасдаг. Яагаад иог хурдан жин хасдаг гэхээр хүний бие организмын дотоод үйл ажиллагааг хэвийн түвшинд маш хурдан оруулж өгдөг. Хүний бодисын солилцоо хэвийн түвшинд ороогүй байж мянга хоолны дэглэм бариад нэмэргүй.

Гэхдээ ихэнх хүмүүс тоонд маш их ач холбогдол өгөөд байдаг нь буруу. Сайхан харагдахад галбир л чухал. Зарим хүмүүс иогоор хичээллээд жин хасахгүй байна ч гэж ярьдаг. Харин жингээрээ хасагдахгүй ч тойргоороо галбирждаг. Өөрөөр хэлбэл өөхний массаа хасаж, булчингийн массыг чангалж байдаг.

Харин зарим хүмүүс туранхай учраас би иогт явбал илүү турчихна гэсэн айдас байдаг. Иогаар зөвхөн тураах биш яг хүний байх ёстой хэвийн жинд нь л хүргэнэ.

Охид эмэгтэйчүүдийн гаргадаг нэг алдаа нь шинэ жилийн өмнө хурдан жин хаяна гэсэн зорилгоор ирдэг. Гэвч жингээ хасахад гол зорилгоо өгөх хэрэггүй. Дээр дурьдсанчлан сэтгэл санаа, бие махбодоо өөрийгөө сонсох үүднээс та иогоор хичээллэх хэрэгтэй.  

- Иогаар хичээллэхэд хоолны дэглэм барих шаардлагатай юу?

- Хооллолтын хувьд хичээл эхлэхээс нэг цагийн өмнө хүнд хоол идсэн байхыг л зөвлөдөг. Ерөнхийдөө хэт их хоолны дэглэм барьдаггүй. Хоолоо хэтрүүлэлгүй хэвийн хэмжээнд л идэх хэрэгтэй. Үнэхээр жин хасах гэж байгаа хүн бол орой 18:30-аас хойш л хоол идэхгүй байхад болно шүү дээ. Гэхдээ жингээ хасахдаа гол нь биш яаж эрүүл бие махбодтой болох вэ гэж л иогийг зорьж ирэх хэрэгтэй. 

Оюуны нар ТББ болон Монголын агаарын иогийн холбоо хамтарч олон улсын иогийн өдрийг тохиолдуулаад нийслэлийн зургаан дүүрэгт үнэгүй иог өдөрлөгийг хийж байна. Эхний ээлжид Хан-уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт хийсэн бол дараа долоо хоногт үлдсэн дүүргийг хамруулна. Энэхүү өдөрлөгт бүх иог сонирхогч хүмүүс хамрагдах боломжтой. 

- Цаг гаргаж бидэнтэй ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.

- Баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
Зураг
13 | 16 | 17 цаг