Хөвсгөл нуурын болон Онон-Балжийн байгалийн цогцолбор газруудад эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийн хүртээмжтэй хөгжлийг болон байгаль хамгааллын загварыг бий болгох зорилготой 38 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, Азийн Хөгжлийн Банкийг төлөөлөн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гарын үсэг зурлаа.
Энэ нь дархан цаазтай газрын удирдлагыг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр АХБ-наас Монгол Улсад олгож буй анхны зээлийн санхүүжилт болж байна.
Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт орших Хөвсгөл нуур нь Монгол орны хамгийн том цэнгэг усны нөөцтэй нуур юм. Харин Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Монголын түүхэн удирдагч болох Чингис хааны төрсөн нутаг.
Аялал жуулчлалын салбар 2017 онд улсын төсөвт 1.2 тэрбум ам.долларын орлого оруулан, 121,500 ажлын байрыг бий болгож, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг бүрдүүлсэн байдаг. Тус төслийг хэрэгжүүлснээр гадаадын жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын орлого хоёр дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.
Эх сурвалж: Азийн Хөгжлийн Банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!