Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/05-НД НИЙТЛЭГДСЭН

Морингийн давааны хатуу хучилттай замыг энэ онд багтаан ашиглалтад оруулна

Т.Саран, iKon.mn
2019 оны 6 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг ЗТХЯ-наас авав.

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Нисэхийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх 2.8 километр хатуу хучилттай авто зам, 10 дугаар хороо буюу Морингийн давааны 1.2 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлыг эхлүүллээ.

Авто замын барилгын ажлуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа юм.

Нисэхийн автобусны буудлаас Буянт-Ухаа 21 дүгээр гудамж хүртэлх 2.8 километр авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Ди Вэй Кэй Би” ХХК шалгарч, захиалагчийн хяналт, зөвлөх үйлчилгээг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хэрэгжүүлж байна.

Харин Морингийн давааны 1.2 километр хатуу хучилттай авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Заабар” ХХК, захиалагчийн хяналт, зөвлөх үйлчилгээг мөн “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ хэрэгжүүлж байгаа ба энэхүү хоёр замын барилгын ажлыг энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Дээрх замууд ашиглалтад орсноор орчны тоосжилт багасаж, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдан, нийтийн тээвэр явах бололцоо бий болж, нийт иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх юм. 

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо нь 10,000 орчим хүн амтай бол Морингийн давааны хэсэгт 770 өрхийн 3,000 орчим иргэн амьдардаг бөгөөд 1999 оноос эхлэн суурьшлын бүс бий болсон ч нийслэлийн авто замын сүлжээнд холбогдолгүй өдийг хүрчээ.

Салбарын сайд 2019-2020 оны Нэгдсэн төсвийн тухай хуульд саналаа хүргүүлж, дээрх хоёр чиглэлийн авто замын барилгын ажлын хөрөнгө оруулалтын асуудлыг тусгуулснаар Хан-уул дүүргийн 9, 10 дугаар хороо ийнхүү хатуу хучилттай авто замд холбогдохоор болсон байна.

 


Эх сурвалж: Зам, тээвэр хөгжлийн яам