Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-гоор шагналаа

ikon.mn
2019 оны 6 сарын 4
iKon.MN
 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн өнөөдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311-р ангийн Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг нийт 8 байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин, алба хаагч оролцож байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн нь жагсаалын бэлтгэл, буудлага, саадтай зурвас, хөнөөлийн голомтод ажиллах гэх мэт олон төрлөөр үргэлжилж алба хаагчдаас цэргийн бэлтгэл сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар шаардсан олон сорилтой юм байна.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

 

Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга:

Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид, хүндэт зочид төлөөлөгчдийн амрыг эрье.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд шалгаран оролцож байгаа нийт баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү марш-тусгай бэлтгэлийн тэмцээн чухал ач холбогдолтой бөгөөд тэмцээний цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж, алба хаагчид идэвхтэй оролцох болсон нь сайшаалтай хэрэг юм.

Монголын цэргийн болон хууль сахиулах алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэх явцдаа хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа гайхагдаж байдгийн нэгэн шалтгаан нь байнгын бэлтгэл сургуулилалт, харилцан ажиллагааг бий болгодог марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн гэж хэлж болно.

Энэ тэмцээнд түрүүлэх нь чухал хэдий ч оролцох, багийн ажиллагаагаа чадваржуулах, бие бүрэлдэхүүнээ сорих, хатуужуулах нь нэн тэргүүний зорилт юм. Тайван цагт хөлс их асгавал дайны цагт цус бага урсана гэж мэргэн үг байдаг. Байнгын бэлтгэл сургуулилалт, ямар ч сорилтод бэлэн байх чадвар бол улс орныг батлан хамгаалах, хууль сахиулах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн үндсийн үндэс гэдгийг ямагт санаж яваарай.

Нийт баг тамирчдад дахин өндөр амжилт хүсье.

Монгол цэргийн сүр хүч, яруу алдар мандан бадрах болтугай” гэлээ.

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав

 

Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв буюу Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн 33 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга тус ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай зарлиг гаргасан юм.

“…Олон улсын цэрэг, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагааны цэргийн багийн болон Улаанбаатар цэргийн хүрээний анги салбаруудын бүх төрлийн байлдааны болон бэлэн байдлын сургалт, дадлага явуулах гол бааз суурь болж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, Монгол Улсын зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангах, монгол цэрэг дэлхийн цэрэг болж үнэлэгдэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан тус ангийн үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг, офицерүүдийн гавьяа зүтгэлийг үнэлж, Хошууч генерал Гүрийн Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Дээрх зарлигийн дагуу Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах ёслол өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга оролцож, үг хэллээ.

“Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, алба хаагчид, хилийн цэргүүд ээ,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа,

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувиар Г.Рагчаагийн нэрэмжит Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хамт олонд 33 жилийн ойн баярын мэндийг хүргэж, ажил амьдралд нь өрнүүн амжилтыг хүсье.

311 дүгээр ангийн офицер дайчид, бие бүрэлдэхүүн нь Улаанбаатар цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн байлдааны бэлтгэл сургууль, буудлага, жолоодлого, команд штабын сургууль, тактикийн хээрийн сургуулиудын бэлтгэл ажил, ар тал, техникийн хангалтыг зохион байгуулах үүргийг амжилттай гүйцэтгэж ирсэн хамт олон юм.

Танай хамт олон Ирак, Сьерра Леон, Косово, Афганистан, Чад, Өмнөд Судан, Судан зэрэг дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн 100 гаруй цэргийн баг, 17 мянга орчим цэргийн алба хаагчийг ажиллагааны өмнөх сургалтад хамруулж, энхийг дэмжих ажиллагааны сургалт явуулах, зэвсэгт хүчний аварга шалгаруулах цэрэгжлийн спортын уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулж ирсэн анги хамт олон билээ.

“Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг зохион байгуулах болсноор гадаадын цэргийн 15 мянга орчим алба хаагчийг сурган дадлагажуулж, монгол цэргийг дэлхийн цэрэг хэмээн үнэлэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн хамт олонд 33 жилийн ойн баярыг нь тохиолдуулан Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг гардуулж байгаадаа би туйлын баяртай байна.

311 дүгээр ангийн хамт олонд дахин баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.

Монгол Улсынхаа төлөө зүтгэцгээе!” гэв.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба