Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Энхбат: Бизнес эрхлэгчид өөрсдөө боловсролд санаа тавих хэрэгтэй

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 30
iKon.MN
Арван жилийн өмнө хоёр ажилтан, хоёр техниктэй, 50,000 төгрөгтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан компани өдгөө 2000 гаруй ажилтантай, тэр дундаа Монголын 200 шилдэг инженерийг эгнээндээ нэгтгэсэн барилгын салбарын томоохон гүйцэтгэгч компани болон өргөжжээ. Энэ хугацаанд унаж, бүдэрч, олон зуун сая төгрөгөөр “шатаж” түүнээсээ суралцсаар байгууллагын алсын хараа, зорилго нь аяндаа урган гарсан тухай “Дельта Констракшн” компанийн ерөнхий зөвлөх Ц.Эрдэнэбат “Бизнес цэнэг” сургалт,  хэлэлцүүлгийн үеэр хуваалцав.

Амжилтад хүрсэн хүн бүрийн алдаа бүхэлдээ сургамж, хичээл байдаг билээ. Тэр ч утгаараа бизнесийн салбарт амжилт гаргаж яваа мэргэжлийн менторуудын тусламжтайгаар, практикт суурилсан сургалт, асуудлыг шийдсэн хэлэлцүүлэг бүхий “Бизнес цэнэг” арга хэмжээг Business.mn сайтаас анх удаа зохион байгуулав. Сургалтад нийслэл болон орон нутагт бизнес эрхэлж байгаа болон гарааны бизнес эхлүүлж буй удирдах түвшний 150 орчим төлөөлөл бизнесээ шинээр томьёолох, хөгжлийн шинэ гарц нээх боломжоо эрэлхийлэн иржээ.

Business.mn сэтгүүлийг санаачлагч, “Хархорум дижитал” компанийн ерөнхий захирал Д.Энхбат энэхүү сургалтын ач холбогдлыг “Монголын бизнесийн амьдралыг, бизнесмэн хүмүүсийг улам эрчтэй, хурдтай явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой” хэмээн тодорхолсон юм.

Сургалтын үеэр тавьсан илтгэлүүдээс таны бизнест дэм болох үнэтэй зөвлөгөөнүүдээс эшлэн хүргэе.

НЭГ. Амжилт бол зорилго. Зорилготой амьдар

 
Гэрэл зургийг MPA.mn

NCS компанийн Гүйцэтгэх захирал Д.Болор:

  • Бизнес хийхдээ өнгөц бодож, шууд хуулбарлах гэж оролддог. Тухайн бизнесээ сайтар судалж, ойлгож байж хөл тавих хэрэгтэй.
  • Зарим хүн өөрийнхөө хийж байгаа ажлыг арай томоор хийхийгээ бизнес гэж ойлгодог. Тэгээд уулзахаар “Бизнес маань өсөхгүй, ахихгүй” байна гэдэг. Тэр бизнесээ сайн судлах хэрэгтэй.
  • Бизнес санаа танд төрлөө гээд сэтгэлийн хөдлөлөөр хийвэл унана.
  • Ялгарал байхгүй бол хол явахгүй. Олон улсад бизнесийн 75% нь үүсгэн байгуулагчийнхаа үед унаж, зогсдог.   
  • Амжилт бол зорилго. Зорилготой амьдар.
  • Монгол Улсын хамгийн чухал зүйл бол дэлхийн бизнесийн сүлжээнд, аль нэг хэсэгт нь орж хөгжих.
  • Хамтарч бизнес эхлүүлж байгаа бол анхнаасаа тоглоомын дүрмийг нарийн тохирох хэрэгтэй. Бүх зүйл тодорхой байх хэрэгтэй.
  • Ажилд хүн сонгож авахдаа мэргэжлийн чадвараас гадна хүнтэй ажиллах, хүнийг ойлгох, мэдрэх гэх мэт зөөлөн чадваруудыг харгалзах хэрэгтэй.
  • Хүмүүс яагаад тухайн ажилд тогтохгүй гараад байна вэ? Зөв соёл, халуун дулаан уур амьсгалтай газар ирсэн хүн ажлаасаа тийм амар гараад явчихдаггүй.
  • Эцсийн эцэст хүн урмаар л тэжээгддэг. Хүнтэйгээ харилцаж, ярилцаж, гэрэл гэгээтэй талыг нь харах хэрэгтэй.
  • Сэтгэлтэй, зүтгэлтэй ажилтантай байна гэдэг тийм амар биш. Маш их хөрөнгө оруулалт хийдэг. Үүний тулд аав, ээж, ах дүү шиг нь сэтгэл гаргах хэрэгтэй болдог.
  • Баг, хамт олон нэг зүгт хандчихвал аяндаа бүх үзүүлэлт эерэг гардаг.

