Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

Цахим боловсрол ашиглан супер АМЖИЛТАД хүрсэн 6 хүний нэгээр М.Баттүшиг бичигджээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг

-Боловсролын тэгш бус байдлыг бууруулъя-

"Боловсрол тэгш бус байдлын шалтгаан болох нь" сэдвийг ikon.mn сайт хөндөж, цуврал нийтлэлүүдээ хүргэсээр байгаа билээ. Энэ хүрээнд тэгш бус байдлыг бууруулах арга, шийдлийг мөн бид эрэлхийж, уншигчдадаа хүргэхийг зорьж буй юм.

Боловсролын тэгш бус байдлыг бууруулахад цахим буюу алсын зайны сургалт бас нэгэн шийдэл болох боломжтой тул доорх мэдээллийг орчуулан хүргэж байна.  


Уламжлалт танхимын сургалт болон цахим сургалтыг харьцуулсан MIT-ийн 2014 онд хийсэн судалгаагаар гайхалтай үр дүн гарсан байдаг. Тодруулбал, цахимаар суралцагчдын үр дүн хавьгүй өндөр байсныг уг судалгаа харуулдаг. Түүгээр зогсохгүй "Зөвхөн өмнө нь боловсрол эзэмшчихсэн хүмүүст л цахим сургалт илүү өгөөжтэй" хэмээх өрөөсгөл шүүмжлэлийг уг судалгаа өөрчилсөн юм. 

Stonebridge.uk амьдралын нөхцөл байдлаас шалтгаалаад суралцах боломж ялгаатай байсан ч алсын зайны сургалтаар боловсролоо дээшлүүлж, карьераа өсгөн өндөр амжилт гаргаж чадсан зургаан хүнийг танилцуулсан бөгөөд үүнд Монголын авьяаслаг хүү М.Баттүшиг багтжээ. 



Арнольд Шварцнеггер

 

Калифорни мужийн амбан захирагч болох тэрбээр дунд сургуульдаа дундаж сурлагатай нэгэн байв. Харин түүнд дутагдаж байгаа ганц зүйл нь боловсролын зэрэг гэдгийг Шварцнеггер 31 насандаа ойлгожээ. Улмаар тэрбээр цахим сургалтын давуу талыг ашиглан олон улсын бизнес, эдийн засгийн бакалаврын зэргээр суралцахынхаа зэрэгцээ харилцааны чиглэлээр давхар сурч дүүргэснээр Мужийн захирагчид итгэлтэйгээр нэр дэвшсэн байдаг.  

Шакил О'нил

 

Алдартай сагсанбөмбөгч маань Луйсианагийн их сургуулийг бизнесийн чиглэлээр төгссөн хэдий ч үргэлжлүүлэн Фиониксийн их сургуулийн онлайн магистрын хөтөлбөрт хамрагджээ. Тэрбээр "Энэ нь зүгээр л бодит амьдрал дээр намайг сэргээх нэгэн хүчин зүйл болдог. Зарим өдөр би бөмбөгөө орхиод бусад шиг 9-5 цаг хичээллэх болдог" гэжээ.  

"Шалтаг хэрэггүй" хэмээн хэлэх дуртай тамирчин Шакил О'нил Бэрригийн их сургуулийн докторын хөтөлбөрийг мөн амжилттай дүүргэсэн байна. 

Хиллари Дафф

 

20 нас хүрээгүй байхдаа Холливуудын ертөнцөд амжилт гаргаж чадсан жүжигчин, дуучин Лиззи МакГвайр Харвардын богино хугацааны нэмэлт цахим сургалтын хөтөлбөрт хамрагджээ. 

Үргэлжлүүлэн суралцах шийдвэр гаргасан нь түүнд багагүй ур чадвар олгосон төдийгүй хөгжмийн ертөнцөд хамгийн өндөр орлоготой нэгэн болоход хөтөлсөн гэдэг.

Нельсон Мандела

 

Нельсон Мандела бакалаврын зэргээ Өмнөд Африкийн их сургуулийн цахим сургалтаар олж авсан байдаг. Улмаар тэрбээр Витсвотерсрандын их сургуульд хуульч мэргэжлээр үргэлжлүүлэн суралцжээ. Шоронд хоригдсон ч залуу Мандела суралцсаар байсөн бөгөөд шоронгийн ажилтнууд болон хоригдлуудад хуулийн зөвлөгөө өгдөг байсан гэдэг.

Марсиа Кросс  

 

"Яахаас ч буцахгүй эзэгтэй нар" киногоороо олонд танигдсан жүжигчин Марсиа Кросс нэр хүнд бүхий Жульяардын их сургуулийг урлагийн чиглэлээр 50 хувийн тэтгэлэгтэйгээр сурч дүүргэжээ.

1993 онд нөхрөө хүнд өвчнөөр алдсан түүний сонирхлыг хүмүүс, тэдний сэтгэл зүрх ихэд татсан нь боловсролдоо эргэн анхаарч, Антиохын их сургуульд сэтгэл судлалын мастераар суралцахад хүргэсэн аж.

Мянганбаярын Баттүшиг 

 

Дэлхийн цахим боловсролд жүжигчин биш, Мянганбаярын Баттүшигийн түүх чухал байр суурь эзэлнэ. Тэрбээр 13-17 насандаа MIT-ийн нээлттэй онлайн сургалтын хөтөлбөрт хамрагдан, электроникийн чиглэлээр амжилттай суралцаж төгссөн Монголын гайхалтай авьяастай хүү юм.

Ийнхүү суралцсаныхаа дараа М.Баттүшиг өөр шигээ дунд сургуулийн хүүхдүүдэд туслах зорилгоор видео лекцээ гаргаж эхэлсэн байна. Түүгээр зогсохгүй MIT-ийн Нээлттэй онлайн сургалтыг хөгжүүлэх ажлын санал авч, энэ чиглэлээр идэвхтэй ажилласан байдаг. Тэрбээр цахим сургалтад маш үр дүнтэй хамрагдаж чадсан цөөхөн хүмүүсийн нэг бөгөөд гэрээсээ суралцах боломжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахаар зорьж байна. 



Энэ жагсаалтад цахим сургалтаар амжилт гаргасан бүх хүн багтаагүй ч боловсролтой, тэр ч бүүхэл нэр алдарт хүрсэн хүмүүс ч сурч, хөгжихдөө хөрөнгө оруулсан хэвээр байдгийг харуулж буй юм. Түүнчлэн цахим сургалтад итгэдэггүй хэсэг байсаар байгаа ч хүмүүс зайны сургалтыг сонгон, амжилт гаргасаар байдгийг тэмдэглэе.

 

Эх сурвалж: stonebridge.uk