Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол айл бүрт хөтөч болох “Эрүүл удам” ном хэвлэгдэн гарлаа

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хүн амын хэт нягтрал, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал баталгаагүй болж буй зэрэгтэй холбоотойгоор ургийн гажиг, өсөлтгүй жирэмслэлт зулбалт, амьгүй төрөлт, жирэмсний хүндрэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь нийгэмд түгшүүр үүсгэсэн асуудал болжээ.

Тэгвэл Монгол Улсын Ардын эмч, клиникийн профессор Б.Үйлст, түүний шавь, Эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Түвшинжаргал нар ургийн гажиг үүсэхээс сэргийлэх, гэр бүл эрүүл байж, хэрхэн эрүүл жирэмсэлж, эрүүл хүүхэд төрүүлэх, жирэмсний хүндрэлээс яаж урьдчилан сэргийлэх талаар тусгасан “Эрүүл удам” номыг эмхэтгэн гаргажээ. Эх барих, эмэгтэйчүүдийн эмч М.Түвшинжаргал нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох Монголын анхны цахим хуудас болох eruuludam.mn сайтыг 2010 онд үүсгэн байгуулсан билээ.

“Хэн бусдад бурууг тохно, тэр эрх мэдлээ алдана” хэмээн германы мэргэн үг байдаг. Энэхүү номын гол санаа нь хувь хүн, гэр бүлийн эрүүл мэндийн боловсрол, үүрэг хариуцлагыг дээшлүүлснээр тохиолдож болох эрсдэл, хүндрэлээс сэргийлэх, нөгөө талаас эмнэлгийн ажилчид болон жирэмсэн эмэгтэйчүүдийн хоорондын ойлголцол, хамтын ажиллагаанд гүүр болох чухал ач холбогдолтой бүтээл болжээ.

Ургийн гажиг, жирэмсний хүндрэлийг үүссэн хойно нь оношилж, эмчлэх бус, үүсэхээс  урьдчилан сэргийлэх нь орчин үеийн анагаах ухааны гол зорилго болоод байгаа билээ.

Энэхүү хөтөч ном нь нотолгоонд суурилсан анагаах ухааны орчин үеийн онол, жирэмслэлт, жирэмсний хяналт, төрөлтийн талаарх сүүлийн үеийн мэдээллийг агуулсан, айл бүрт зайлшгүй байх хэрэгтэй ном болсон байна.

Монгол хүний удмын санг эрүүл авч явах нь зөвхөн нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд, эмч нарын үүрэг хариуцлага бус эр нөхрүүдэд мөн адил хамааралтай, хамтын ажиллагаа болохыг номын зохиогч онцолжээ.

Иймд үр хүүхэдтэй болохыг төлөвлөж байгаа хос болгонд жирэмсэн болохын өмнөх үеэс эхлээд бяцхан үрээ өлгийдөн авах баярт мөч хүртэлх урт, адармаатай аяллын туршид хамгаас үнэтэй эрүүл мэндээ хамгаалахад тань “Эрүүл удам” ном хөтөлж, туслах болно.