Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Титаникийг нь живүүлсэн Авенжерст найруулагч Жэймс Камерoн баяр хүргэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Диснейн Марвел студийн сүүлийн уран бүтээл “Avengers: Endgame” нь киноны салбарын олон дээд амжилтыг тогтоосоор байгаа.

Уг бүтээл саяхан дэлхийн зах зээлээс олсон кинотеатрын орлогоор “Титаник” киног гүйцэж ардаа орхисон юм. Жэймс Камероны найруулсан энэ кино өмнө нь орлогоороо түүхэнд хоёрдугаарт бичигддэг байсан бол одоо гуравдугаар байранд шилжээд байна.

Одоо зөвхөн “Avatar” кино “Avengers: Endgame”-ийн урд байгаа юм.

Лхагва гарагийн орой нэрт найруулагч Жэймс Камерон Марвел студийн уран бүтээлчдэд сошиал хуудсаараа дамжуулан баяр хүргэжээ.

Тэрээр Титаник хөлгийг Авенжерсийн лого живүүлж байгаа зураг нийтлээд тайлбарт нь “Кэвин болон Марвелийн бүх хүмүүст. Жинхэнэ Титаникийг мөсөн уул живүүлсэн. Харин миний Титаникийг Авенжерс живүүллээ. Lightstorm Entertainment-ийнхан бүгдээрээ та бүхний гайхамшигтай амжилтад баяр хүргэж байна. Та бүхэн киноны салбар амьд, сайн байгааг харуулаад зогсохгүй, улам том болж байгааг харууллаа! Жим Камерон” хэмээн бичжээ.

Өмнө нь Камерон Авенжерсийн талаар таагүй үг хэлж байсан удаатай бол энэ удаа баяр хүргэсэн нь сайшаалтай юм. Түүний хэлснээр киноны бизнес цэцэглэн хөгжиж байгааг Авенжерсийн амжилт харуулж байна.

 

Эх сурвалж: Mashable