ХОЁР. Залуучууд бэрхшээлээ биш, мөрөөдлөө урдаа тавьдаг байгаасай

 

“Дельта Констракшн” компанийн ерөнхий зөвлөх, гавьяат инженер Ц.Эрдэнэбат:

  • Алдагдлыг алдагдал гэж биш, суралцах боломж олгож байна гэж хүлээж авч байгаарай.
  • Үргэлж суралцах ёстой. Удирдлага талаасаа ч, ажилтнууд ч тасралтгүй суралцах хэрэгтэй.
  • Бид “Самсунг” корпорацтай хамтран ажиллахдаа 200 сая төгрөгийн алдагдал хүлээсэн. Гэхдээ тэр нь 200 сая төгрөгийн үнэтэй маш том сургалт байсан.
  • Компаниа байгуулаад ажиллах хугацаанд надад олон боломжууд, гоё саналууд ирж байсан. Ашиг ч их олох боломж байсан. Гэхдээ би Монголын барилгын салбарт мэргэжлийн том гүйцэтгэгч заавал байх ёстой гэж үзэж хувийн эрх ашгаа үл харгалзсан. Тиймээс бизнесийн зорилгоо хэзээ ч хувийн эрх ашиг, түр зуурын их мөнгөнөөс болж өөрчилж, холбирохгүй байх хэрэгтэй.
  • Бизнес эрхлэгчдийн хамгийн том алдаа нь “алдахгүй” гэсэн сэтгэл.
  • Залуучууд бэрхшээлээ биш, мөрөөдлөө урдаа тавьдаг байгаасай.

ГУРАВ. Стратеги бол өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг

 

GSM институтийн захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал:

  • Менежерүүдийн 95 хувь нь юуны төлөө өглөө ажилдаа ирж буйгаа мэддэггүй.
  • Стратегиэ гаргахад заавал цаг гаргах хэрэгтэй.
  • Баялаг бүтээгчдийг үзэн ядах болсон нь маш буруу хандлага.
  • Өөрөө өөрийгөө дахин шинэчилж чадсан компаниуд 100-200 жил оршин тогтнож чадсан байдаг.

ДӨРӨВ. Хүний нөөцийг буруу ашиглавал зардал, харин зөв ашиглавал баялаг болно

 

Ганабелл институтийн Гүйцэтгэх захирал П.Гандолгор:

  • Элон Маскийн толгойд байсан тэр санаануудыг хэрэгжүүлснээр таван шинэ бизнес бий болсон. Тэгвэл хүний нөөц гэдэг зөвхөн бие биш тэр хүний оюуны маш том нөөц байдаг. Харамсалтай нь хүний нөөцийг компаниуд “зардал” гэж хардаг.
  • Хүний нөөцөө зардал гэж хардаг учраас хүмүүсийг дутуу үнэлдэг тул тэднээс инновацлаг, шинэ санаа гардаггүй. Ингээд нэгнээсээ хуулбарлаж ажилладаг.
  • Хүний нөөц компанийн үнэ цэнийг өсгөдөг.
  • Хүний нөөцийг буруу ашиглавал зардал, харин зөв ашиглавал баялаг болно. Энэ бол хоёр эртэй хутга.
  • Компаниуд хүний нөөцийн сонгон шалгаруулалт дээрээ анхаардаг хэрнээ тэр хүний соёлдоо уусгаж, өөрийн болгож чаддаггүйгээс хүн ажлаас гардаг.
  • Сүүлийн үед байгууллагуудын ирээдүйг харахаас илүүтэй менежментийн баг, хүний нөөцийг нь харж хөрөнгө оруулах хандлага бий болсон.
  • Хүний нөөцөө ойлгож, хөрөнгө оруулж чадсан компаниуд томорч, үндэстэн дамнасан корпорац болж өргөждөг.
  • Хүн өндөр цалинд биш, сэтгэлийн дуудлагаар тухайн компанийн нэг хэсэг болдог.

ТАВ. Бизнесийнхэн өөрсдөө санаачилга гаргах хэрэгтэй

 

Business.mn сэтгүүлийг санаачлагч, “Хархорум дижитал” компанийн ерөнхий захирал Д.Энхбат:

  • Бизнест бүх төрлийн асуудлууд үргэлж байдаг. Гэхдээ асуудлуудыг өөр аргаар, өөр хандлагаар, өөр нүдээр харвал шийдэл заавал байдаг. Жишээ нь, маш олон зүйлийг төр засаг, улс төрөөс хамаарч байна гэж ярьдаг бол нөгөө талаар бизнесийнхэн өөрсдөө улс төрд нөлөөлж чадахгүй байна. Нөлөөлөхийн тулд хамгийн чухал нь бизнес эрхлэгчид нэгдэж, зорилгоо олж харж, бизнесээ шинэ түвшинд томьёолох ёстой.
  • Үнэн чанартаа улстөрчид дунд амьдралдаа бизнес хийж, нэг хүн ч удирдаж үзээгүй хүн олон бий. Тийм учраас санаачилгыг бизнесийнхэн өөрсдөө гартаа авах хэрэгтэй.
  • Хүмүүсээ сургах асуудал хамгийн чухал. Дөрвөн жил дээд сургуульд сурч болно, дараа нь 40 жил компани нь, бизнес эрхэлгчид өөрсдөө боловсролд санаа тавих хэрэгтэй. Тиймээс бизнесийн сургалтын тогтолцоо ямар байх, тасралтгүй, насан туршийн сургалтын тогтолцоо ямар байх вэ гэдэг дээр бизнесийнхэн өөрсдөө санаачилга гаргах нь зүйтэй.